|
Видео

Шинэ мэдээ

Авлигатай тэмцэх газар хэтэрхий амбицлаад байх шиг

Авлигатай тэмцэх газар хэтэрхий амбицлаад байх шигАвлигатай тэмцэх газар гэж их сүртэй байгууллага байна. Сая, саяар нь авлига өгсөн, тэрбум тэрбумаар нь идэж, уусан, тендер завшсан, анд нөхөд, төрөл саднаа өндөр албан тушаалд томилсон гээд л сүртэй сүртэй асуудлуудыг шалгадаг тэнгэрийн гэмээр байгууллага байх юм.

Авлигатай тэмцэх ёстой. Дээрх хэргийг шалгаж, хариуцлага тооцох нь тус байгууллагын үндсэн үүрэг. Гэвч хэтэрхий том асуудлыг хөөцөлдөөд наана болж буй авлигын үүр уурхайг харалгүй дээгүүр нь алхаад байх шиг.

Жишээ нь шөнөжин архи зарчихдаг хүнсний дэлгүүрүүд дүүрэг бүр нэг нэг байгаад байх шиг. Тэгээд асуухаар цагдаагийн дарга нарын дэлгүүр, эсвэл сар болгон нэг албан тушаалтанд тодорхой хэмжээний татаас өгдөг тухай эх сурвалжууд мэдэгдэж байна. Мөн хаах цаг нь аль эрт болчихоод байхад л ажлаад байдаг баар, цэнгээний газрууд байдаг. Тэд бас л хэн нэгэнд авлига өгч, хууль тогтоомж зөрчсөөр байгаа.

Түүнээс гадна цэцэрлэг сургуулийн багш нарын асуудал байна. Бид мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн багш нарт авлига өгч байгаа асуудлын хажуугаар өнгөрсөөр байна.

За тэгээд гадаад паспортоос эхлээд л зарим бичиг баримт хөөцөлдөөд хугацаа алдчих гээд байвал хэдэн төгрөг илүү төлөөд л оочир дараалалгүйгээр авчихаж болдог нийгмийн тогтолцоо одоог хүртэл оршин тогтносоор байгааг Авлигатай тэмцэх газрынхан мэдэхгүй байна гэж юу байх вэ.

Харин тэд зүгээр л амбиц хөөцөлдөөд байна уу гэж харагдах боллоо. Тэрбум төгрөгийн авлигын асуудлыг шийдвэрлэвэл иргэд олон нийтэд таатай харагдах нь ойлгомжтой. Гэвч бага мөнгөний хахууль авагчид улсыг бүхэлд нь шимэгчилж байгааг анхааралтай авмаар байна.

Одоо төрийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай болгохын тулд тодорхой хэмжээний татаас өгч байж л шийдвэрлүүлж байна. Иргэд ч ийм байх ёстой юм шиг, төрийн албан хаагчид нь ч авах ёстой юм шиг аашилсаар байгаа шүү дээ.

Төрийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа арын хаалгаар явагдаж байна. Надад төрийн байгууллагад танил байвал тэр өдөртөө л бүхий л ажлаа амжуулчихна. Харин танил байхгүй бол өдөржин оочирлож, маргаашийн дугаарч авч, нэг бичиг авах гэж 3-4 хонох нь ч бий.

Ерөөсөө л арын хаалгадаж байж л бүтэх ёстой юм шиг. Үүнийг л Авлигатай тэмцдэг газар нь шалгаж, тогтоож, тэр ар өврөөрөө асуудал шийдээд байгаа нөхдүүдийг олж, илрүүлж, хариуцлага тооцдог болмоор байна.

Цэцэрлэгт хүүхэд оруулахын тулд эрхлэгчид нь набор өгмөөргүй байна. Их сургуульд анги солихын тулд деканд нь төлбөр төлмөөргүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд заавал таньдаг эмч хайж гүймээргүй байна шүү дээ. Авлигатай тэмцэх газар том загаснуудтай тулалдахын хажуугаар энэ жижиг асуудлыг ч бас анхааралдаа авч, заримд нь хариуцлага тооцоод эхэлбэл нийгэм доороосоо буюу бичил хэсгээсээ цэвэршиж авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ахиц, дэвшил гарах юм байна гэж харагдаад байгаа юм.

Үндэстэн.мн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.