|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Нийлүүлэлт нь хальж, хэрэглэгч нь буурсан барилгын салбар

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан билээ. Үүний нэг шалтгаан нь гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс түлэн агаар бохирдуулж байгаа юм. Мөн үйлдвэрүүд нэмэгдэж, гэр хорооллын иргэд худагтай ойрхон нүхэн жорлон барьж, хог, угаадас зэргээ ил хаяж хөрс, ундны усаа давхар бохирдуулж байгаатай холбоотой гэдгийг олон судалгаа баталж байгаа. Нийслэлчүүдэд тулгамдаад байгаа дээрх гурван асуудлыг шийдэхийн тулд утаагүй зуух тарааж, цахилгааны шөнийн тарифыг тэглэх зэрэг янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Тиймээс энэхүү гурван асуудлыг цогцоор шийдэх боломжтой шийдэл бол иргэдийг орон сууцжуулах. Өдгөө Улаанбаатар хотын 395 мянган га талбайн 6.8 хувийг орон сууц, гэр хорооллын барилгажсан бүс эзэлдэг. Үүний 88.2 хувьд гэр хорооллын айл өрхүүд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын 58 хувь нь гэр хороололд оршин сууж байгаа юм.

 

Манай улсад сүүлийн таван жилд орон сууцны нийлүүлэлт ихээр нэмэгдсэн. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, түрээсийн орон сууц хөтөлбөр эхлүүлэн, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

 

Гэвч өнөөдөр ашиглалтад орсон ч борлуулагдаагүй 40 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байна. Монголбанк, "Тэнхлэг зууч” компанитай хамтран cap бүр орон сууцны үнийн индексийн судалгаа танилцуулдаг. Судалгаагаар өдгөө 83607 айлын орон сууцны 392 төсөл хэрэгжиж байгаа юм. Түүний 49 хувь нь захиалга авч байгаа, 40 хувь нь эхлээгүй, үлдсэн 10 хувь нь түр зогссон байдалтай байна. Өөрөөр хэлбэл, 83 мянган айлын орон сууц хүлээгдэж байна. Гэвч энэ оны эхний улиралд шинэ орон сууцны борлуулалт таван хувиар буурч, хуучин орон сууцны борлуулалт 23 хувиар өсчээ. Энэ нь зах зээл дээр шинэ орон сууцны нийлүүлэлт давсан байдалтай байгаа ч эрэлт нь гүйцэхгүй байгааг харуулж байна. Уг нь, 2010 оноос орон сууцны хорооллын өрхийн тоо 40 гаруй мянгаар нэмэгдсэн бөгөөд хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнөөс үүдэн гэр хорооллын өрхийн TOO ч буурахгүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар 2010 онд нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байсан бол өнгөрсөн оны байдлаар 58.1 хувь болжээ. Зургаан жилийн хугацаанд гэр хороололд амьдардаг өрхийн тоо хоёрхон хувиар буурсан байна.

 

Эдийн засаг өсөх үед орон сууцны үнэ өсөх хандлагатай байдаг аж. Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар идэвхжиж, ажиллах хүчин, үл хөдлөх хөрөнгө зуучлал, санхүүгийн салбарынхны цалин, орлого нэмэгддэг байна. Мөн орон сууц өмчлөгчдийн хөрөнгийн үнэлгээ буюу баялаг нь нэмэгдэж, бусад бараа, үйлчилгээнд зарцуулах зардлаа нэмдэг аж. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн застйн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор орон сууцны эрэлт багасч, үүнийг дагаад үнэ буурсаар байна. Тухайлбал, энэ оны эхний улиралд 3490 шинэ орон сууц худалдагдсан нь өмнөх онтой харьцуулахад 4.6 хувиар буурчээ. Мөн энэ сарын орон сууцны индекс өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.3 хувиар багассан байна.

 

АРИЛЖААНЫ БАНКУУД ӨМНӨХ ОНД ИРҮҮЛСЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ШИЙДЭЖ ДУУСААГҮЙ БАЙНА

2013 онд Засгийн газраас дундаж орлоготой иргэдийг дэмжиж, орон сууцжуулах зорилгоор найман хувийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж олгож 14 арилжааны банкаар дамжуулан зээл олгож эхэлсэн. Ингэснээр барилгын салбарын зах зээл сайжирч, боловсон хүчин нэмэгдэн, иргэд орон сууцанд амьдрах боломж нээгдсэнээр нийгэм, эдийн засагт олон эерэг үр дүн авчрах боломжтой гэж үзэж байв. Өдгөө дөрөв дэх жилтэйгээ золгож буй тус хөтөлбөрийн санхүүжилтийн системийг өнгөрсөн хугацаанд гурван удаа өөрчилсөн байна. Хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сараас шинэ журам мөрдөж эхэлсэн билээ. Өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн найман хувийн зээлээр авсан тохиолдол гарсан байна. Тиймээс шинэ журмын дагуу давхар зээл олгохгүй бөгөөд өмнөх зээлээ төлсний дараа дахин хамрагдах боломжтой болжээ. Мөн зээл төлөх хугацааг 20-30 жил болгож, урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, худалдан авах орон сууцны талбайн нийт хэмжээ 80 ам.метрээс ихгүй байх зэрэг заалт тусгагдсан. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр "Зээлийг эргэн төлөх хугацааг 20-30 жил болгох нь 70 сая төгрөгийн зээлтэй иргэн сард 585.5 мянган төгрөг төлдөг байсан бол 72 мянган төгрөгөөр буурч 513 мянгыг өгнө гэсэн үг.

