|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн итгэлийг уландаа гишгэгч Э.Бат-Амгалан хэзээ хариуцлагаа хүлээх вэ

Ардчилсан нам шинэчлэл хийж чадсанаар Ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлж чадлаа. Харамсалтай нь засгийн эрхийг атгасан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хоёр удаагийн сонгуульд шившигтэйгээр ялагдал хүлээсэн юм. МАН УИХ-д 65 суудал авч орон нутаг дүүргүүдэд ноёрхолоо тогтоож чадсан ч тэдэнд шинэчлэл хэрэгтэй учраас ард түмэн "маш муу” гэсэн үнэлгээг өгсөн нь энэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтдаа эрдэж бардаж бялуурсан МАН ард түмэн эрх баригчдыг ажиглаж, үнэлгээ өгдөг гэдгийг огтхон ч тооцоолсонгүй авирласны үр дүн энэ юм. Намын рейтэнг, үнэт зүйлсийг ийнхүү унагахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Энэ удаад  нам дээр дөрөөлж хувийн эрх ашиг, хүсэл шуналаа гүйцэлдүүлдэг хурган даргын асуудлыг онцолж байна.  БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан. 1977 онд төрсөн, гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. 2012 оноос БЗД-ийн МАН-ын дэд дарга, даргаар ажиллаж буй, НИТХ-ын төлөөлөгч. Ноён Э.Бат-Амгалан анх дүүргийн намын хороо руу орж ирэхдээ булхай, луйварын аргаар суудал эзэлж тэр цагаас хойш  намын хурлаа нэг ч удаа шударга зарчмаар хийгээгүй, шударга энгийн гишүүдээсээ нүүр буруулж МАН-д хоноцын сэтгэлээр хандаж яваа нэгэн. Намын дотоод асуудлыг дээгүүр том дарга нартайгаа ярьж шийддэг, хурлын тов зарладаггүй, аливаа шийдвэрийг өөрийн үзэмж, тойрон хүрээлэгчдийн хүрээнд шийдэж ажилладаг энэ увайгүй арга барил нь БЗД-ийн МАН-ыг сүүлийн жилүүдэд болсон шат шатны сонгуулиудад дараалан ялагдал хүлээхэд хүргээд байна. Тэр ч утгаараа өнөөдөр МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо Э.Бат-Амгалан тэргүүтэй тус намын боловсорч гүйцээгүй,  нярай улс төрчдийг албан тушаалаас нь буулгах ажлыг эхлүүлээд байна.

БЗД Сансар орчим баар, цэнгээний газар олонтой. Иргэдийн тав тух, аюулгүй байдалд нөлөөлдөг эдгээр баарнууд цэгцлэх асуудал олон жил яригдаж байгаа ч бодит байдал хэвээр байгаа. БЗД-т байрлах Батхаан төвийг эзэмшдэг Э.Бат-Амгалан баарны бизнес, хууль бус тендерээр хөлжсөн нэгэн. Түүнийг 3-4 баар ажиллуулдаг гэдэг. Тэрбээр хууль бус аливаа үйлдэлдээ өөрийн баарны хамгаалагчдыг ашигладаг. Тухайлбал 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа БЗД-ийн засаг даргын суудлыг хууль бус томилгоогоор авах оролдлого хийж үймээн дэгдээж баарны хамгаалагч нараар дүүргийн байрыг эзэгнүүлж шуугиан тарьсан нэгэн.  Ер нь энэ нөхрийн талаар нийгэмд таагүй мэдээлэл байдаг.  2016 оны есдүгээр сард Э.Бат-Амгалан согтуугаар машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа осол гаргаж шалгагдаж байгаа талаар мэдээлэл гарсан. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн намын хариуцлагатай албан тушаалтан ийнхүү авирласан нь түүнийг ажилдаа, 90 жилийн түүхтэй намдаа ямар сэтгэлээр ханддагийг гэрчилнэ. Э.Бат-Амгалан 2008-2011 онд БЗД-ийн ЗДТГ-ын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан. Эдгээр албыг хашиж байхдаа эрх мэдлээ хууль бусаар ашиглаж хулгай, булхайн аргаар олон ажил амжуулсныг МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбооны гишүүд илчилж, өөрөө үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байсан. Гэвч Э.Бат-Амгалан бол намын эгэл жирийн гишүүд дэмжигчдийг хүн чинээ тоодоггүй, намын аль боломжит өндөр албан тушаалтнаас зүүгдчихдэг явуургүй бодолтой залуу юм. Одоо тэрбээр нам дотороо Н.Номтойбаярын аялдан дагалдагч. Харин анх улс төрд, намд дагаж орж ирсэн ах нараа тэр аль хэдийн мартсан.

Ийнхүү МАН-ын гал тогоонд хат суугаагүй, боловсорч гүйцээгүй, намын албан тушаалыг хувь хүний шунал, хүсэл гүйцэлдүүлэгч гүүр гэж ойлгосон нэгэн нөхөр дураараа аашилж сууна. Ер нь аливаа нам эгэл жирийн гишүүд дэмжигчдээ үл тоомсорлож, фракци дээдлээд ирэхээр алддаг, унадаг. АН-д ард түмэн дүнгээ тавьсан, тэд соргогоор хүлээн авч алдаагаа засч эхэлснийг ард түмэн анзаарч ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг ахин авах боломжийг олголоо. Харин МАН эрх барьснаасаа хойш хэрхэн ажилласныг ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс Монголчууд харлаа. МАН-ын дарга нараа өнгөрснөө муулж  бусдын алдааг шүүн тунгааж суухаар намын нэр хүндийг шалбаагт унагааж, дур зоргоороо авирлаж намын эгэл жирийн гишүүд дэмжигчдээ гутаан доромжилж суугаа Э.Бат-Амгалан мэт залуу боловсон хүчнүүдээ нэг тийш нь болгооч ээ.

Эх сурвалж: http://news.amjilt.com/?p=3768

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.