Нэр дэвшигчид материалаа СЕХ-д өргөн барьж, зөрлийн хуулийг баталсан долоо хоног

610

Нэр дэвшигчид материалаа СЕХ-д өргөн барьж, зөрлийн хуулийг баталсан долоо хоног

 

Нэр дэвшигчид материалаа СЕХ-д өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, монголчууд тав дахь Төрийн тэргүүнээ сонгоход сар гаруйн хугацаа үлдлээ. МАН-аас намын дарга М.Энхболд,  АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болж бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгсөн. Гэхдээ тэднийг бүртгэж, сонгуульд өрсөлдүүлэх эсэхийг СЕХ гурав хоногийн дотор буюу энэ сарын 14-ний дотор шийднэ. Улмаар энэ сарын 17-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах юм.

 

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Зөрчлийн тухай хууль нь 220 гаруй хуулинд туссан зөрчилтэй холбоотой ойлголтуудыг нэгтгээд буй. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субъектын харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байсан тул шинэчилсэн найруулгаар залруулж байгаа аж.

 

Вьетнам улсын Дэд ерөнхийлөгч Монголд айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад айлчиллаа. Тэрбээр энэ сарын 07-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан юм.

 

Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, батлан хамгааах болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, Аялал жуулчлал, оюутан солилцоог идэвхжүүлэх талаар ярилцаж, Монгол Улсын ХНХЯ, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын асуудлаарх яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Харин айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцсон. Уг уулзалтад Монголын 40, Вьетнамын 23 бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцсэн юм. Уулзалтын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, түүх соёлын өвтэй танилцсанаар түүний айлчлал өндөрлөв.

 

116 дугаар тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарлалаа

Нийслэлийн 116 дугаар сургуулийн сурагчид өнөөдрөөс хичээл хаялт зарлалаа. Тодруулбал, тус сургуулийн 7-12 дугаар ангийн долоон сурагч чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаа болон 116-р сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг шалтгаангүйгээр ажлаас нь халсан үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм . Сурагчид эцэг эхчүүдээ дуудан, хамтдаа эрхээ хамгаалуулахыг хүссэн бөгөөд зарим эцэг эхчүүд нь ирж, хүүхдийнхээ үзэл бодлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

 

Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарлаа

Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарчээ. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ. 

 

Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мөн мэдээллээ. Дашрамд сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаад мөн хоёр алба хаагч осолдсон хэрэг гарсан байна.

 

Хоёр автомашин зогсоол дээрээ шатлаа

Өнгөрсөн долоо хоногт хоёр автомашин зогсоол дээрээ шатлаа. Тодруулбал, Өнгөрсөн лхагва гаригт бас Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах "Талст” дэлгүүрийн замын эсрэг талын зогсоол дээр байсан "Приус 20” маркийн автомашин шатсан юм. Харин өчигдөр буюу энэ сарын 12-нд Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Халдвартын автобусны буудлын орчимд өвөлжин зогсоолд зогссон "Accent” маркийн автомашины бүхээг болон хөдөлгүүрийн хэсэг бүрэн шатсан байна. Энэхүү дуудлагийн дагуу гал сөнөөх аврах 63-р ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан унтраажээ.

Галын улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа юм.

 

Эхнэр, зээ дүүгээ заазуурдсан хятадад ял оноолоо

Эхнэрээ зээ дүүтээ нь хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хөнөөсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Өргөнталыг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

 

Хурлаас Өргөнталыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллалаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Нийслэлийн 46 байршилд газар чөлөөлөх ажил хийжээ

Нийслэлийн Газрын албанаас төвийн зургаан дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, эхний ээлжинд 46 байршилд нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээсэн байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн зам, талбайн газар чөлөөлөлт, зөрчил арилгах ажил хийгдэж, орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэнэ, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>