|
Видео

Шинэ мэдээ

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун болох төлөвтэй байна.

 

Тэрчлэн баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол ус бараадан амарч зугаалахдаа анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэл дагуулж байна.

 

Тухайлбал, долоодугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн "Пором” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат иргэн Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн "Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн М /23 настай, эмэгтэй/, Х /21 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:00 цагт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:05 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

 

Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.