Леди Гага: Би амьдралдаа бус шоу бизнест л гаж харагдахыг хүсдэг

1557

Б.Барс

Этгээд нүүр будалт, хувцаслалт, үйлдлээрээ олныг алмайруулдаг поп од бол Леди Гага. Тавхан жилийн дотор тэрээр зоогийн газрын үйлчлэгч Стефани Жерманоттагаас өнөө цагийн соёл урлагийн нэгэн гайхамшигт үзэгдэл болж чадсан билээ. Тайзан гарах болгон нь үнэхээр гайхалтай өвөрмөц шоу болдог. Леди Гага Аргентины загвар зохион бүтээгч Франк Фернадесын махаар урласан даашинзтай гарч дуулж үзэгчдийг ёстой л шооконд оруулж байсан нэгэн. Ингээд, "Максим” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг сонирхуулья.

-Та өөртөө дэндүү итгэлтэй харагддаг. Үүний нууц юу юм бол?

-Өөртөө итгэлтэй гэдгээр та яг юуг хэлснийг мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл хэлэхэд би өөрийн зохиосон хөгжимдөө итгэдэг, түүнийгээ хайрладаг. Харин бие хүнийхээ хувьд өөртөө итгэлтэй гэж хэлж чадахгүй л болов уу...

-Таныг өөртөө тэгтлээ эргэлздэг гэж бодсонгүй. Учир нь та өөрийгөө дэлхийд маш хүчтэй танилцуулдаг шүү дээ. Дунгуудаар хийсэн этгээд дотуур хувцастай олны өмнө гарч бүгдийг алмайруулаад л?

-Нэг зүйл хэлэхэд, би амьдралдаа анх удаа өөрийгөө яг хэн гэдгээ мэдээд буй. Би хэн гэдгээ мэдсэн ч үүнийгээ бусдад тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд би алдаршихаасаа ч өмнө өөрийгөө дэлхийд юу хэлэхээ мэдэрч байснаа ойлгосон. Аль дээр нэг найз залуу маань намайг хэзээ ч амжилт олохгүй гэсэн юм. Тэгэхэд нь би "Чамайг тун удахгүй кофе захиалж суухад чинь радиогоор миний аль нэг дуу л эгшиглэх болно доо” гэж билээ. Миний зөв байсан байгаа биз.

-Уучлаарай. Та өөрийгөө хөөрхөн гэж боддог уу?

-Би бүсгүй хүний гоо сайхны тухай хүн төрөлхтний тогтсон ойлголтод багтдаг нэгэн биш. Тэглээ гээд үүнээс болж санаагаар унаж явсангүй. Би загвар өмсөгч биш. Тийм ажил хэзээ ч хийхгүй. Би хөгжим, дуу зохиодог хүн. Тэгээд хүмүүст өөрийн бүтээлээрээ нэг л зүйлийг хэлэхийг хүсдэг. Ямар харагдах нь бус, хүмүүст юу бодогдуулах нь л энэ амьдралд чухал шүү гэдгийг.

-Танаас ийм юм сонсох сонин л юм. Нүүр амаа ерөөсөө будаагүй зургууд дээрээ ч та сайхан харагддаг шүү дээ. Гэхдээ яагаад та нүүрний содон будалт, этгээд хувцаслалтын цаана нуугдаад байна вэ?

-Би шоу бизнест хөл тавьсан хүн шүү дээ. Энэ бизнест эрчүүд ноёлдог. Поп од эмэгтэйгээс тодорхой зүйлийг хүлээдэг л дээ, тэд. Харин би түүнээс тэс өөр юм хийхийг хүсдэг. Тэд намайг шоолоход би харин ч баярладаг. Аварга том цаасаар биеэ ороож, нүүрээ өнгө өнгийн будгаар нялах надад сайхан санагддаг. Тэр бүгдийн цаана нуугдсан жинхэнэ би үнэндээ тийм ч чухал биш. Би амьдралдаа бус шоу бизнест л гаж харагдахыг хүсдэг. Түүнээсээ ч жинхэнэ таашаал авдаг юм.

-Та нэг удаа, "Намайг Леди Гага гэдэг. Хэрэв та намайг таних хэрнээ Стефани гэж дуудвал та намайг ерөөсөө мэдэхгүй юм байна гэж бодно” гэж хэлсэн. Та концертоо дуусгаад этгээд хувцаа тайлж, содон нүүр будалтаа угааж гэртээ ирэхдээ Леди Гага хэвээрээ байдаг уу, эсвэл Стефани болдог уу?

-Би бүх үед Леди Гага, Стефани хоёрын нийлбэр байдаг гэж боддог. Гэхдээ өөрийн жинхэнэ нэр Стефанигаар ойр дотны, гэр бүлийн хүмүүсээрээ л дуудуулахыг хүсдэг. Нэр маань тэгтлээ таалагддаггүйд хэргийн учир байгаа юм биш. Би тайзан дээр огт өөр хүн болдог. Өөрийн өнгөрсөн үеэсээ зугтаахын тулд та хүссэнээрээ өөр хүн болж чадна гэдгийг би уран бүтээлээрээ харуулахыг хүсдэг.

"Би цагаан хэрээ. Поп хөгжим нийллэг байсан бол ангийн маань одод надтай нэг ширээнд суухгүй байсан даа” гэж миний нэг дуу бий дээ.

-Та гомо, лесби зэрэг хүмүүсийн эрхийг хамгаалахад идэвхтэй оролцдог. Тэд нарт туслах "Ийм маягаар л төрсөн” нэртэй сан байгуулж өөрөөсөө 1.2 сая ам.доллар гаргасан?

-Энэ сан мөнгө олох ямар ч зорилгогүй. Жирийн бус сексийн тэмүүлэлтэй хүүхдүүдийг нэг нэгэнтэйгээ ярилцан энэ хорвоо дээр илүүдэл хүмүүс биш гэдгээ мэдэхэд нь би чадлаараа тусалдаг.

-Таныг Мадоннатай харьцуулдаг. Тэрээр мөн л элдэв хачирхалтай үйлдлээрээ супер од болсон?

-Интернетэд бид хоёрыг харьцуулан өчнөөн хэлэлцүүлэг болоход би гайхсан. Би өөрийгөө Мадоннатай адилхан гэж боддоггүй. Би түүнээс тэс өөр. Миний замнал ч түүнийхээс өөр. Тавхан жилийн өмнө би зоогийн газрын үйлчлэгч байсан хүн шүү дээ. "Зарим дуучид таны өгсөн мөнгөөр чамин машин, үнэт эдлэл авахыг хүсдэг. Харин би таны сэтгэлийг л хүртэхийг хүснэм” гэж би дуулдаг. Ингэж л хариулья.

-Та Ерөнхийлөгч Обаматай уулзаж байсан. Тэрээр таныг маш өндөр өсгийтэй гуталтай ирэхэд айсан гэж хэлсэн нь бий?

-Ерөнхийлөгч маань сайхан наргижээ. Тэр үнэхээр хошин шогийн сайн мэдрэмжтэй нэгэн юм билээ. Тэрээр этгээд нүүр будалт, хувцаслалтын цаанаас жинхэнэ намайг олж харсанд баярладаг.

polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>