Монгол Ардын Намд юу болов

600

Монгол Ардын Намд юу болов

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ойртох тусам улс төрийн "гал тогоо” жинхэнэ утгаараа буцалж байна. Өрсөлдөж буй хоёр намынхан дор бүрнээ хөдөлгөөнтэй байгаа ч МАН-ыхны салхи хүчтэй сэвэлзэж, хэвлэлийнхэн тэр бүрт нь сонор сэрэмжийг алдахгүй байгаа тул удирдлагууд нь сандарсаар. Мэдээж хариуцлагатай санал хураалтын өмнө тухайн улс төрийн нам, нэр дэвшигчийн талаар "сөрөг” мэдээлэл тархах нь үр дагавар муутай нь хэнд ч ойлгомжтой зүйл. Тиймээс тэд дотоодын "зодооноо" ойрын хугацаанд аль болох нуух гэж оролдож байна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Ерөнхийлөгчийн хоёр шаттай сонгууль явагдах боллоо. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад хариуцлагын асуудал ярина гэж юу байдаг юм. Харин Удирдах зөвлөл юунаас болж ийм үр дүн гарав гэж хуралдаж, ганц нэг хүн үг хэлсэн байх талтай. Би байгаагүй. Ер нь энэ сонгуульд хар пиар, монтаж, байдлыг ажиглахад гүйцэтгэх ажлыг их эртнээс төлөвлөж, зохион байгуулсан тал харагдаад байгаа. Өмнө нь  сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн. Даанч харамсмаар.

Нэр дэвшигчид Монгол төрийн тэргүүн болох гэж өрсөлдөж байгаа. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монгол төрийн тэргүүний сонгуулийг сурталчилж байгаа гэдгээ огт мартаж болохгүй. Хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр  гарсан хар пиар, гүйцэтгэх ажил. Гүйцэтгэх ажилтай холбоотой хэсгийг мэргэжлийн хүн хийсэн. Сонгуулийн маш муу арга орж ирлээ” хэмээн мэдэгдсэн бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Улс төрийн хүчин бүгд л сонгуулийн үр дүнг дүгнэж хуралддаг. МАН-ын Удирдах зөвлөл дангаараа хуралдаагүй. УИХ дахь МАН-ын бүлэгтэй хамтарч хуралдсан. Манай намыг дотооддоо хагарч бутарсан юм шиг яриад байна. Өөрсдийнхөө намыг хагалан бутаргаж болно л доо. Хүний намыг битгий хагалаач ээ гэж хэлмээр байна. Засгийн газрын хувьцааны үнэ ханшийн хувьд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байна. Зөвхөн Засгийн газрынх биш. Манай аж ахуйн нэгжийн хувьцааны үнэ ханш ч гэсэн тодорхой хэмжээнд буурч байна” гэжээ.

МАН-д дотор хариуцлагын болоод шинэчлэлийн салхи үлээлгэж байгаа хүнээр У.Хүрэлсүхийг нэрлээд буй. Учир нь У.Хүрэлсүх ба хуучин МАСЗХ-ныхны хариуцаж ажилласан хэсгүүд дээр М.Энхболд алгасалгүй унасан нь тодорхой болсон хэмээцгээж буй. Тэгвэл У.Хүрэлсүх энэ талаар ч мөн тайлбар өгчээ. "Нам, бүлгийн хамтарсан хуралдаанаар ам зөрсөн зүйл гараагүй. Би Ерөнхий сайдын удирдлага дор ажиллаж байгаа хүн. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Сонгууль болж байна. Ажиглаад байхад сонгууль хар мэдээлэл дунд өрнөж байна. Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал болсон. Сонгуулийн үеэр яаж ажиллах, юун дээр алдаж онож байгаагаа аль ч улс төрийн хүчин ярьж дүгнэдэг биз дээ.  Түүнээс биш хэл ам гараад, Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, янз бүрийн хатуу үг шидэлцсэн зүйл байхгүй.

Намын даргад хариуцлага тооцох асуудал яригдаагүй. Хэзээ хариуцлага тооцох вэ гэдэг нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Сонгууль дуусаагүй байна. Үр дүн гарах ёстой. Хоёр дахь шатны санал хураалт болох гэж байна. Сонгуулиар ямар үр дүн гарахыг аль ч нам мэдэхгүй. Сонгууль бол ард түмний сонголт. Би Онцгой байдлын сайдын хувьд гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз бүрээр ярьж бай гэж хэлдэг” гэсэн байна. 

Ямартай ч МАН-ынхан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл дотоодын зодоон ил болж, хариуцлага яригдаж эхэлнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна.

http://www.24tsag.mn/content/152018.shtml

 

Эх сурвалж: 24tsag.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>