Shenhua юу, XINHU юу?

213

Shenhua юу, XINHU юу?

 

Олон жилийн турш яригдсан бидний монголчуудын үүц баялаг болоод байгаа Тавантолгойн ордын ашиглалтын гэрээ "хөдлөх” нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл маш сайн төсөл бэлтгээд долоон жилийн турш барьж гүйсэн ч өнөө хэр нь Монголын Төрд үгээ хүргэж чадаагүй гээд сууж буй БНХАУ-ын XINHU группийн төслийн талаарх мэдээлэл сүүлийн үед гарах болов. Тиймээс бид мэдээллийг Shenhua групп болон энэхүү XINHU группийн төслүүдэд чухам юу гэж тусгасныг харьцуулснаа хүргэе.

КОМПАНИЙН ТУХАЙ:

♦ Shenhua групп (Shenhua Group Corporation Limited) нь БНХАУ-ын төрийн өмчийн тэргүүлэх уул уурхай, эрчим хүчний компани юм. "Шинхуа групп”-ыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр 1995 оны аравдугаар сард үүсгэн байгуулжээ. "Шинхуа групп” нь Хятадын хамгийн том нүүрс олборлогч компани юм. 2014 онд тус компани 437 сая тонн нүүрс үйлдвэрлэн 588 сая тонн нүүрс худалдаалжээ. 2014 он "Шинхуа групп”-ын орлого 328.6 тэрбум юань (53 тэрбум ам.доллар)-д хүрч тус компани "Global Fortune 500” жагсаалтын 196-д бичигдсэн байна.

♦ XINHU групп бол үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологийн чиглэлээр ажилладаг томоохон, хувийн өмчит компани юм байна. Мөн нүүрс, боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргах, ус дамжуулах шугам хоолой тавих зэрэг дэвшилтэт технологиороо дэлхийд хэдийнэ танигдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэний эзэмшлийн компани юм.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦСОН БАЙДАЛ:

♦ Тавантолгойн төслийн тендерт хоёр удаа оролцож, хоёр удаа ялсан.

♦ 2010 онд анх Монголын эрх баригчдад танилцуулжээ. Түүнээс хойшх хугацаанд Ерөнхийлөгчөөс бусад нэр нөлөө бүхий УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, сайд, том компанийн захирлууд гэх мэт 100 гаруй хүнтэй уулзсан. Хамгийн сүүлд УИХ-ын дарга З.Энхболдод төслөө танилцуулсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн Засгийн газрын гишүүдтэй ч уулзаж төслөө танилцуулжээ. Энэ групп манай Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийж, томоохон үйлдвэрүүд барих, бүтээн байгуулалт хийх төслийг хэрэгжүүлэхээр 5 000 000 /таван сая/ ам. долларын ТЭЗҮ-ийг боловсруулж бэлдээд байгаа аж. XINHU групп энэ төслийг хийхдээ Хятадын болоод дэлхийн нэр хүндтэй 100 гаруй экспертийг ажиллуулжээ.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

♦ Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Ажиллах хүчний тухайд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх бөгөөд хуульд нийт ажилчдын 90 хувьд заавал монгол ажилтнууд байх ёстойг заасан.

♦ XINHU групп дээрх төсөлд шаардлагатай 50 орчим тэрбум ам.долларыг 100 хувь гаргаж, ердөө зургаан жилийн дотор хэрэгжүүлэхээр төслөө бэлтгэсэн байна. Мөн төсөлд ажиллах нийт ажилчдын 85-90 хувийг монголчуудаас, 10-15 хувийг Хятадаас бүрдүүлэх юм байна.

 

ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР:

♦ Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессын гэрээний хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж ирсэн Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын Төсөлтэй холбоотойгоор зарцуулсан бодит зардлыг консорциумын зүгээс холбогдох санхүү, техникийн болон хууль зүйн дүн шинжилгээнд үндэслэн Засгийн газарт буцаан төлөхөөр заасан байгаа.

♦ Төслийн нэг хэсэг болох төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын шаардлага, стандартын дагуу барина. Иймээс энд төмөр замын нарийн, эсвэл өргөн царигийн маргаан гарахгүй. Хамгийн гол нь энэхүү томоохон төслийг XINHU групп хэрэгжүүлснээр хямд өртөг, байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ ашиглаж, нэмэгдсэн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх гээд олон давуу тал үүснэ гэдгийг тус группийнхэн хэлж байна.

 

ТӨСЛИЙН ДАРАА:

♦ Монголын Засгийн газар 51 хувь, XINHU групп 49 хувийг эзэмшиж төслийг хэрэгжүүлэх бөгөөд тодорхой хугацааны дараа бүтээн байгуулалтуудыг Монголын талд 100 хувь шилжүүлэн өгөх талаар ч төсөлдөө тодорхой тусгасан.

♦ Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ. Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгахаар тусгагдсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.