|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Б.Пүрэвхүү: Онцгой албан татварын хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг сунгахыг хүссэн 800-аад бизнес эрхлэгчдийн өргөдөл гомдол бидэнд ирээд байна...

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх сарын 01-нээс зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл дэмжигдсэн. Эдгээр татварын нэг нь суудлын автомашины онцгой албан татвар юм. Хэрвээ энэ хууль эцсийн хэлэлцүүлэгт шилжиж чуулганаар батлагдвал 3, 4 дүгээр сард захиалгаа өгч худалдан авалт хийсэн автомашин импортлогч компаниуд болон автомашины худалдаа эрхлэгчид буюу ченжүүд, иргэд маш их хэмжээний мөнгөний алдагдал хүлээх болоод байна. Тийм учраас өнөөдөр Япон улсаас автомашин импортлогч дөрвөн том компани, тэдний харилцагч 1000 гаруй ченжүүд төр засагт дуу хоолойгоо хүргэж эрх ашгаа хамгаалахаар нэгдээд байна. Бид Япон улсаас автомашин импортлогч анхны компани болох SBTMongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Пүрэвхүүтэй ярилцлаа.

-Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь бараг л тодорхой болчихлоо. Тийм ч учраас та бүхэн нэгдсэн байна. Гол хүсэлт шаардлага тань юу вэ?

-Манай компани Япон улсаас автомашин импортлогч анхны компаниудын нэг. Бид тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ залуу ажилтнуудыг тогтвортой ажлын байраар хангаж, сардаа улирлын байдлаасаа шалтгаалан 500-800 машиныг зах зээлд нийлүүлдэг. Бидний харилцагчид бол Да хүрээ, Мянган машины зогсоол болон бусад авто автомашины худалдаа эрхлэгчид.

УИХ-ын энэ оны төсвийн тодотголын төслийн танилцуулга дахь Нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах чиглэлээр "Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх” тухай хуулийн төсөл нь 2017 оны 5 сарын 1-нээс хэрэгжих болсноор манай компани төдийгүй бидэнтэй хамтран ажилладаг 400 гаруй харилцагчид мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд, бизнес эрхлэгч бидний эрх ашиг асар ихээр хөндөгдөж, их хэмжээний хохиролд орох нөхцөл байдлыг үүсгээд байна. Тиймээс маш их хэмжээний татварын зөрүү дарамт учруулж байгаа тул ард иргэд, импортлогч компаниуд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалан дээрхи хуулийн үйлчлэх хугацааг 2-3 сараар хойшлуулж өгөхийг харъяа газруудад мэдэгдсэн байгаа.

Би үүсээд байгаа нөхцөл байдал дээр ганцхан жишээ хэлмээр байна. Манай нэг харилцагч 2007 оны Приус машин захиалсан байгаа. Энэ хүн өөрөө хуримтлал маягаар дөрвөн сая төгрөг цуглуулсан. Дээрээс нь эхнэрээ зургаан сая төгрөгний цалингийн зээл авахуулж, хамаатнаасаа сая төгрөг зээлээд Приус 20 машин авахаар тохирсон. Гэтэл автомашины онцгой албан татварын хууль ирэх сарын нэгнээс хэрэгжээд эхлэхээр энэ залуугийн 11сая төгрөгөнд орж ирэх байсан машин 16 сая төгрөгний үнэтэй болчихож байна. Энэ гэнэтийн шийдвэрээс үүдэлтэй нэг иргэнд ногдох татварын зөрүү дарамтыг хэн хариуцах вэ? Дээрээс нь ижил төрлийн импортын үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компани болон ченжүүдийн 2000 гаруй машин эрх баригчдын энэхүү хугацаа тулсан шийдвэрт хамрагдвал бид хамгийн багадаа 10 гаруй тэрбум төгрөгний хохирол амсахаар байна. Бидний гол асуудал бол энэ хуулийг дэмжихгүй, татвар төлөхгүй гээд байгаа юм бишээ. Хамгийн гол нь яагаад бидэнд хугацаа өгсөнгүй вэ? Онцгой албан татварын ийм хууль тавдугаар сараас хэрэгжинэ, өмнөх саруудын худалдан авалт хамрагдана гэж мэдээлсэн, мэдэгдсэн бол бидний хэн нь ч ийм эрсдэлд орохгүй байлаа. Бидэнд ердөө 15 хоногийн хугацаа өгсөн.

-Япон улсаас хэр удаж ирдэг вэ? 2000 машин бүгд энэ хуульд хамрагдах үзүүлэлттэй юу?  

