Л.Балхжав: Хотоо хайрлаж, ирээдүйнх нь тухай боддог байх л хэрэгтэй

1306
Л.Балхжав: Хотоо хайрлаж, ирээдүйнх нь тухай боддог байх л хэрэгтэйХөг аялгуу, дуу хууран дунд төрж өссөн Л.Балхжав 1970 аад онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийг дүүргэж, улмаар телевизийн мэргэжлийг эзэмшихээр эх орноосоо алс хол Польш, Орос, Амөрик улсуудыг зорин явсан нь түүний доторх сэтгэлийн аялгууг хөглөжээ.

Эх орон төрөлх нутгийнхаа хөх тэнгэр, цэнгэг агаар, салхийг санагалзан, нуруугаар зурсхийх агшинд хөврөн гарч байсан аялгуу нь эх нутгаа хайрласан, магтан дуулсан олон арван уран бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг.

Мөн Монгол хөгжмийн хөг, морин хуураас эгшиглэх пентатоник аялгуунуудыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, Монгол хүний сэтгэлийг татах аялгуутай хоршин дуудах авъяасыг хорвоо ертөнц түүнд заяасан нь олон олон хүмүүсийн сэтгэл оюуныг цэнгүүлэх увидасын түлхүүр нь мэт санагдана.

Энэ удаагийн дугаартаа Урлагийн гавъяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л. Балхжавтай ярилцлаа.

-Ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Та Улаанбаатар хотын унаган хүүхэд шүү дээ?

-Тийм ээ, би Улаанбаатар хотын унаган иргэн. Аав, ээж маань Төв аймгийнх. Би бол хотод, төрж өссөн. Нэгдүгээр төрөхөд төрсөн гэдэг. Хүүхэд насаа хоёрдугаар 40 мянгатад өнгөрүүлж байлаа.

Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж төгссөн. Яг л социализмын үеийн хүүхдүүд яаж бойждог байсан билээ тэр л замаар өсч торнисон доо.

Гэхдээ хөдөөний амьдралаас ч тийм хол өсөөгүй. Өвөө, эмээ минь хөдөө амьдардаг байсан болохоор зуны амралтаа хөдөө өнгөрөөдөг байлаа. Тийм учраас хөдөөний амьдралыг мэддэг хотын хүүхэд байлаа даа.

-Таны хүүхэд байхын үеийн Улаанбаатар одоогийнхоос их л эмх цэгцтэй байсан байх даа?

-Юм цөөхөн байхдаа эмх цэгцтэй байдаг байх. Тухайн үед Улаанбаатар маань ийм олон иргэнтэй байгаагүй. Анх төлөвлөхдөө ч ийм өнөр олуулаа болно гэж төлөвлөж, зохион байгуулалт хийгээгүй байх л даа.

Өнөөдөр бол маш олон иргэнтэй, дэлхийн хэмжээний хот болчихоод байна шүү дээ. Түүнийгээ дагаад хөгжил, бэрхшээлийн аль аль нь харагдаж байна. Хүн төвлөрсөн газарт асуудал тэртэй тэргүй байдаг шүү дээ.

-Ингэхэд тухайн үеийн залуус хотын хаана болздог байсан бол. Танд ч гэсэн болзоонд явж байсан сайхан дурсамжууд байгаа байх?

-Ер нь тухайн үед Төв шуудангийн өмнө, Сүхбаатарын талбайн урд талын сааданд л ихэнх залуус уулзаж, тэнд л тоглож, болзож цагийг өнгөрүүлдэг байсан санагдана.

Үе үедээ дурсамж болоод үлдэх юм даа. Харин би гэргийтэйгээ Ленинградад оюутан байхдаа танилцаж байлаа.

-Ленинградын цагаан шөнийг анх үзсэн жил нь хэдэн он болж таарч байна даа?

-1982 он юм аа. Ёстой миний амьдралд дахин заяахгүй сайхан он жилүүд Ленинградын цагаан шөнүүдийн доор өнгөрсөн дөө. Гэгээн сайхан залуу нас, анхны учрал, анхны харц тулгаралт, анхны болзоо, анхны минь үрийн дуу гээд дахиж хэзээ ч тохиолдоогүй цав цагаан цаас шиг л азтайхан сайхан үе минь тэнд үлдсэн дээ.

-Эхнэртэйгээ учирсан анхны тохиолдлоо арай жаахан дэлгэрүүлээч?

-Манай хүн бас л нэгдүгээр курст сурч байлаа. Улс тунхагласны баяраар оюутнууд цуглаад хурал хийсэн юм. Тэгэхэд л анх эхнэрээ олж харж байлаа. Яг миний урд талын эгнээнд Ойн академийн баахан охин сууж таарсан юм.

