|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсын 2017 оны төсвийг тодотгох хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2017 оны төсвийг тодотгох хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

 

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2017.04.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, тодруулгаар үргэлжлэв.

Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн байдал нь бизнес эрхлэгчдэд хүнд тусч, ажлын байр хумигдаж байгаа ч Засгийн газар сүүлийн найман сарын хугацаанд чамгүй ажил амжуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа тэмдэглэн хэллээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр гарц бий эсэхийг тодруулсан түүний асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулт өгөв. Засгийн газар, Сангийн яам маш их хичээл зүтгэл гаргасны үр дүнд ОУВС-тай хэлэлцээр хийх хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өөр гарц байхгүй болохыг хэлсэн юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхийг иргэд олон нийт дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлээд, төсвийн орлого нэмэгдүүлэх өөр боломжууд байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Засгийн газар ихээхэн хэмжээний зүтгэл, чармайлт гаргасны дүнд ОУВС-тай хэлэлцээр хийж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, бид төсвийн тодотголоо хэлэлцээд сууж байна. Нөгөө талд эдийн засгийг ийм түвшинд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох ёстойг иргэд сануулж байгааг дуулгалаа. Хариуцлагын асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллаж байгаа бөгөөд төсвийн зарцуулалтын талаар сайд нар салбар салбартаа шалгалт явуулж, тайлагнах үүрэг хүлээн ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Бямбацогт хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа татварын суурийг өргөтгөх боломжийн талаар судалгаа хийсэн эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд авч буй 3 тэрбум ам.долларын зарцуулалтын талаар тодруулсан юм. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт оруулах боломжтой гэдэг хэлэлцлүүд хийгдсэн болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Үүний 2.4 тэрбум ам.долларыг өмнө нь Монголбанк дээр хийгдсэн байсан своп хэлцэлийн хүрээнд авсан зээлийн хугацааг сунгах асуудлыг шийдэхэд зарцуулах аж. 3.1 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдаас төвлөрүүлэх боломжтой гэж тооцсон бөгөөд эхний ээлжийн яриа хэлцээрүүд амжилттай болж байгааг хэллээ. Энэхүү 3.1 тэрбум ам.долларын 1.6 тэрбум ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх бол үлдсэн 1.5 тэрбум ам.доллараар уул уурхайгаас бусад салбарын өсөлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэв.

ОУВС-ийн зөвлөмжийн тусган, боловсруулж өргөн мэдүүлсэн энэхүү төсвийн төсөлд тусгагдсан 7 төрлийн татвар нэмсэн тохиолдолд үүсэх нөлөөллийг сайтар тооцох нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн загварыг сайжруулах, шинэчлэх, ирээдүйдээ 60 их наяд төгрөгийн орлого олох боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар ярих ёстой гэдэг саналыг хэлсэн юм. Монгол Улс дефолт болохын наагуур Засгийн газар энэ шийдлийг олж байгааг бүгд мэдэж байгаа тул дэмжих, эс дэмжихийн асуудлыг өнөөдөр Улсын Их Хурлаар хэлэлцэх нь зохимжгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Иргэд татвар нэмэгдүүлж байгааг буруутгахаас илүүтэйгээр төсвийн зарлага тал дээр хангалттай хэмнэлт хийж чадаагүйд шүүмжлэлтэй хандаж байгааг мөн хэлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлж нэн тэргүүнд төсвийн нэгдмэл байдлыг бодитойгоор хангах, сахилга батыг чангатгах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хэд хэдэн шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай уялдуулан дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагын хүрээнд боловсруулсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүллээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.