-Японд дуудлага худалдаанаас гараад ачилтын, усан онгоцны хуваарьт ороод 30-45 хонож ирдэг. Манай улсын эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвараас хамаарч автомашины 70 гаруй хувь нь яг энэ хуульд заасан буюу 2007 оноос өмнөх насжилттай машинууд байдаг. Тэгэхээр бид ийм хууль дэмжигдээд хэрэгжинэ гэж мэдээгүй учраас худалдан авалт хийчихсэн байхгүй юу. Эрх ашиг нь хөндөгдөж буй энэ компаниуд, худалдаа эрхлэгчдийн 2000 гаруй машин бүгд энэ хуульд хамрагдана. Бидэнтэй нэгдээгүй бас олон компани, ченжүүд байгаа ш тээ. Нийлсэн дүн гаргавал хэдэн тэрбумаар тогтохгүй ээ. Хуулийн ажлын хэсгийнхэн улсын төсөвт 35 тэрбум төгрөгний орлого орно гэж тооцоолсон. Үнэндээ бол цаана нь хэдэн хүний амьдрал доройтож, хэдэн айл эрсдэл хүлээж, бүр алсдаа юу болохыг харж чадаагүй нь алдаа. Таван машинаар, 50 машинаар бизнес хийдэг ченжүүд байна. Ихэнх нь банкинд зээлтэй. Тооцоолоогүй төлөвлөөгүй хамгийн багадаа 25 сая төгрөгний эрсдэл хүлээлгэх хууль шүү дээ.

-Та бүхэн амралтын өдрүүдэд тайван жагсаал хийсэн. Үр дүн гарах болов уу?

- Үр дүн гарах эсэхийг мэдэхгүй ч гараасай гэж хүсч, хүлээж байна. Цаашдаа эрх баригчдад хүрч, өөрсдийгөө ойлгуулж болох бүхий л сувгаар хандах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бол эрх баригчдын судалгаанд суурилаагүй, зөвхөн цаасан дээр ажил хийж сурсаны л нэг жишээ гэж харж байна. Бодит байдлыг мэдэрдэг засгийн газар бол ядаж л тавдугаар сарын нэгний өдрөөс хойш захиалсан, худалдан авсан машин хамрагдана гэх байсан. Эсвэл мэдээллэж, мэдэгдэх байсан. Тэгэхээр татварын аргаар төсөв мөнгөө зузаалахаас өөр аргагүйд хүрсэн бол бид дэмжье, харин яг одоо дуудлага худалдаанаас гараад Япондоо ачигдахад бэлэн болчихсон, ачигдаж байгаа тээврийн хэрэгслийг энэ шинэ хуулиасаа гадуур өнгөрөөгөөчээ гэж хүсээд байгаа юм.

-Япончуудад энэ хууль бас нөлөөлнө. Тийм үү?

- Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг л болоод байна. Энд хохирохгүй тал гэж алга. Тээвэр зуучийн компаниуд, гаалийн талбай, импортлогчид, ченжүүд, иргэд бүгд хамаарна. Япончуудад ч гэсэн ялгаагүй нөлөөлнө. Арваас дээш насжилттай автомашины гол хэрэглэгч улс нь манай улс. Тэгэхээр энэ хууль хэрэгжээд эхлэхээр бид нар захиалахаа больчихно. Тэгээд сэлбэг л болж орж ирэх байх даа. Уг нь энэ хууль зөв. Байгальд ээлтэй, аюулгүй байдал энэ тэр гээд бас л зөндөө юм байна. Хамгийн гол нь дахин хэлэхэд хэзээнээс, хэн хэнд яаж үйлчлэх вэ л гэдэг тодорхойгүй байсан асуудал. Нөгөө талаас хүмүүс ярьж байна л даа. Монголын хуулийг цаанаас нь уншиж өгдөг болсон. Тэгэхгүй бол зээл олдохгүй энэ тэр гэсэн асуудал бас байдаг юм байна. Гэхдээ гэнэт огцом өөрчлөлт оруулахаар иргэд хохирдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Приус20 машин манай улсад талхтай дүйцэхүйц өргөн хэрэглээ болж байгаа. Өмнө нь татвар хэдийг төлж байсан бэ?

-Ер нь энэ машинуудын дийлэнх нь Приус 20 байгаа. Энэ нь Монголчуудын худалдан авах чадварыг харуулж байгаа үүнээс өндөр үнэтэй автомашиныг энгийн иргэд худалдан авахад нилээдгүй санхүүгийн чадамж шаардагдах болж байна гэсэн үг.Эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын одоогийн байдлаар захиалаад байгаа 3700-аад автомашин байна. Үүнээс он мултарсан буюу арван жилээс дээш настай машин 2000 гаруй,үүн дотроо дийлэнх ньПриус 20 байна. Одоо энэ хуулиар бол8-11 саяд орж ирдэг байсан машин 14-17 сая болж байна. Тэгэхээр одоо худалдан авалтын дүн шууд буурна шимэгдэнэ багасна, тоон үзүүлэлт буурна тиймээс энэ нөхдүүдийн тооцоолсон хуримтлуулна гэсэн дүн нь яг бодит дүн гэдэгт би маш их эргэлзэж байна.Ард иргэдийн амьдрал ядуу дорой байхад наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт тулсаар байхад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай.
Эцэст нь хэлэхэд энэхүү шинэ төрлийн нэмээд байгаа татварын хэрэгжилтийн хугацаагаа сунгаж, бизнес эрхлэгчид,ард иргэдээ харж үзээсэй гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.