Тэдний дундаас тормолзсон хар нудтэй охин яах аргагүй анхны харцаар л нүдэнд туссан юмдаг. Тэдний сургуульд тав зургаан охин ганц ч эрэгтэй оюутангүй байж таарсан. Дарханы театрын найруулагч Цогт, "Говийн зэрэглээ” киноны захирал жүжигчин Эрдэнэтогтох бид хэд нэг сургуулийн найзууд ард нь сууцгааж таарсан.

Тэр өдрөө яаж ийж байгаад л танилцчихсан юмдаг. Тэгээд оюутнууд л болсон хойно хамтарч тэмцээн зохиож байна гэж гүйсээр байгаад л аваад суучихсан юм даа. Ленинградын цагаан шөнүүдийн дундаас олж авсан хамгийн үнэт эрдэнэ минь эхнэр маань л юм даа.

-Та яаж танилцсанаа ярилаа. Харин анхны болзоогоо ярьсангүй?

-Анхны болзоог бол бараг л хүчээр тааруулсан юм аа. Нева мөрний гүүр шөнийн нэг цагт дээшээ сөхөгдөөд онгойдгыг хүмүүс мэдэх байх. Манай эхнэрийн сургууль гүүрний нөгөө талд байдаг байлаа.

Нэг удаа тэдний сургууль дээр очиж төрсөн өдөр тэмдэглэж, Эрдэнэтогтох бид хэд зориуд шөнө хоёр хүргэж гүүр онгойхыг хүлээн тэндээ үлдэж байлаа. Тэгж л зохион байгуулалттай ажиллаж байлаа шүү дээ / инээв/.

-Тэгвэл ирээдүйн ханиа өөрийн болгож авахад Нева мөрний гүүр танд ихээхэн тус болжээ дээ?

-Тэгэлгүй яах вэ. Гүүр дээшээ өргөгдөж бид нөгөө талд нь гарах аргагуй болсноор тэндээ үлдэж, шөнөжингөө гитардан дуулсаар эхний болзоо яригдаж, өнөөдрийн миний амьдрал эхэлсэн түүхтэй. Хувьсгалын тохироо бүрдэх гэдэг чинь л үүнийг хэлээд байгаа юм шүү дээ.

-Нийслэлийн гэх овогтой телевизийг та удирдаж байгаа хүний хувьд иргэддээ хандаж юу гэж уриалах вэ?

-Хэн нэгэн замыг сайхан янзлаад бид түүн дээр нь сайхан амьдарна гэж бодож болохгүй. Бүгд л адилхан үүрэг, хариуцлагатай байх хэрэгтэй л дээ. Ядаж өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй шүү дээ. Энэ бүгдээс л эхэлнэ.

-Тэгэхээр л хүүхэд байхаас нь хотын соёл, ухамсар төлөвшүүлмээр санагдах юм?

-Тийм шүү, хамгийн гол нь хүн ухамсартай байх хэрэгтэй. Голын эрэг дээр зугаалж болно, ууж идэж болно. Гол нь босоод явахдаа л тарьсан хогоо цэвэрлэчихээд явах ухамсартай байх хэрэгтэй юм.

Өөрийн төрөлх хотоо "Би эндээс төрсөн шүү. Миний дараа дараагийн үе, хүүхдүүд энэ газарт ажиллаж амьдрах юм шүү” гэж бодон, хотоо хайрлаж, хотынхоо ирээдүйн тухай боддог байх л хэрэгтэй.

Ингээд л дор бүрнээ хичээгээд эхлэхэд хот хөгжинө. Тэрнээс биш зөвхөн хотын удирдлагууд юмуу, хоттой холбоотой хариуцлага хүлээдэг хүмүүс энэ талаар ямар ч шийдвэр гаргаад иргэд нь дэмжихгүй л бол явахгүй шүү дээ.

-Энэ ч утгаараа таны толгойлж буй "UBS” телевиз нийслэл хотынхоо өнгө төрх, хөгжил цэцэглэлт рүү хандсан төсөл, нэвтрүүлгүүдийг түлхүү бэлтгэж үзэгчдэд хүргэдэг байх?

-Мэдээж Улаанбаатараараа, нийслэлээрээ овоглосон телевиз Монголдоо ганцхан. Бид чин сэтгэлээсээ энэ сайхан овог, Азийн цагаан дагинаар овоглож яваа. Тийм ч учраас Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн ард түмэндээ хүргэж, тэдний өмнө дэлгэн тавьж байх ёстой.

