|
Видео

Шинэ мэдээ

Оффшорын хуулийн хэрэгжилтийг нэхэх цаг болсон


Оффшорын хуулийн хэрэгжилтийг нэхэх цаг болсон

Манай улс эргийн гадна буюу оффшор бүсэд мөнгөө нууж байгаа хүмүүстэй тэмцэх хууль эрхзүйн орчныг анх удаа бүрдүүлэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд  баталснаар  эх орондоо мөнгөө хадгалдаггүй, гадаадад их хэмжээний мөнгөтэй данс нээлгэдэг хүмүүсийг шалгаж, хуулийн хариуцлага тооцох боломжтой болсон юм. Эргийн гадна хадгалсан мөнгийг оруулж ирснээр улс орны эдийн засагт ч ашиг тусаа өгнө гэж үзэж байгаа аж.

 

ГУРВАН САРЫН ДОТОР МЭДҮҮЛГЭЭ АТГ-Т ХҮРГҮҮЛНЭ

Хууль батлагдсаны дараагаас  гурван сарын дотор оффшор бүсэд данстай хүмүүс мэдээллээ АТГ-т хүргүүлэх юм. Энэ хугацаанд оффшор дахь хөрөнгөө мэдүүлж, эх орондоо оруулж ирвэл өршөөнө. Өөрөөр хэлбэл, АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38.9 мянган төрийн албан хаагч болон түүний хамаарал бүхий этгээд нэр бүхий оффшор бүсэд банкны данс нээсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, компани, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшиж байгаа бол 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэх үүрэг хүлээсэн. Тэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, Хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох  юм.

Тэгвэл хууль батлагдаад дөрвөн сарыг үдэж байгаа учраас оффшорын хуулийн хэрэгжилтийг нэхэх цаг аль хэдийнэ болжээ. Тодруулбал, оффшорт данс эзэмшиж байгаа мөртлөө хуулийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа эргүүлэн татуулахгүй л юм бол өнгөрсөн гурван сарын хугацаанд үнэн зөв мэдээллээ АТГ-т хүргүүлсэн байх ёстой юм. Хэрэв мэдүүлээгүй, хууль хяналтынхан оффшор дансыг илрүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.   Ингэхдээ оффшортой тэмцэх хуульд нэр бүхий  42 улсыг оффшор бүс хэмээн заахаар тусгасан. Жагсаалтыг Засгийн газар батална. Монгол Улс хамтын ажиллагаатай, хөрөнгө оруулалт татдаг, манай орны зүгээс дипломат төлөөлөгчийн газартай, Монгол Улсын иргэд ихээр зорчдог Англи, Финлянд, Швейцарь, Хонгконг ч гэдэг юм уу, эдийн засаг, улс төрийн хүрээнд ойрхон ажилладаг орнуудыг оффшор бүсийн оронд хамруулахгүй байх эрх нь Засгийн газарт бий гэдгийг хуулийг батлах үеэр Ажлын хэсгийнхэн хэлж байсан юм.

 

АТГ: ОФФШОР БҮСИЙГ ТОГТООГООГҮЙ УЧРААС ШАЛГАЖ ЭХЛЭЭГҮЙ

Ерөнхийлөгч оффшор дансан дахь мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацааг албан тушаалтнуудад өгөөд байгаа юм. Мөн АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсээс "Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй”  хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн юм. Бид энэ талаар болон хуулийн хэрэгжилтээр АТГ-аас тодруулахад "Оффшор бүсийг тогтоогоогүй учраас оффшор бүсэд данстай хүмүүсийг шалгаж эхлээгүй байна. Засгийн газарт оффшор бүсийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан ч одоогоор хариу өгөөгүй байна. Оффшор дансыг шалгаж байгаатай холбоотой ямар ч мэдээлэл ирээгүй” гэв. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Монголбанк, Сангийн яамны саналыг тусган Засгийн газрын хуралдаанд оруулснаар 42 бүс  тодорхой болох бөгөөд одоогоор боловсруулалт Сангийн яаман дээр байгаа аж. Яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна.

 

42 БҮСИЙГ ТОГТООХГҮЙ БОЛ ХУУЛЬ ГАЦААНААС ГАРАХГҮЙ

 Засгийн газраас оффшор бүсийн 42 орныг яаралтай зарлахгүй бол хууль хэрэгжих  ямар ч боломжгүй юм байна. Тэр хэрээрээ хоёр чуулган дамжин, багагүй хэл ам, саадтай тулж баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Оффшортой тэмцэх хуулийн бас нэг боломж нь албан тушаалтан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх явцдаа оффшор бүсэд данс нээлгэхэд хуулиар түүнийг хориглохгүй. Тухайлбал, хууль үйлчлэх 38.9 мянган албан тушаалтан гадны оронд эмчилгээ хийлгэхээр очихдоо тэнд данс нээлгэхээр бол АТГ-д бичгээр мэдэгдэхэд л болно. Ингэснээр хууль зөрчсөнд тооцогдохгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.