“Miss Mongolia 2014″ тэмцээний булхайг оролцогч нь илчлэв

75485

“Miss Mongolia 2014″ тэмцээний булхайг оролцогч нь илчлэвМисс Монголиа шоу

              Идээ бээрийг эртхэн янзлахгүй бол ялзраад засал авахгүй болдог. Нийгэмд ялзралыг бий болгогч тодорхой бүлгүүдийг илчилж байхгүй аваас хэн хохирох вэ. Та бид, та бидний үр хүүхдүүд л хохирно. Би Мисс Монголиа холбоо ба түүний хамсаатангуудын тухай ярьж байна. Тэмцээний оролцогч охидын талаар би сайн муу хэлэх гэсэнгүй. Харин зохион байгуулагч томчуудын тухай ярьж байна.

Амьтны хараал идэн байж ингэж үнэнийг ярьж бичээд байгаагийн минь учир нь би л биш бол өөр хэн ч хэлэхгүйд байгаа юм. Ирэх жилүүдэд мисс болчих юм сан, ирээдүйд загвараараа явах юм сан гэсэн бодолтой бусад оролцогч нар замд нь садаа болох юманд өөрсдийгөө хутгахгүй шүү дээ.

Ингээд хөшгийг өмнө тань сөхье.

ТҮРҮҮЛЭХЭД ДҮРЭМ ЖУРАМ ХАМААРАЛГҮЙ

Тэмцээний эхний шатны шалгаруулалтаар олон ч охин хасагдаж, нулимстай гэртээ харьсан. Гэвч комкартны зураг авалттай өдөр гэнэт шалгарсан 16 дээр нэмэгдээд шинэ хүн ороод ирэв. Бидэнд зохион байгуулагчид ямар ч тайлбар өгөөгүй ба нэг талаар төслийн удирдагч эмэгтэй тэр охинтой жигтэйхэн найзархаж байхыг харахад бараг тайлбар илүүц байв.

16 оролцогчийг шигшиж үлдээнэ гэж удирдамждаа баталгаажуулсан байж 17 номертойгоор тэр охиныг ийн нэмэв. 17 хүн тэгш хуваагдахгүй гэх шалтгаар уг оролцогчийг хамгийн гэрэл сайтай тайзны төвд зогсоох, танилцуулга материал дээр хоёр хүний зургийг нэг нүүрэнд тавьсан хэрнээ ганц тэр оролцогчийг нэг нүүрэнд ганцааранг нь байрлуулах зэрэг, түрүүлүүлэхээр зэхсэн хүнээ онцгойрон харагдуулах бүхий л аргыг сүвэгчилж байв.

Бас болоогүй, дээр дурдсан оролцогч маань насанд хүрээгүй гэж байгаа. Анхны тавигдах шалгуурт 18-25 насны эмэгтэй гэж тодорхой заасан байгаа шүү дээ! Англиар өөрийгөө танилцуулж, ойр зуурын асуултанд хариулах ярианы дадлагын хичээлтэй өдөр уг оролцогч ганц ам нээлгүй ган хийтэл чимээгүйхэн хар шилнийхээ ард нуугдсаар гарсан. Энэ хүүхдийг нэг жил хэл усыг нь давтуулж байгаад, нас нь болохоор ирэх жил оруулчихаж яагаад болоогүй юм бэ. Тэгвэл өөрт нь ч сайн байх сан.

9 сарын 12-нд анкетийн бүртгэл дууссан атал уг оролцогч тэмцээний сүүлч хүртэл анкетаа ч хураалгалгүй явсан. Авьяас, оюунлаг миссийн шалгуурууд дээр шүүгчид анкет харж оролцогчдоос асуулт асууж байсан. Гэтэл яаж, яагаад энэ хүн ганцаараа анкетгүй яваад болоод байв аа.

Өглөө 20 мин хоцорсноос болж олон хүний өмнө "мэдрэл муутай” гэж загнуулсан оролцогчийг би мэднэ. Гэтэл дээрх оролцогч бүхэл бүтэн нэг, хоёр цагаар нь хэчнээн ч удаа хоцров. Тэглээ гээд мэдрэлээрээ дуудуулах нь байтугай муухайгаар нэг ч хэлүүлээгүй.

ДОТООД ГОО САЙХАН Ч БАС ХАМААГҮЙ
ЕР НЬ ЮУ Ч ХАМААГҮЙ
ГОЛ НЬ МИССИЙН ШАВЬ БАЙХ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ТАНИЛ БАЙХ!