Хотын удирдлагуудын зүгээс хийж, зохион байгуулж байгаа ажлыг иргэдэд хүргэх, эргээд иргэдийн санал, бодлыг удирдлагуудад хүргэх гүүр болох тал дээр илүү их анхааран ажилладаг.

Үүнээс улбаалан "Дэлхийн хот Улаанбаатар”, "Хогондоо”, "Ногоон ирээдүй" гэх мэтчилэн олон төслүүдийг хэрэгжүүлэн үзэгчиддээ хүргэж байгаа. "ХХLadу” төсөл ч хотын иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулсан. "Улс төрд шинэ манлайлагч" гэж төсөл байна.

Улс төр гэж үг л баигаа болохоос биш үндсэндээ нийслэл хот, дүүргийн хэмжээнд ажиллаж чадах залуу үеийг л бэлтгэх зорилготой. Дуу ч гэсэн адил. "Universe best song’s” төсөл ч хотын залуус дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэлээр дуулдаг болохын анхны алхмыг л хийлгэж байгаа юм.

Түүнээс биш бүгд дуучин болно гэсэн үг биш шүү дээ. Манай хотод бусад хотуудад байхгүй бахархмаар онцлогууд зөндөө байгаа. Тэр бүхнийг үзэгчиддээ хүргэх нь бидний зорилго. .

-Хувь уран бүтээлч, хөгжмийн зохиолчийнхоо хувьд ч тэр эх орон, нийслэл хотоо магтан дуулсан их олон уран бүтээл туурвисан?

-Ер нь миний уран бүтээлийн нэлээдгүй хэсгийг эх орны сэдэвтэй дуунууд эзэлдэг. 60 орчим хувь нь энэ сэдвээр бүтсэн байдаг юм. "Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, "Эх орноо хайрлая залуусаа”, "Амин нутаг”, "Талын Монгол айл”, "Би эх оронтойгоо адилхан”, "Би Монгол хүн” гэх мэтчилэн.

-Таны зохиосон "Амин нутаг”, "Талын Монгол айл”, ”Өлөө шиг эх орон” гээд аялгуулаг сайхан дуу олон бий. Дууны уран бүтээлийн хувьд та яах аргагүй хүчтэй төлөөлөгч. Хойшдоо дан хөгжмийн бүтээл ч юм уу, жижгэвтэр симфони удиртгал гээд ер нь хөгжимд зориулсан бүтээл туурвих болов уу ?

-Мэргэжлийн хөгжмийн зохиолчид дуурь, симфони, бүжгэн жүжиг, дан хөгжмийн зохиол гээд маш олон төрлөөр уран бүтээлээ туурвицгаадаг. Миний хувьд дууны уран бүтээл дээр л ажилласаар ирлээ.

Хойшдоо ч энэ чиглэлээрээ л явах байх. Харин зүгээр миний дуунуудын ая эгшгийг янз бурийн хөгжимд зориулаад найруулан тоглож байгаа зүйл бол байгаа. ОХУ-ын саксфончин Дима гээд залуу миний дуунуудыг хөгжмийн найруулга болгоод тоглож байна. Манай Д.Өлзий-Орших, И.Болоож хоёр хуртэл гитар хөгжимд зориулан найруулаад тоглож л байна.

Симфони оркестр миний дууг найруулаад тоглож байгаа. Сүүлд Б.Чинбат "Амин хайрын эх орон”, "Өлөө шиг эх орон" зэрэг дөрөв, таван дууг минь нэгтгээд нэг найруулга болгоод тоглолоо.

Миний бяцхан авьяасаар бүтсэн аялгуунуудыг минь өөр олон сайхан уран бүтээлч баяжуулаад бүхэл бүтэн хөгжмийн найруулга болгоод тоглож байгаа нь надад сайхан л санагддаг. Миний дуунууд бол хөгжмийн бүтээл болгоод баяжуулан өөрчилж болохуйц ая дантай байдгаараа л бусдаас ялгардаг гэж боддог.

-Тун удахгүй таны "Миний дуунууд” тоглолт 16 дахь жилдээ тоглогдох гэж байна. Энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийн тоглолтоос юугаараа онцлог болох бол?

-Энэ жил кино, жүжгийн дуу ихэвчлэн дуулагдана. Дуу, болон хөгжмийн 30 гаруй бүтээл тоглогдохоор болоод байна..

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Нийслэлчүүддээ нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн баярын мэндийг хүргэе. "UBS” телевиз та бүхэндээ та бүхний үзэхийг хүсч байгаа бүхий л төрлийн уран бүтээлүүдийг хүргэж байхыг үргэлж хичээх болно.
Нийслэл таймс
А.Халиун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>