МЭНДЧИЛГЭЭ

416
МЭНДЧИЛГЭЭМонгол Улсын Газрын тосны салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн ахмадууд, одоо ажиллаж байгаа салбарын нийт хамт олон, эрдэмтэн, судлаач, залуу үеийнхэндээ Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1941 онд "Союз нефть экспорт” нэгдлийн төлөөлөгчдийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авсан тэр үеэс түүхийн хуудсаа эхэлсэн газрын тосны салбар эдүгээ стратегийн ач холбогдолтой салбаруудын нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.
Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил идэвхтэй өрнөж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас 25 талбайд 21 гэрээлэгч Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна. Үүнээс 3 талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.

1998-2017 оны хооронд нийт 44.1 сая баррель түүхий тос олборлож, экспортлон газрын тосны борлуулалтын орлогоор нийт 1,167.7 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээс зөвхөн 2012-2017 оны 4 дүгээр сард нийт 34.4 сая баррель түүхий тос олборлож, экспортлон, газрын тосны борлуулалтын орлогоор нийт 958.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Монгол Улсын хэмжээнд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 3 талбайгаас  2017 онд 1.12 сая тонн газрын тос олборлож, улсын төсөвт 188.15 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг бөгөөд 2015 онд 1,191 мян.тн, 2016 онд 1,227 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн тус тус импортлосон байна. Нийт импортын 94,5 хувийг ОХУ, 3,4 хувийг БНСУ, 1,8 хувийг БНХАУ, үлдсэн 0,3 хувийг бусад улсууд эзлэж байна.
Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2017-2020 онд дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах үүднээс хот, суурин газруудад хэрэглэгдэх шатахуунд тавигдах стандартыг ЕВРО-5 болгохоор төлөвлөж байна.
Хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хууль дээдэлсэн газрын тосны салбарыг хөгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тал бүрээр дэмжиж ажиллах болно.
Эх орны хөгжил дэвшлийн хөдөлгүүрийг тэтгэгч үе үеийн газрын тосны салбарын нийт хамт олон, та бүхэнд болон гэр бүлд тань түүхт 76 жилийн ойн баярыг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, амжилтыг арвиныг хүсэн ерөөе. Хамтдаа амжилтаа ахиулж, бүтээснээсээ ихийг бүтээцгээе. 
 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД                            Ц.ДАШДОРЖ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>