Патрик Модиано ба Нобелийн утга зохиолын шагнал

371
Стокгольм дахь Нобелийн хорооноос энэ оны утга зохиолын шагналтнаараа Патрик Модианог нэрлэснээр номонд шимтэн дурлагсад нэгэн "шинэ” франц зохиолчтой танилцах хэрэг гарлаа.  69 настай энэ зохиолч эр мэдээж утга зохиолын ертөнцөд шинэ хүн биш л дээ. Францдаа нэр хүндтэй зохиолч. Гэвч хувцас загварын эх орноос өөр улсад түүний нэр төдий л танил болоогүй юм. Тийм ч учраас Нобелийн утга зохиолын 111 дэх шагналтнаар түүнийг зарлахад дэлхийн уншигчид чухам юу гэж хүлээж авахаа мэдэхгүй байв. Ямартай ч Нобелийн шагнал хүртсэн Францын 15 дахь зохиолч болох нь тодорхой болоод буй Модианог энэ хүндтэй шагналын эзнээр тодруулсан шалтгаанаа Нобелийн хороо "Түүний бүтээсэн дурсамжийн урлагийн төлөө” хэмээн тодотгожээ.
Үнэхээр ч Патрик Модианогийн нэрд гарсан зохиолууд дунд хүний дурсамж, ой ухааны тухай сэдэв томоохон байр суурь эзэлдэг аж. Түүний хамгийн алдартай "Алга болсон хүн” зохиолд гэхэд ой ухаанаа алдсан мөрдөгчийн тухай гардаг. Өөрийн хэн болохоо танихаа болих явдал, мөн еврейчүүд, нацистуудын тухай сэдэв түүний зохиол бүтээлд түгээмэл тааралддаг. Еврей-Итали гаралтай эцэг нь Бельгийн жүжигчин  бүсгүйтэй учирснаар Патрик Модиано дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хоёр сарын дараа Парист мэндэлсэн аж. Эцэг эхийнх нь гарал үүсэл, тэдний учрал, Парис дахь бага насны амьдрал нь түүний зохиол бүтээлд гүн гүнзгий нөлөөлснийг дээрх сэдвүүдээс харж болно. Хүүхдэд зориулсан ном, кино зохиол ч биччихдэг түүний номууд ихэвчлэн 130-150 орчим хуудастай, тэнд нь ихэвчлэн ой ухаан, дурсамж, цаг хугацаа, хувь хүний чанар гэсэн зүйл бараг томъёо мэт оршиж байдгаараа бусдаас ялгардаг хэмээн судлаачид бичжээ. 
Хэдийгээр Нобелийн утга зохиолын шагналд хэн гэдэг зохиолч ямар бүтээлээрээ нэр дэвшиж байгаа нь нууц, 50 жилийн дараа л тэр тухай мэдээлэл албан ёсоор олны өмнө ил болдог  дүрэмтэй энэ жилийн хувьд Кенийн Нгуги ва Тионго, Японы Мураками Харуки, Беларусийн Светлана Алескиевич нар шагнал авах хамгийн өндөр магадлалтай гэгдэн интернэтээр бооцоо тавьдаг сайтуудад нэр нь тэргүүлж байсан юм. Гэвч эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй Нобелийн хороонд багтдаг 18 эрхэм энэ жилийн 210 нэр дэвшигчээс шилж сонгон байж Патрик Модианод найман сая швед крон дагалдуулах Нобелийн шагналаа гардуулахаар боллоо. 
Энэ дашрамд, Нобелийн  утга зохиолын шагналтан хэрхэн тодордог үйл явцыг уншигчдадаа танилцуулъя. Нобелийн утга зохиолд нэр дэвших хүнийг өөр хэн нэгэн нэр хүндтэй хүн дэвшүүлэх ёстой. Түүнээс өөрөө өөрийгөө дэвшүүлдэггүй. Нобелийн шагналд нэр дэвших боломжтой хүнийг Шведийн академи, Нобелийн хорооны гишүүд, их сургуулийн утга зохиол, хэл шинжлэлийн эрдэмтэн профессорууд, Нобелийн шагналтнууд, зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч зэрэг нэр хүнд бүхий хүмүүс дэвшүүлдэг. Тэдгээр хүмүүсийн санал болгосон зохиолчдоос Нобелийн хороо шаардлага хангасан хүмүүс рүү нэрээ дэвшүүлнэ үү хэмээн жил бүрийн есдүгээр сарын орчимд урилга илгээдэг. Тус хорооноос жил бүр 600-700 орчим зохиолч руу урилгаа илгээдэг байна. Ингээд дараа жилийн хоёрдугаар сар хүртэл урилга хүлээн авсан зохиолчид нэр дэвшүүлэх эсэхээ шийдээд, материалаа явуулах ёстой. Энэ процессоор энэ оны хоёрдугаар сард Швед дэх академид 210 нэр дэвшигчийн материал хүлээн авсан байна. Үүнээс хоёр сарын дараа урьдчилсан байдлаар нэр дэвшигчдээ шалгаруулж энэ жил гэхэд 20 хүн үлджээ. Ингээд жил бүрийн тавдугаар сард шагналын төлөө өрсөлдөх эцсийн шатны нэр дэвшигчид тодордог. Энэ жилийн хувьд 4-5 хүн үлдсэн бололтой. Ингэж шигшигдсэн хүмүүсийн бүтээлийг академийн гишүүд уншиж танилцаад, Нобелийн хороо хүн тус бүр дээр илтгэл бэлтгэдэг. Ингээд аравдугаар сард академийн гишүүд хуралдаад Нобелийн шагналтнаар хэнийг сонгохоо шийдэж, тэр даруйдаа хэвлэлээр зарладаг. Гэхдээ олон нийтэд зарлахаас нэг цагийн өмнө зохиолчид өөрт нь  мэдэгддэг дүрэмтэй ч өнгөрсөн жилийн шагналтан метроноос бууж яваад охиноосоо энэ тухай дуулсан гэдэг. Ийнхүү Нобелийн шагналтныг тодруулах үйл явц жил тойрон үргэлжилдэг ажээ. 
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.