|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:22

Д.Дорлигжав МоАХ-ны анхдагчидтай уулзлаа

 Д.Дорлигжав МоАХ-ны анхдагчидтай уулзлаа

 

Ардчилсан намын анхны дарга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Тэрбээр өнөөдөр Монголын ардчилсан холбооны анхдагчтай уулзалт хийж, Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх болсон үндэслэлээ тайлбарласан байна.

Д.Дорлигжав уулзалтын үеэр "Тодорхой зорилго тэмүүлэлгүй болчихсон хүн, албан байгууллага ч, улс төрийн нам ч хөгширсөн гэсэн үг. Олны итгэл алдсан гэсэн үг. Тодорхой зорилго, тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө асч, тэмцэж байгаа бол нас хамаагүй, залуу байна л гэсэн үг” хэмээн өгүүлсэн юм.

Тэрбээр цааш нь "Өнөөгийн улс төрийн намууд тэдний байгуулсан төр засагт ард түмэн итгэж найдах тодорхой зорилго, тэмүүлэл олж харахгүй болохоор итгэл алдарчээ. МоАХ 1990 онд маш тодорхой улс төрийн зорилготой түүнийхээ төлөө амь биеэ үл хайрлан, маш их эрч хүчтэй тэмцэж байсан шиг одоо бид дахин шинэ зорилго тэмүүлэлтэй болох цаг болжээ. Энэ зорилгоо бид хамтдаа бий болгоё. Энэ талаар надад тодорхой боловсруулсан хөтөлбөр зорилго байна. Түүнийг бүгдээрээ хэлэлцэж өөрсдийнхөө зорилго тэмүүлэл, итгэл үнэмшил болгоцгооё. Өнөөдрийн энэ гарцгүй мэт, ойлгомжгүй мэт байдлаас улс орондоо ард түмэндээ гарц гаргацгаая” хэмээн журмын нөхөд ардчиллын төлөө зүтгэж явсан ардчилагчдад уриалжээ. Түүний уриалгыг МоАХ-ныхан санал нэгтэйгээр хүлээн авч, өөрчлөлтийн төлөө Монголын хөгжлийн төлөө хамтрах хэрэгтэй” гэсэн байр суурин дээр нэгдсэн байна.

МоАХ-ынхан түүний Монголынхоо төлөө зорилгыг дэмжинэ гэдгээ ч уулзалтын үеэр илэрхийлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.