У.Хүрэлсүхийг дагасан, мөшгисөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг гэв

801

У.Хүрэлсүхийг дагасан, мөшгисөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг гэв

У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл үнэн хэмээн Шадар сайдын Ажлын албаны ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар хэвлэлийнхэнд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Шадар сайдын Ажлын албанаас дахин мэдээлэл хийлээ. Хуульч Ц.Баасандорж хэлэхдээ "2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компани У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар долдугаар сард АТГ, ТЕГ-т гомдол гаргасан байдаг. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. У.Хүрэлсүхийг дагасан, мөшгисөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг. Одоо болтол энэ хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний хувьд шүүмжлэлтэй асуудал юм. Гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Одоо болтол мэдээлэл өгөөгүй нь хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна.

Дараагийн асуудал нь уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл ноцтой учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд тайлбар авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз. ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна" гэсэн юм.

Шадар сайдын зөвлөх  А.Үйлстөгөлдөр өмнө нь мэдээлэл хийхдээ  " Юуны өмнө ийм хэрэг явдал гарсанд бид туйлын харамсаж байна. Энэ мэдээлэл бичгийн болон CD хувилбараар Шадар сайдын Ажлын албанд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ирсэн нь үнэн.  Шадар сайдын Ажлын албанаас "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү" гэсэн бичгийг хүргүүлсэн.  Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд уг асуудлыг  шалгуулах тухай албан бичиг явуулсан. Эдгээр газруудаас хариу ирээгүй байгаа гэж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>