“Жи тайм” сүлжээнээс болж ах дүүсүүд дайсагнаж, гэр бүлүүд салж, амиа хорлохыг завдаж байна

528

“Жи тайм” сүлжээнээс болж ах дүүсүүд дайсагнаж, гэр бүлүүд салж, амиа хорлохыг завдаж байна

 

Казахстан улсаас ядууруулыг бууруулах төсөл хэлбэрээр орж ирсэн "Жи тайм” пирамид хэлбэрийн сүлжээний бизнесийг хууль хяналтынхан хууль бусаар орж ирсэн луйврын шинжтэй бизнес хэмээн үзэж компаний үйл ажиллагааг нь зогсоож, олон хүний хөрөнгө, мөнгийг "түгжсэн” байгаа юм. Энэ байдлаас болж олон зуун мянгаараа элсэн орсон хохирогчдод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчихоод байна.

Хаана хандахаа мэдэхгүй тэд дэмий л цагдаагийн байгууллагад "Хохирсон нь үнэн” гэсэн гомдлоо гаргаж байгаа бол энэ сүлжээний бизнесийн толгойлогч гэх хэдэн нөхдүүд "Бид хохироогүй, харин үйл ажиллагааг нь зогсоосноос болж одоо л хохирох гээд байна.

Тиймээс "Жи тайм” сүлжээг үргэлжлүүлэн явуулж өгөөч” гэсэн хүсэлт гуйлтыг төр засаг болон цагдаагийн байгууллагад тавиад байгаа юм.

Гэвч толгойлогч нар өөрсдийнхөө араасаа 300-500 хүнийг 350-2 сая төгрөг хүртэл элсүүлж оруулсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, олон хүний амь амьдрал, итгэл найдвараар тоглож хаяж, дээрээс нь эдийн засаг болон сэтгэл санаагаар нь хохироочихоод байгаа юм.

Гэтэл тэд луйврын шинжтэй бизнесээ хаа хүртлээ явахаа мэдэхгүй байж "Бид хууль зөрчөөгүй. Хэрвээ анхнаасаа хууль зөрчиж байна гэдгээ хэлж, бидэнд зөвшөөрөл олгохгүй байх ч яасан юм бэ” хэмээн төрийг буруутгаж, төрөөс мөнгө төгрөгөө нэхэж байна билээ.

Олон мянган хүний хэт их мөнгөтөй болох гэсэн хүслээс болж өнөөдөр олон айл өрх ядуурч, байдгаа барж, эдийн засгийн гүн хямралд орчихоод, бөөн өрний доороос босч чадахгүй шаналж зовж зарим нь эрүүл мэнд нь огцом муудаж, зарим нь их өрний сургаар амиа хорлохыг завдсан ч тохиолдол байгаа гэнэ шүү.

Энэхүү шууд худалдааны бизнесийг эрхлэхээр ах дүүгээсээ зээл авч, эхнэр нөхрөө татан оролцуулсан олон мянган хүний амьдрал хүнд байдалд орлоо. Тэдний үзэж буйгаар хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байсан компанийн дундуур төр засаг орж ирж хүчээр үйл ажиллагааг нь зогсоож олон хүнийг эдийн засаг болон сэтгэл санаагаар нь хохироолоо. Тиймээс үүнээс үүдээд байгаа асуудлыг төр засаг зохицуулж шийдэж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

1. Ах дүү төрөл садан хүмүүс нэгэндээ дайсагнаж, зодоон хийж өстөн дайсан болсон байна.

2. Гэр бүлийн харилцаанд сэв асуудал гарч олон гэр бүл салж байна.

3. Өдрийн хүүтэй мөнгө зээлсэн хүмүүсийн өр цаг минутаар өсч, зарим нь амиа хорлох оролдлого ч гарлаа.

4. Нийгмийн бүх шатанд энэ үзэгдэл газар авч ахуйн хүрээний гэмт хэрэг гарах нь ихэслээ.

5.Компанийн маркетингийн зарчмаар шударгаар ажиллаж байсан хүмүүсийн мөнгийг дундаас нь луйварддаг бүлэг хүмүүсийн уршгаар энэ бизнес зогсоход хүрсэн гэж үзэж байна.

6.Бидний дунд 30-192 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг ч төгрөг буцааж авч чадаагүй хүн бий.

7. Үндсэн зарчмаараа ажиллаад 8000 ам.долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүний хохироогоогүй ажиллаж байсан багууд бий.

Тиймээс дээрх үүсээд байгаа нөхцөл байдлыг даруйхан шийдвэрлэж өгөхгүй бол хохирогчид Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байгаа юм.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>