|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

ЦАХИМ ЭХ ОРОНЧИД ОО, ЭХ ОРОН ЧИНЬ ШАТАЖ БАЙНА

ЦАХИМ ЭХ ОРОНЧИД ОО, ЭХ ОРОН ЧИНЬ ШАТАЖ БАЙНА
Та энэ зургийг харж байна уу? Энэ бол таны "Миний эх орон” хэмээн цээжээ дэлддэг Монгол Улсын газар нутгийн нэг хэсэг. Улс төрчид, нэр дэвшигчдээс өмгөөлөн, харамласан, хамгаалахыг хүссэн таны газар нутаг. Тэнд түймэр асаж  байна. Таныг утас, компьютерийнхээ цаанаас ёс журамт иргэн хүний дүрээр улстөржиж суух хооронд эх орны чинь үнэт баялаг ой мод шатаж байна. Нийт нутгийн талаас илүү хувь нь гандуу хуурайшилттай байгаагаас үүдэн ой хээрийн түймрийн тоо буурахгүй хэвээр байна.

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг түймрийн утаа бүрхчхээд байгааг та харж байгаа байх. Хэдийгээр нийслэлийн орчим ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байгаа юм.

Өнөөдөр Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 6 түймэр байна. 

 Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.

Онцгой байдлын газраас амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсаар байна. Цахим орчинд иргэд ч  бас түймрийн зураг тавьж, анхааруулсаар байна. Гэхдээ тэднээс ус бариад галын шугам руу зорьж байгаа нь цөөхөн. 

Галын шугамд алба хаагчид өдөр шөнөгүй өглөө оройгүй зүтгэсээр байна. Харин бид өдөр шөнө, өглөө оройг ялгалгүй улстөржсөн ч дахин сонгуульд долоон тэрбумыг зарахаар болчихоод байна. Хэрэв энэ мөнгөөр улаан гал руу нүцгэн шахуу очдог гал сөнөөгчиддөө техник хэрэгсэл авч өгсөн бол...

Хамгийн сүүлд Улсын баатар хотын дарга асан Э.Бат-Үүл ард түмнээ тэмцэлд дуудан, уриалж олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Улсын баатар хэмээн эрхэм алдрыг тэр тэмцэгчийн дүр хэмээн ойлгосон энэ. Уг нь эрхэм баатар Үүл дарга эх орончийн дүрээр галын шугамд зүтгэж байгаа алба хаагчдадаа тус хүргэж, гал түймэр унтраахад ард түмнээ уриалсан бол улсын баатар шиг харагдах байлаа. Гэвч тэр болоод цахим эх орончид улстөржсөөр байна.

Яг одоо Монгол Улсад улстөржсөн эх орон ч иргэн биш ус барьсан эх орон ч иргэд илүү хэрэгтэй байна....

http://olloo.mn/n/44153.html

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.