Тансаг бүтээгдэхүүний зах зээлийн хүнд үе ард үлдэв

696
Тансаг бүтээгдэхүүний зах зээлийн хүнд үе ард үлдэв

 

 

Ральф Аткинс Баргар нэгэн жилийг үдсэний дараа тансаг цаг, үнэт эдлэлийн зах зээлд сэргэлтийн найдвар тээсэн оч хаяж эхэллээ. Пүрэв гарагт нээсэн Baselworld шоунаас швейцарь цагны зах зээлийн төлөв байдлын талаар Ральф Аткинс тоймлон хүргэж байна. Тэрбээр маш сайн хийсэн цагны эд анги, үнэт эдлэлийн борлуулалт идэвхжиж эхэлсэн нь дэлхийн хамгийн том брэндүүд дахин өсөхийг илэрхийлнэ хэмээн дүгнэсэн байна.

Энэ салбарынхан 2016 оныг мартсан нь дээр. Швейцарь цаг үйлдвэрлэлийн холбооны хэлж буйгаар үнэт, тансаг эдлэлийн зах зээлийн барометр болдог швейцарь цагны экспорт 2016 онд өмнөх жилийнхээс бараг 10 хувиар багасчээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, Европыг зорих хятад жуулчдын тоо тэвдэл төрүүлэм цөөрөн, террорист халдлагаас үүдсэн айдас хийгээд Brexit-ийн улмаас фунт стерлингийн ханш суларсан зэрэг нь дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндийг сөхрүүлсэн гол шалтгаанууд.

Гэхдээ салхи эргэжээ. Нэгдүгээр сард тансаг бүтээгдэхүүний конгломерат болох LVMH-ээс эрхлэн гаргадаг Bulgari, TAG Heuer брэндийн үнэт эдлэлийн борлуулалт 2016 оны дөрөвдүгээр улиралд оны эхэн үетэй харьцуулахад найман хувиар өсчээ. Харин бүтэн жилээр нь авч үзвэл 2015 оныхоос таван хувиар тэлсэн байна.

Cartier, Vacheron Constantin болон Piaget брэндийн үйлдвэрлэгч Richemont-ийн борлуулалт, санхүүгийн төлөв ч хамгийн хүнд үе эцэс болсон гэдгийг илтгэж байна. Өнгөрсөн жил Richemont ажлын байраа танаж, нөөцөө барагдуулахын тулд бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн худалдан авч, тэр ч байтугай брэндийн нэрээ ч "аньж” байлаа.

Харин Женевт байрладаг Richemont группийн борлуулалт 2016 оны сүүлчийн гурван улиралд өмнөх оныхоос таван хувиар нэмэгдсэн аж. Ази, Номхон далайн зах зээл дэх борлуулалт 10 хувиар өссөний дийлэнх нь Хятад, Өмнөд Солонгосын худалдан авалтын үр дүн юм. Бас Их Британид жуулчдын худалдан авалт идэвхжсэнээр бүс нутгийн үзүүлэлтэд жин дарсан байна.

Тэгвэл Omega, Tissot брэнд болон өөрийн нэрээр нэрлэсэн хуванцар цагны эзэн компани болох Swatch-ийн борлуулалтын өсөлт 2017 онд ч эрүүл төлөвтэй байна. Гэвч Swatch хэтэрхий өөдрөг байгааг ажиглагчид анхааруулав. Хүнд хэцүү гэгдэх өнгөрсөн жил Swatch ажлын байраа цомхотгоогүй бөгөөд нөхцөл байдлыг түр зуурын шинжтэй гэж үзэж байсан билээ.

Хэрэв сэргэлт тогтвортой үргэлжилбэл швейцарь цагны экспорт ч өсөх нь гарцаагүй. Тэгэхдээ хэт хурдтай өсөх нь юу л бол. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар нэг жилийн хугацаанд цагны экспорт 6.2 хувиар хумигдсан нь уналтын хамгийн доод цэгт хүрээгүй ч байж мэдэхийг илтгэж буй. LVMH- ийн ТУЗ-ийн дарга Бернар Арно "2016 онд ажиглагдсан бага зэргийн сэргэлт нь геополитик, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой” гэв. Тансаг бүтээгдэхүүний салбарт цаг нь ямагт үнэт эдлэлийн дараа ордог бүтээгдэхүүн гэж шинжээчид үздэг тул асуудал амаргүй байх нь тодорхой юм.

