|
Видео

Шинэ мэдээ

Ц.Сандуйгийн "60 тэрбумын хэрэг" төрийн албан хаагчдыг хөлдөө чирч байна

Ц.Сандуйгийн  "60 тэрбумын хэрэг"  төрийн албан хаагчдыг хөлдөө чирч байнаНийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг "наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудлыг ярьсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Ингээд зогсохгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдах гол нөхцлүүдийн нэг бол 60 тэрбумын бичлэг болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн удирдаж орсон  нийслэлийн 9 дүүргийн 2-оос бусад нь бүгд ялагдсан нь түүнд хариуцлага тооцох ёстойг бэлээхэн харуулж байгаа хэрэг. Зүй нь бол энэ бүхний эцэст  Ц.Сандуйгаас өөр төрийн албаны ёсзүйтэй, ухамсартай хэн нэгэн байсан бол улс төрийн хариуцлагаа хүлээгээд өөрөө огцрох байсан биз.

Ц.Сандуй анх 60 тэрбумын бичлэг гарч эхлэхэд мань эр тэр тухай тайлбар өгөхдөө нийслэлийн МАН-ын хурлын дотоод бичлэг алдагдсан  байна гэсэн атлаа одоо болохоор "эвлүүлэг” байсан хэмээн хэлж байгаа нь түүний хариуцлагагүйг хангалттай илэрхийлж байгаа хэрэг.

Гэвч тэрээр албан  тушаал, сандал суудалтайгаа зууралдан өдийг хүрч байгаа нь МАН-ын  олон мянган гишүүдийн  уур бухимдлыг төрүүлээд байна.

20668490_1539011599453309_1838346110_n

Ц.Сандуйгийн "60 тэрбумын” хэргийг  нарийвчлан шалгах чиглэлийг  шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн байна. Үүний  дагуу  хийгдэж байгаа хяналт шалгалтаас болж "Муу үйл  модон улаатай” гэгчийн үлгэрээр төрийн албанд мэргэжил мэдлэг, туршлагаараа шалгаран орж ажиллаж байгаа төрийн захиргааны 3000 гаруй олон арван албан хаагчид, хэлтэс, албадын дарга нар  АТГ-ын үүдийг сахиж хонон  өнжин, албан тушаалдаа хэрхэн тэнцсэн тухай  байцаалт, тайлбар өгдөг болжээ.  Тэр бүү хэл төрийн албан хаагчдын  гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхэд, аав ээжийн дансыг нь шалгаж эхлэсэн гэсэн мэдээлэл чих дэлслээ.

Ийнхүү 60 тэрбумыг наймаалцагчдын хөлд энгийн төрийн албан хаагчид чирэгдэн, төрийн ажлаа хийхийн оронд АТГ-ын үүдийг сахиж өнждөг, хувийн мэдээллээ нэг бүрчлэн шалгуулдаг  ”шинэ ажилтай” болоод  байгаа юм. Гэтэл энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой Ц.Сандуй дарга арга саам хайж албан тушаалдаа шигдсээр. Ц.Сандуйгийн энэ үйлдэл нь  Нийслэлчүүд төдийгүй  МАН-ын олон мянган жирийн гишүүдийг хэтэрхий басамжлан доромжилсон хэрэг юм. Ийм увайгүй, ёс зүйгүй, албан тушаалаас өөр зүйл боддоггүй, удирдах ур чадваргүй хүн Нийслэл гэдэг их айлыг цаашид  удирдан ажиллах  боломжгүй нь нэн тодорхой боллоо.

Манайхаас өөр улс оронд  Ц.Сандуй шиг ийм  хэмжээний "хэрэг өдөөсөн” албан тушаалтан, албан тушаалаасаа огцроод зогсохгүй "аавын хаалга” ч татаж мэдэх хэмжээний асуудал шүү дээ.

Нийслэлийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийн 20 гаруй нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулах саналд гарын үсэг зуруулж байгаа гэнэ. Нэр төртэйгээр өөрөө огцордоггүй хүнийг ингээд ч болов огцоруулахаас өөр яах вэ. Ингэж гэмээнэ МАН-ын цаашдын ирээдүйд, 2020 оны  сонгуульд ихээхэн тус нэмэртэй хэрэг болно.

 

Ц.Алдар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.