Эд ийм маягаар дүрэм журмаа өч төчнөөнөөр нь хээв нэг зөрчдөг хэрнээ "тэмцээний нэр хүнд” гэж ярих дуртай улс. Энэ тэмцээнд нэр хүнд гэж юм байгаа юу. Байгаа бол хий хоосон л зүйл байж таарна. Учир нь төслийн удирдагч хийж буй хүн нь өөрөө өдий насны хүнд баймгүй харилцааны соёл муутай, ялгавар үзэлтэй, долигонуур нэгэн байдаг юм.

Би жишээ хэлье. Тэмцээнд орж буй охидын нэлээд нь бие биенээ дотно таньдаг, нийлдэг л дээ. Тэр яахав, байдаг ба байж болох зүйл. Гэвч үүнээс ургаж асуудал үүсвэл хэн нэгний талд оролгүй, хөндлөнгийн байр суурьнаас харж эвтэйхэн зохицуулах нь зохион байгуулагчдын үүрэг. Модель, бикини мисс шалгаруулалтын дундуур, тайзны ар дахь бяцхан толийг Андрагийн хоёр охин хоёулхнаа эзэгнээд, ард нь хүлээж зогсоо хүнийг бодолцохгүй байсан тул "бусаддаа ч гэсэн харах боломж олгооч” гэж учирласныхаа төлөө би мөр рүүгээ чичүүлж, хэл амаар доромжлуулав. Тэмцээний дараа, хэл амаа ололцох санаатай очтол /уучлал гуйвал хүлээж аваад болсон явдлыг мартая гэж бодсон нь тэр/ юун уучлалт мантай нэмж элдвээр хэлүүлэв ээ. Монгол Моделийн найзууд нь ч учрыг нь олоогүй байж уухайлан найзаа түрж өмөөрөв. Энэ бол мисс хүмүүст байж боломгүй авир шүү. Надаас 4, 5 насаар бага, миний дүү нар шиг охид гээд би хар буруу санасангүй. Хүнтэй хүндэтгэлтэй харьцаж сурвал өөрсдөд нь л хэрэгтэй гэж бодож зохион байгуулагчид нь учрыг хэлбэл /тэр хүний үгийг арай нэг өөрөөр хүлээж авна биз/ хэрэг эсрэгээрээ эргэж, би буруудаж дуусдаг юм байна.
Гурван хүнийг нүүрэлдүүлэхэд хоёроор нь л яриулаад байж болох уу. Гурав дахь нь үг хэлэх гэхээр өөрийгөө өмөөрлөө, боль энэ тэр гээд. Юмыг наанатай цаанатай харах ухаангүй хүмүүсийн нүдэнд ийнхүү би хүнд дуугүй дээрэлхүүлж зогсоогүйнхээ төлөө хэлтэй амтай болж, агентлагийн охидууд бол яаж ч авирласан сахиусан тэнгэрүүд болж таарав. Тунгалагтуул гэгч төслийн удирдагч эмэгтэй юу болсныг нүдээрээ харж чихээрээ сонсоогүй байж танил охидоо өмөөрч, яасан яасан бацаан гэж доромжлохоор нь та ч их бүдүүлэг, харьцааны соёлгүй юм аа гээд үнэнийг нь хэлчихэв. За ингээд, түүнээс хойш шалгуур бүрийн шүүгчид, арын албаныханд миний талаар сөрөг сэтгэгдэл төрүүлэхээр энэ хүн байдгаараа хичээж, зүсэн зүйлийн хор найруулж гүйсэн дээ.

Би сайн биш байж болно, сайхан ч биш байж болно-тэр бол хувь хүний дүгнэлтийн асуудал ба би сайн санааны шүүмжлэлийг хүлээж авахад хэзээд бэлэн. Гэхдээ өөрсдөө ийм худал хуурмаг, муухай энергитэй улсууд байж хүний оюуныг, авьяасыг шүүнэ гэж юу гэсэн үг вэ. Фото миссийн гол шалгуур бол фейсбүүкийн лайк гэж өөрсдөө хэлсэн, удирдамждаа ч бичсэн. Тэгтэл бор зүрхээрээ оролцогч би хамгийн их лайкийг нь авчихсан чинь шүүгчид шүүнэ ээ гэнгүүтээ фото миссэд нэр дэвших эхний гурван хүний дунд ч нэрийг минь бараа сураггүй үлдээв. Төслийн удирдагч гэх дээрх эмэгтэй фото миссийн шүүгчээр мисс Содтуяа нарын хамтаар зэрэгцэн сууж далд шүүлт явуулжээ. Энгийн хүн бол шаардлагатай материалыг хураалгаагүй гээд, аль хэдийн хасагдах байсан газар, мисс Содтуяагийн шавь бол 20 хоногийн турш цээж зургаа хураалгахгүй явсаар финалын тайзан дээр гарахаас 2 цагийн өмнө зургаа авчирч өгөөд, зэмлүүлэх байтугай фото миссийн шагнал авдаг юм байна аа.