"Baselworld шоунд оролцох шинэ загваруудын хувьд өндөр үнэтэй, үнэт эдлэлтэй арай ойр гэдэг утгаар нь эмэгтэй цаг илүү сонирхол татах болов уу. Тэгээд ч үнэт эдлэлийн зах зээл цагтай харьцуулахад сайн байгаа” хэмээн Швейцарийн Vontobel арилжааны банкны шинжээч Рене Уэбер тайлбарлав.

Тэгвэл Citigroup-ийн тансаг бүтээгдэхүүний капиталын судалгааны газрын тэргүүн Томас Шове "Энэ салбар харин ч дөнгөж хумигдах шатандаа ирж байна. Хэдийгээр тоон үзүүлэлтүүд тийм муу биш байгаа ч хөрөнгө оруулагчид хамгийн хүнд үедээ байгаа гэдэгт итгэхийг хүсээд байна шүү дээ. Өнгөрсөн 10 жилд хангалттай инноваци нэвтрээгүй хэдий ч бүтээгдэхүүний үнэ маш их өссөн. Өөртөө хэт бардахын аюул гэж бий. Эцсийн эцэст ухаалаг цаг үйлдвэрлэх нь швейцарь цаг үйлдвэрлэгчийн биш, харин технологийн компаниудын хийх ажил шүү дээ” гэв.

Яг үнэндээ цаг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтөд дасан зохицохгүй байна. Бас хэрэглэгчид ч тансаг бүтээгдэхүүний сонголтыг буруу өнцгөөр харж ирсэн нь цагны салбар орчин үетэйгээ хөл нийлүүлж чадахгүйд хүргэсэн гэдгийг тэрбээр тайлбарлав.

Ялангуяа тансаг зэрэглэлийн цагны тухайд борлуулалт улам багассан. Хятадад өрнөж буй авлига болон татвараас зайлсхийхийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаа болон Хонконгийн зах зээлд үүссэн их хэмжээний илүүдэл нь энэ бүхний шалтгаан. Бас үнэтэй, швейцарь, механик цаг нь арвич хямгач эрин үед хэр зэрэг зөв зүйтэй сонголт болох талаар олон жил маргалдаж буй.

Хамгийн үнэтэй нь л гэхэд 3000 швейцарь франкаас давдаг байсан тансаг цагны үнэ 2016 онд хамгийн ихээр буурсан. Харин эргэн сэргэх итгэл найдвар гэвэл АНУ-ын эдийн засгийн өсөлт, Европын аялал жуулчлалын сэргэлт л байна. Мөн салбарын гүйцэтгэх захирал, шинжээчид швейцарь цагны үйлдвэрлэлийг урт хугацаанд савлуулж мэдэх ухаалаг цагны талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа билээ.

Baselworld-ын шоунд Fitbit, Jawbone зэрэг зүүсгэл технологийн үйлдвэрлэгчдийн бүтэлгүйтлээс авах таашаал бий. Ухаалаг утасны араас зах зээлийг байлдан дагуулж, швейцарь цагны үнэ уруудахад нөлөөлөх хамгийн гол хүч гэж үзэж байсан эдгээр үйлдвэрлэгчийн бүтээл хэрэглэгчдийн хүлээлтэд хүрсэнгүй.

Харин швейцарь цагны хамгийн том, цор ганц зах зээл болон үлдсэн Хонконгод нөөц бууруулах арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. Борлуулалтын түгээлтийн сүлжээг сайжруулахын тулд Richemont Азид TimeVallйe гэх multi-brand стратеги буюу бүтээгдэхүүний нэр төрлүүд тус бүрт өөр өөр брэндийн нэр өгч борлуулах аргаар ажиллаж байна. Үүнийг замчлах анхны дэлгүүрээ 2015 онд Наньжинд нээсэн. Дараа нь Токиод бас нэг салбар байгуулсан. Харин ондоо багтаад дахиад гурван дэлгүүр босгохоор төлөвлөжээ.

Засгийн газрын мэдээ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>