|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Д.ДАМБА-ОЧИР: ЛОМБАРДЫН ХУУЛИЙГ ЦАГДААГИЙН ГАЗАР БИШ СЗХ САНААЧЛАН БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ

Д.ДАМБА-ОЧИР: ЛОМБАРДЫН ХУУЛИЙГ ЦАГДААГИЙН ГАЗАР БИШ СЗХ САНААЧЛАН БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-УИХ-ажлын хэсгээс Монгол банкинд хийсэн шалгалттай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлагагүй ажилласан тухайн үеийн удирдлагуудад хариуцлага тооцох асуудал ч яригдаж эхлээд байна л даа?

-Монголбанкыг гурван их наяд төгрөгийн алдагдалд оруулсан, бодлогын буруу шийдвэр гаргасан гэдэг нь үнэн. Ер нь Монголбанкинд ажиллаж байгаа дараа дараагийн хүмүүст сургамж болж очих ёстой. Арга хэмжээ авах ёстой гэж би бодож байгаа. Найман янзын хөтөлбөрүүдээр үнэ тогтворжуулах зэрэг янз бүрийн байдлаар мөнгийг зах зээлд гаргасан нь үнэн шүү дээ. Ийм л байдалтайгаар өнгөрсөн дөрвөн жил явж ирсэн. Монгол банкны Ерөнхийлөгч тухайн үеийн удирдлагуудын явуулж байсан бодлогууд гаргасан шийдвэр нь буруу байсан. Олон аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас маш бага хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ 15-16 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан. Энэ бол зориулалтын бус. Хариуцлагын асуудал яриад эхлэхээр улс төржүүлээд замхруулах үйл явц ажиглагдаж байна. Үүнийг би буруу гэж үзэж байна.

-Сөрөг хүчний зүгээс тогтоолоор хуулийн байгууллагад чиглэл өгч байна. УИХ ийм тогтоол гаргах нь эрх зүйн хувьд буруу юм гэж шүүмжлэл гарч байна.

-Би дээр хэлсэн энэ шалгалтын үр дүнг улстөржүүлэх хэрэггүй юм. Энэ нь хариуцлага тооцохгүй асуудлыг замхруулах гэсэн л арга.

-Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсож байхад таны зүгээс зарим асуудлуудад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал ломбард. Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбогдсон хуулийг ЦЕГ боловсруулж байгааг та шүүмжилж байсан?


-Ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, банкнуудтай холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг. ЦЕГ-ынх биш. Өнөөдөр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл явуулж байгаа энэ газарт хууль алга. Ийм учраас цагдаа хариуцдаг. Үүнийг цэгцлэх шаардлага нэгэнт бий болсон. Иргэдээс үнэт эдлэлийг маш хямдхан барьцаалаад хугацаандаа мөнгөө төлж аваагүй бол зах зээлийн үнээс доогуур худалддаг. Үнэ бол дээрэм. Энэ нь хуулийн зохицуулалт хяналт байхгүйгээс үүдэлтэй. Ард иргэд хямралтай энэ үед аль нэг санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй. Гэхдээ тэдэнд хамгаалах механизм хуулийн орчин хэрэгтэй байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хийх ёстой. Ломбардны хуулийг СЗХ санаачлан оруулж ирэх хэрэгтэй. Энэ нь зээл гаргаж байгаа аж ахуйн нэг болон зээлдэгчийн зүгээс үүрэг хариуцлагатай болгох үйл явц. Хуулийн хамгаалалт хэрэгтэй.

-Манай улсад одоогоор хичнээн ломбард үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа 1500 гаруй аж ахуйн нэгж байгаа юм билээ.

-Эдгээр аж нэгжүүдэд хамгийн түрүүн ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж харж байна вэ?

-Хамгийн эхэнд тухайн аж ахуйн нэгжийг үүрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү санхүүгийн үйл ажиллагааг эрхлэхийн тулд тодорхой шаардлагуудын хангасан зөвшөөрөлтэй байх. Зээлдэгчийг хамгаалах, хугацаа, хүү гэх зохицуулалтуудыг зайлшгүй хийх хэрэгтэй байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо анхаарал хандуулж ажиллах байх.

Эх сурвалж: П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.