Засгийн газар, УИХ-д хийх зүйл их байна
Гэсэн ч гишүүд нэг өдрийн дотор 18 хууль баталсандаа "бялуурч” чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулсан билээ. Долдугаар сарын 10 хүртэлх ес хоногт өдөр болгон чуулган хуралдуулж нэлээд олон хуулийн төслүүдийг баталж болох байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Тиймээс наадам дөнгөж өнгөрүүлээд л байнгын хороогоор намрын чуулганаар хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд мөнгө олох арга зам хаана байна тэр бүхнийг л олох учиртай. Ямартай ч энэ зун өмнөх шигээ улс төрийн хувьд тайван амгалан зун байж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Эдийн засгийн талаас ч, улс төрийн намуудын үйлдлээс харахад ч тэр.
Өнгөрсөн баасан гарагт МАН-ын бүлэг мэдээлэл хийж энэ зун амрахгүй ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, амарч, тэмдэглэлт ой хэсч зугаалж явах цаг хугацаа биш гэдгийг тэд мэдэрч байгаа гэнэ. Туршлагатай улс төрийн хүчний хувьд эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа. Ирэх намар ямар энэ байдлаараа явбал эдийн засагт ямар дарамт ирэх вэ гэдгийг маш сайн мэдэрсэн хэрэг. Тэгэхээр олонхийн гишүүд ч гэсэн энэ хугацаанд тойргийн сумдын ой гэж хэсч тэнэлгүй долдугаар сарын 15-наас эхлэн ээлжит бус чуулган зарлаж "ЭЗЭН-100”-ийн үр дүнг харуулмаар байна. Мөнгө олохын тулд, мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд тэд хичээх ёстой.
100 хоногт амжуулна гэсэн бол тэр амлалттаа хүрмээр байна. Хүн бүхэн л үүнийг хүсч байгаа нь мэдээж. Гэтэл Ерөнхий сайд 100 хоногийн хугацаанд эдийн засаг гял цал болохгүй хэмээн ярьжээ. Уг нь эхэндээ энэ 100 хоногийн хугацаанд гял цал болгох хуулийн төслүүдээ баталж чадна хэмээн ам гарсан атлаа 100 хоног талаас илүү нь өнгөрчихсөн энэ үед бүх зүйл гял цал болохгүй хэмээн мэдэгдэж суугаа нь дэндүү хариуцлагагүй асуудал юм. Засгийн газарт ч, УИХ-д ч хийх зүйл их байна.
Наадмын тав хоногийн хугацаанд олон ч асуудал эмхэндээ орох нь мэдээж. Адаглаад л хүчингүй болсон, эрхийг нь түдгэлзүүлсэн лицензүүд энэ хэдэн өдөр эргэн сэргэх бололтой.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталснаар зуны хугацаанд маш олон хайгуулын, ашиглалтын лиценз эргэн сэргэж уул уурхайн салбар урагшаа нэг алхах нь тодорхой байна. Баяр наадмын дундуур баахан лиценз сэргээж холион бантан хутгах нь хэмээн хардаж байгаа сөрөг хүчний болгоомжлол ч худлаа биш. Наадмаас өмнөх хэдэн өдөр маш олон зүйл шийдэгдэх нь тодорхой. Наадмын дараа амраад явчихаас нь урьтаж асуудлаа шийдүүлэх гэсэн хүмүүс ч бужигнаж эхлээд байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд асуудал үүсгээд байгаа "Арева” групп олборлолт явуулах эрхээ авна гэсэн бор шувуу ч нисч байна. Өөрөөр хэлбэл, наадмын тав хоногоор далимдуулан маш олон хууль бус лицензийн наймаа хийгдэх нь үү гэдгийг анхаарлын гадуур орхиж болохгүй юм. Түүнчлэн, Газрын тосны тухай хууль батлагдсанаар наадмын дараагаас уул уурхай, газрын тосны салбарт эргэлзээгүй том дэвшил ирнэ.
Монголыг зорих гадны компанийн тоо ч нэмэгдэж, дотоодын уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зуны гурван сард буцаад хөл дээрээ босч чадах нь ээ. Төмөр замын транзит тээврийн асуудлаа, төрийн өмчийн компаниудын хувьчлалын асуудлыг зундаа багтааж шийдсэнээр намар гэхэд бид маш олон асуудлаа шийдэж чадна гэх итгэлтэй болж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл хөтөлбөр ч эхнээсээ үр дүнгээ өгөх учиртай. 888 төсөл хөтөлбөрөөс дөнгөж 20 гаруй нь зээлээ авсан дүн мэдээ байгаа. Ийм байдлаар назгай хандвал энэ төсөл хөтөлбөрүүд ямартай энэ жилдээ үр дүнгээ өгч чадахгүй. Тиймээс томхон төсөл хөтөлбөрүүд урагшлуулах, намар сургууль цэцэрлэг орох цагаар эдийн засагт ирэх томхон дарамтыг ажралгүй давах бэлтгэлээ наадмын маргаашнаас эхлээд хийе.
Өнгөрсөн баасан гарагт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр, өөрийг нь энэ суудлаас буулгах сонирхолтой хүмүүс өөр нам дотор нэлээдгүй байгаа талаар ярьсан юм. Гэхдээ аль намаас ийм шахалт үзүүлсэн бэ гэдгийг хэлсэнгүй. Энэ мэдэгдлээрээ тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дэнжигнэж эхэлсэн гэдгийг нотоллоо. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын сүүлээр эх орондоо бүр мөсөн ирэх болсныг дуулгав. Ингэснээр МАХН дотор бужигнаан үүсэх нь мэдээж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мөн л өөрийн намын гэсэн хэдэн телевиз, сэтгүүлчдийг цуглуулж улс төрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэгэхээр улс төрийн намууд ч унтахгүй гэдэг нь тодорхой байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр эргэж ирснээр намдаа халаа сэлгээ хийх бор шувуу нисч байгаа нь батлагдах нь. МАН ч гэсэн зуныг зун гэхгүйгээр улс төрийн тоглолтуудыг хийхээр ярилцаж байгаа сурагтай. Олонхийн фракциудын улстөржилт, "Банк оф чайна”-ийн эргэн тойрондох асуудал, Газрын тухай багц хууль гэх мэт халуун зунаар улстөржих сэдвүүд хангалттай их байна.
Монголын мэдээ
Б.Тогтох