ОРОЛЦОГЧИЙН ОЮУН УХААН ЧУХАЛ БИШ
ШҮҮГЧИД ӨЛСӨЖ ЦАНГАХГҮЙ БАЙХ Л ЧУХАЛ

Оюунлаг миссийн шалгуур: Урьдчилж өгсөн сэдвээр илтгэл тавих нь бусдын туслалцаа авах, презентацаа хүнээр бэлдүүлэх магадлалыг өндөрсгөдөг. Иймд хоёр дахь шат буюу, шууд сэдэв өгч яриулах нь хүний жинхэнэ чадварыг харуулах тул түүнд их найдаж байсан билээ. Тиймдээ ч эхний илтгэлээ эх хэл дээрээ тавьж, япон хэлийг хоёрдугаар шатанд нөөцөлсөн юм. Тэгтэл шүүгчид ядарлаа гэнгүүтээ хоёрдугаар шатыг шууд цуцалчихаж байгаа юм. Үнэхээр дэндүү зохион байгуулалт муутай. Дээрээс нь хөндлөнгийн шүүгчид авчирна л гээд байсан, бантан хутгагч төслийн ерөнхий менежер эмэгтэй шүүгчдийн дотор орчихсон сууж байгаа юм.

ХУДЛААГААСАА МУНДАГ МИССЭЭ ЯВУУЛАХГҮЙ

ЖИНХЭНЭЭСЭЭ МУНДАГ МИССЭЭ ЯВУУЛНА

ЖИНХЭНЭЭСЭЭ МУНДАГ МИСС НЬ ХУДЛАА CV-ТЭЙ

ТЭГЭХДЭЭ ЯАХАВ, ТЭР ХОЁРЫН ДУНДАХЫГ БАС ЯВУУЛМААРГҮЙ БАЙНА

УЧИР НЬ БАНТАН ДЭЭРЭЭ ГУРИЛ НЭМЖ ӨТГӨРҮҮЛЖ ИДВЭЛ ИЛҮҮ АМТТАЙ

Тэргүүн, дэд, мөн 6 номинацийн эздийг шалгаруулах журамтай атлаа тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө гуравдугаар байрын эзэнг тодруулна гэв. Оюунлаг мисс болсон охин гуравдугаарт орж, Мисс Интернэшнлд оролцохоор явав. Эхний хоёр чинь олон улсын шаардлагыг хангаж чадаагүй юм бол титмийг нь эргүүлэн хураагаач ээ. Эс бөгөөс тэгж бөөн юм болж байж гаргаж ирсэн тэргүүн миссээ тэмцээнд нь явуулаач ээ.

Тэргүүн байрын эзэн Мисс Интернэшнлд явдаг зарчим 10 жил үйлчилсэн. Зарчимдаа өөрчлөлт хийх байсан юм бол, тэмцээн дууссаны дараа биш, зарлал тарааж охидыг оролцооч гэж урьж байхдаа хэлэхгүй яасан юм бэ. Дээрээс нь, олон улсын тэмцээнд явуулж байж тэр миссийнхээ CV-г нь зас. Америкт сургуульд сурдаггүй хэрнээ сурдаг гэж, Японд очиж худлаа ярьж улсын минь нэрийг балагтуулаад яах нь вэ. Мисс Монголиа холбооны хувьд "оюунлаг” хүний нэгээхэн шалгуур нь худал хэлэх байдаг юм бол уу.

Түрүү жилийн миссүүд финалийн үеэр тайзан дээр шагнал гардуулах гэж ирсэн байв. Миссийн хувьд /хувиараа биш алба ажлаар/ ирсэн гэж ойлгож болно. Гэтэл тайзны ард орж ирээд бусад оролцогчидтой мэнд ч мэдэхгүй /мэдсэн ч хариу дуугарахгүй/ атлаа тэмцээнд орж байгаа найздаа тусалж, хацар уруул дээр нь үнсэж үлгэж, инээж ханиана. Мисс Бадамгэрэл ч шавьдаа онцгой анхаарал тавина. /Бадамгэрэл зөвхөн мисс бикини дээр шүүгчээр суусан ба шавь нь мисс бикини болсон юм. Яг л Содтуяа фото шүүгч хийж, шавь нь фото мисс болсон шиг/

