Ц.Сандуйг огцруулахаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж эхэлжээ

1007

Ц.Сандуйг огцруулахаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж эхэлжээ

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаанаа,

"Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан "60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн агуулга бүхий шаардлагад гарын үсэг зурж байгаа аж.

Холбогдох хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа буух нөхцөл бүрдэх юм. Гарын үсэг цуглуулах ажиллагаа энэ долоо хоногийн даваа гаригт эхэлсэн гэх бөгөөд одоогоор НИТХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байгаа аж. Үүн дээр НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч гарын үсэг зурснаар гишүүдийн саналын тоо огцруулах хэмжээнд хүрэх юм байна.

Ц.Сандуй нь Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Намын дүрмээр сонгуульд ялагдсан үүрэг, хариуцлагаа хүлээж уг албан тушаалаа өгөх ёстой. Хэдий тийм ч намынх нь нөхөд төрийн албан тушаалаасаа давхар огцрох ёстой гэж үзэн, уг санаачлагыг гаргасан байна.

Г.ИТГЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>