40 тэрбумын хэрэгтэй Б.Гарамгайбаатар Г.Дэнзэн шиг толгойгоо илүүлээд өнгөрөх үү?

817

 

40 тэрбумын хэрэгтэй Б.Гарамгайбаатар Г.Дэнзэн шиг толгойгоо илүүлээд өнгөрөх үү?Гишүүн асан Б.Гарамгайбаатар 40 тэрбумын асуудлаар шалгагдаж буй. Гэхдээ Г.Дэнзэн нарын хэргээс харж байхад, ер нь манайд эрх мэдэлтнүүд, мөнгөтэй хүмүүс хуулиас айх огт хэрэггүй болжээ. 17 тэрбумын хэрэгтэй Г.Дэнзэн 3 жил 6 сарын ял авч, хэрэг дээрээ бол жил гаруй хугацаанд суугаад л гарахаар байгаа.  За тэгээд төрийн албанд ажиллах эрхийг нь хассан хугацаа суллагдахтай нь зэрэгцээд дуусах биз. Ер нь бол луйварчдад айгаад байх юм огт байхгүй бололтой юм. Яг энэ хандлага Б.Гарамгайбаатар дээр ч давтагдах уу гэдэг асуулт тавигдаж таарч байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангиар нэмж шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Тэгвэл 264.2-т  "Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн анхаарал татсан заалт байгаа юм.

Б.Гарамгайбаатар ганцаараа  бус  өөрийн хүү "Монроуд” ХХК-ийн захирал Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг /тус компанийн нягтлан бодогч/ нарын хамт шалгуулж байгаа гэх мэдээлэл бий.

Ер нь бол Б.Гарамгайбаатарын тухайд нэлээд асуудалтай. Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын "Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт "Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ. Тендерт шалгарсан  "Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг "Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.

Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдаг. Гэвч тэгээд эхэнд өгүүлсэнчлэн 40 тэрбумын хэрэгтэй Б.Гарамгайбаатар Г.Дэнзэн шиг жаахан ял аваад, мултрах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>