Ц.Содномдоржид ”Land-200” машин бэлэглэлээ

965

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал "Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. 

 

Ц.Содномдоржид ”Land-200” машин бэлэглэлээ

 

Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн байлцлаа. Тоёота моторс корпораци дөрөв дэх жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

 

Автомашин гардуулах ёслолын үеэр Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын арслан Ц.Содномдорж танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох "Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ. Монгол Улсын арслан Ц.Содномдорж "Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. Тоёота моторс корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>