Энэ миссүүд, зохион байгуулагч нар чинь дотоод гоо сайхан гэдгээ өөрсдөө ч ойлгоогүй амьтад явж байна шүү дээ. Зөвхөн камерийн урд, тайзан дээр, өөрт нь ашигтай хүний урд, дуртай хүнийхээ урд инээдэг, бусад үед дэндүү их зантай хүмүүс монголын ирээдүйн миссүүдийг яг л өөрсөд шигээ бэлдэж байгаа нь харамсалтай. Мисс багш нар нь өөрсдийгөө монголдоо од ч, гадаадад очихоороо мод болдог гэдгээ мэдэж байгаа байлгүй. Түүний учир царай төрхөнд биш, сэтгэлгээний хэм хэмжээндээ байгаа юм. Материаллаг зүйлс, хоосон алдар хүнд тийш хэтийгээд ирэхээр хүн яаж ч гангалаад нэмэргүй ба иймэрхүү зүйлийг олон улсын нэр хүндтэй тэмцээний туршлагатай шүүгч нар амархан олоод харчихаж байгаа. Нэг л их олон улсад монголынхоо нэрийг гаргаж яваа гавьяатай улсууд. /Ойр тойрны бялдуучлагч нар нь үхэн хатан тэднийгээ өмгөөлж хамгаалахыг яана/ Монголын баг тамирчид маань хамаагүй илүү амжилтыг өөрсдийн хөлс хүчний дүнд дэлхийн тавцанд гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгадаг. Ингэж мисс энэ тэр гэж хоёрын хооронд гурвын дунд заваартахын оронд тэр их зардал төсөв мөнгийг тамирчиддаа хандивлавал таарна.

Үнэнээр явбал юу ч олж долоохгүй нийгэмд, иймэрхүү булхай байдаг л зүйл гэж хүлээн зөвшөөрөх хандлага ажиглагдаад байна. Таны тэрхүү итгэл үнэмшил таны дүү нарыг, үр хүүхдийг мөн л тийм үзэлтэй хүн болоход нөлөөлж, нөгөөх хүсэмжлээд байдаг шударга иргэний нийгэм мань улам улмаар холдон одох вий. Би хотын монгол хэлний олимпиадын аварга, улсын химийн олимпиадын аварга, япон улсын засгийн газрын тэтгэлэгт оюутан гээд аль ч цол шагналаа өөрийн чадвар, хөдөлмөрийн хүчинд хүртэж ирсэн учраас, мөн дүрэм журам гаргасан л бол түүнийгээ мөрддөг японы нийгэмд амьдралынхаа дөрөвний нэгийг өнгөрөөхдөө шударга ёс гэдэг бүтэшгүй зүйл биш гэдгийг харсан болохоороо нотлон хэлж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцээд зогсохгүй, хамгийн том олзыг атгадаг. Тэр нь гэмших сэтгэл, хий айдаст булагдалгүй шөнө сэтгэл амар амарч чадах явдал юм.

ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ

Энд олж үзсэн шударга бус бүхэн тухайн үедээ надад багагүй урам хугаралт, сэтгэл зүйн дарамтыг авчирсан л даа. Гэлээ ч би тэмцээнийг дундаас нь орхиогүй. Үүнийг би өөрийгөө ялан дийлэх маш том шалгуур гэж хүлээж авсан. Эдгээр хүмүүсийн но-г бодохоос дотор харанхуйлж, намайг яаж ч сайхан харагдаж, яаж ч хичээсэн шагналын хэлтэрхий олдохгүй шүү дээ гэдгийг мэдэж байвч, өглөө бүр зориглон орноос босч хүчлэн инээмсэглэсээр тийш алхах хэнд ч амаргүй. Мисс хүний хувьд маш чухал байдаг чин сэтгэлийн инээмсэглэлийг гаргах гэж их ч зүдэрсэн. Худал хуурмагийн өмнөөс инээмсэглэхэд ямар хэцүүг, гэхдээ ямар чухлыг би эндээс ойлгосон юм. Гэвч энэ нь хангалтгүй.

Хэт том "би/ego/”-тэй, түүндээ толгойгоо мэдүүлж амьдардаг, хүний хүүхдийн зүрх зориг хүсэл эрмэлзлийг юман чинээ боддоггүй хүмүүстэй хариуцлага тооцохоос нааш би санаа амрахгүй. Монголын нүүр царайг хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй, гэмтэйдээ гэлбэлзэгч этгээдүүд шийдсээр байхыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Учир нь би монголын ирээдүйг гэгээлгээр төсөөлөгч, өөрчлөлтийг өөрийнхөө зүгээс эхлэхийг хичээгч залуу хүн!

http://dusal-ug.blogspot.com/

“Miss Mongolia 2014″ тэмцээний булхайг оролцогч нь илчлэв
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>