 

Ингэснээр иргэдийн орон сууцны зээлийн сарын төлбөрийн дарамт буурч, хүртээмж сайжирна. Мөн барилгын салбарын борлуулалт өсөх боломжтой юм. Засгийн газар 2020 он хүртэлх үйп ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр тусгасан. Гэр хорооллын утааг бууруулах, Олон улсын валютын сантай гэрээ хэлэлцээр хийхэд түлхэц өгөх шийдэл бол ипотекийн зээл учраас авч үлдсэн” гэсэн юм.

Шинэчлэгдсэн журмын хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад олгодог байсан зээлийн хэмжээ эрс багассан. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд сард 20 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол одоо таван тэрбум төгрөг болжээ. Сард 14 банкинд 20-25 тэрбум төгрөг олгож эхэлсэн байна. Иргэд арилжааны банкууд зээл олгохгүй байна гэсэн гомдлыг олон гаргаж байгаа шалтгаан нь банкууд иргэдийн зээлийн хүсэлтийг шийдэж дуусаагүйтэй холбоотой. Тухайлбал, "Хас”, Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн оны долоогоос аравдугаар сард хүсэлт гаргасан иргэдийн зээлийг шийдэж дуусаагүй байгаа учраас шинэ хүсэлт хүлээн авахгүй байгаа аж. Харин "Хаан банк” ипотекийн найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгож байна. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкуудын зээлийн эргэн төлөлтөөс хамааран янз бүрээр олгож байгаа юм. Тухайлбал, тухайн банкинд арван тэрбумын эргэн төлөлт орсон бол сарын эцэст нөхөн олгох журмаар санхүүжүүлэх журамтай. Зээл авах хүсэлтэй иргэдэд тулгарч буй нэг асуудал нь арилжааны банкууд зөвхөн өөрсдөөс нь зээл авдаг барилгын компаннйн төслийг дэмжин ажиллаж байгаа нь иргэдэд чөлөөт сонголт хийхэд саад учруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн банкнаас санал болгосон барилгын компаниас орон сууц авах ёстой гэсэн үг. Харин банкуудын зүгээс байгууллагын дотоод журамтай холбоогой учир өөрчлөхгүй хэмээн "гүрийгээд” байгаа юм. Тиймээс Монголбанк, арилжааны банкуудын төлөөлөлттэй уулзахаар төлөвлөсөн.

 

Энэ сарын байдлаар арилжааны банкууд 909 зээлдэгчид 58.6 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт зээлдэгчийн тоо 89.8 мянгад хүрчээ. Ийм хурдаар явбал зах зээл дээр байгаа 83 мянган айлын орон сууц 20 жилийн дараа л бүрэн зарагдаж дуусах нь. Дээр нь арилжааны банк ипотекийн зэал олгох шийдвэр гаргасан ч санхүүжилт авахын тулд хоёроос гурван сар хүлээх шаардлагатай. Тэгэхээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол орон сууцны нийлүүлэлт дээшээ өгсөж, эрэлт доошоо унасаар байх нь.

 

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД 104 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Нийслэл хотод 2012-2016 онд гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 24 байршилд орон сууц барихаар 34 төсөл хэрэгжүүлэгч шалгаруулсан. Одоогоор 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, гурав нь барилгын ажлаа эхлүүлээгүй, удаашралтай байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч одоогоор 6.1 хувийн биелэлттэй байгаа юм. Энэ сарын 14-нд болсон УИХ-ын хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр "Одоогийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд 4829 айлыг орон сууцжуулаад байна. БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын дэд бүтэц, иргэдийн дамжин суурьших зориулалт бүхий мянган айлын орон сууцны хөтөлбөрийг энэ сард багтаан эхлүүлэх гэж байна. Одоогоор 28 хэсэгчилсэн талбайд барилгын ажил өрнөж байгаа учраас компаниудын санхүүгийн боломж, ажлын ачаалал, тухайн ажлыг гүйцэтгэх хугацааг харгалзан дахин хуваарилалт хийн бусад компанийн оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан” гэж ярьсан юм.

 

Дахин төлөвлөлтийн ажил ингэж удаашрах болсон шалтгаан нь дэд бүтцийн асуудлыг шийдээгүйтэй холбоотой аж. Анхнаасаа нэгдсэн төлөвлөгөөгүй, энд тэнд барьж эхэлсэн нь шугам, сүлжээ татахад хүндрэл үүсээд байгаа юм. Эхний барилга ашиглалтад орлоо гэхэд дараагийнх нь төвийн дулаанд холбогдох боломжгүй болох тохиолдол цөөнгүй гарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан аж. Мөн газраа чөлөөлсөн иргэдийг түр суурыиуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Тухайлбал, энэхүү төслийг эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу долдугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлэхээр болж, дүүрэг бүрт газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар болсон ч 2012 онд уг төлөвлөлтийг өөрчилжээ. Цаашид төслийг энэ хэвээр үргэлжлүүлбэл олон айл өрх хохирох магадлалтай. Дээр нь улсын мөнгийг үр ашиггүй зарцуулах нь. Төслийн ажлыг анхнаас нь зөв төлөвлөж, мөнгөө үр ашигтай зарцуупсан бол энэ төсөл олон иргэдийн амьдрал, ахуйд сайнаар нөлөөлж чадах байсан. Барилга, хот байгуулалтын яамнаас гэр хорооллыг шугам сүлжээнд холбох байршлуудыг тодорхойлсон байна. Ингэхдээ одоогийн байгаа төв шугамаас эх үүсвэр авч, ойр орчмынх нь гэр хорооллыг төв шугамтай холбох шийдэлд хүрсэн гэнэ. Одоо энэ шийдлийг хэр оновчтой болохыг хүлээх үлдлээ.


Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.