МАК-ын Нямтайшир нисдэг тэргээр барилгын материал зөөж, Улаан тайгад тансаг хаус барьжээ

1991
Хөвсгөлийн  баруун захад Хөг, Бүсийн голын сав дагуух өндөр уулстай газар бол Улаан тайга. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн.
 
Улаан тайгын нуруу нь Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад арай тэгшивтэр оройтой бөгөөд Хөвсгөлийн өндөр уулсын нэгэн адил өндөр уулын, уулын нугын, уулын тайгын босоо бүслүүр тод илэрдэг. Улаан тайгын нуруунд мөсөөр хучигдсан газрууд байсан учраас мөстлөгийн гаралтай жижиг нуурууд элбэг тархсан байгалийн үзэсгэлэнт газар. Хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй энэ үзэсгэлэнт газрыг тайгын экосистем, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улаан тайгын байгалийн цогцолборт газрыг төрийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг 2003 онд УИХ-аас гаргажээ.Харин  2011 онд Улсын Их Хурлын 115 дугаар тогтоолоор Улаан тайгын байгалийн цогцолборт газрыг өргөтгөн дархан цаазат газар болгосон юм. Улаантайгын Тусгай хамгаалалттай газрын Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын гүнд Тэнгисийн Алаг хадны булан гэдэг газар бий. Улаанбаатараас 1000 гаруй км-ын зайд орших, унаа машин бүү хэл явган хүн ч хүрэх аргагүй энэ үзэсгэлэнт газар ан ав хийх, самар жимс түүх гэсэн монголчуудаас гадна, гадаадын жуулчдад л хөл тавьдаг.
 
Тэгвэл эргэн тойрон мод хад, жижиг гол цөөрмөөр хүрээлэгдсэн энэ үзэсгэлэнт газрыг Монголын тэргүүн баячуудын нэг МАК-ын босс Нямтайшир хувийн эдлэн, ангийн отог болгон хувиргахаар зэхэж байна. П.Батсүх нь Ренчинлхүмбэ сумын газрын албаны дарга П.Ганзоригийн гарын үсгээр олгогдсон 1998 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 07 тоот шийдвэртэй 2110011069 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээ МАК-ын босс Нямтайширт өндөр үнээр худалдаж, тэрбээр 40 жил буюу 2038 он хүртэл энэ газарт өөрийн эзэмшлээ тогтоохоор бэлтгэж эхэлжээ. Улаан тайга руу машин бүү хэл мориор ч очиход хүндрэлтэй.
 
Тэгвэл Монголын тэргүүн баян энэ эр 1000 гаруй км замыг товчлохын тулд хувийн нислэг тэрэгнүүдээ дайчилж, одоогийн байдлаар 5 том хаус барихаар бэлтгэн барилгын материалуудаа Улаан тайга руу ачуулжээ. Нисдэг тэргээр зөөж аваачсан канад байшингийн бэлдцийг угсарч эхлээд байгаад нутгийн иргэд сэтгэл дундуур байна. Уг нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглох тухай заасан байдаг. Гэвч энэ заалт баян хүнд үйлчлэхгүй хэмээн Нямтайшир захирал бат итгэсэн бололтой юм.
 
"Монгол Алт” компанийн захирал ноён Б.Нямтайшир хэмээх энэ эрхэмийн мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг. Өмнөговийн Нарийн сухайт, Дорноговийн Цагаан суварга зэрэг стратегийн гол, чухал ордуудыг эзэмшиж, хувььдаа онгоцтой, нисдэг тэрэгтэй энэ эр юу санаснаа л хийж чаддаг сүйхээтэй нэгэн. Түүний хувьд Хэнтий аймагт хувьдаа мөн л эдлэн газартай, ангийн отогтой. Хэнтий аймгийн Хар ус нуурын ойролцоо ойн цоорхойд байрлах энэ  ангийн отог руу  нь машин, мотоциклоор очих боломжгүй, бартаатай аж. Хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй энэ онгон дагшин газарт байгуулсан ангийн отог руу нисдэг тэргээр, мориор л очих боломжтой гэнэ. Ан гөрөөнд дуртай энэ нууцлагдмал эрхэм алжаалаа тайлж, анд нөхөдтэйгээ наргиж, цэнгэхийн тулд нисдэг тэрэг хөлөглөж отог руугаа очдог гэнэ.
 
Хэдийгээр ангийн отог нэртэй боловч орчин үеийн дээд зэрэглэлийн орд харшийг сүндэрлүүлсэн тэрбээр Хар ус нуурын эрэг дээр байгуулж чаджээ. Халуун хүйтэн устай ванн, нойлын өрөөтэй гээд бүхнийг цогцлоосон тэрхүү отогт монголын баячууд төдийгүй гадаадын тэрбумтанууд очиж ан агнах дуртай байдаг гэж ярьцгаадаг юм билээ. Тэгвэл уул уурхайн салбарт хөлөө олж баяжсан энэ эрхэм одоо ангийн отог нэртэй тансаг хауснуудаа дархан цаазат Хөвсгөлийн Улаан тайга д ийнхүү байгууллаа.
 
http://www.shudarga.mn/news/17109.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>