|
Видео

Шинэ мэдээ

МАН задарлаа, У.Хүрэлсүх ээ

МАН задарлаа, У.Хүрэлсүх ээ

Улс төрийн амьдрал өчигдөр халуухан болж өнгөрлөө. Өглөөний 09:00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал анхаарлын төвд байсан ч үдээс хойшоо улам сонирхол татахуйц үйл явдлууд ар араасаа өрнөв. МАН-ын бага хурал аядуу зөөлнөөр үргэлжилж, ирэх УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, батлахын агшинд бөөн бөөн "урамшуулал”-ууд тус намынханд дагалдлаа. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат агсан, Ц.Даваасүрэн нар УИХ дахь МАН-ын Бүлгээс гарах болсноо мэдэгдсэн явдал байлаа. Тэд "Бид хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө намын бүлэгтээ санал, шаардлага тавьж ирсэн. Найман гишүүн Ц.Нямдоржид улс төр, ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар бүлэгт тодорхой санал тавьсан. Ёс зүйгүй асуудлыг бүлэг олонхоороо хаацайлж хариуцлага хүлээлгэсэнгүй. Бид хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн учраас МАН-ын бүлгээс гарч байна” хэмээн тайлбар хийв. 

Төрийн ордонд хийсэн дээрх мэдээллийн дараа Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат агсан нар МАХН-ын байранд очиж намын батлахаа сэргээв. МАХН-ынхан ч эрхэм гишүүдийг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээ тосон хүлээж авлаа. (Өчигдөр мөн МАХН-ынхан Бага чуулганы хуралдаанаа хийж байх үед нь ийнхүү эрхэм гишүүд батлахаа гардан авав) МАН-ын нөлөө бүхий эрхмvvд ийнхүү эрс шийдэмгий алхам хийсэн нь намынхаа удирдлагуудыг (МАН) "хүнд цохилтод” оруулсан гэх мэдээлэл тархсан юм. 

МАН-аас ирэх сонгуулиар барьж орох "Монгол Улсыг 2011-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийг бага хурлаараа хэлэлцүүлэн батлах энэ үйл явцтай дээрх үйл явдал давхцав. "Монгол Улс 2031 он гэхэд дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв байна”, "Нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтөөр тэргүүлэгч 10 улсын нэг болно”, "2016 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.долларт хүрнэ” хэмээн хөөрөгдсөн, хөөрсөн мөрийн хөтөлбөр хэлэлцэх зуур намынхан нь эрхэм гишүүд ийнхүү томоохон "сюрприз” барилаа. 

Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат агсан нар МАХН-ын батлахаа сэргээлгээд зогсохгүй, намын удирдах албан тушаалд томилогдов. МАХН-ын батлахаа гардан авсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаар томилогдсон бол Ч.Улаан, О.Чулуунбат агсан нар нарийн бичгийн даргын суудалд залрав. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Удвалын тайлбарласнаар намын дарга Н.Энхбаярын санал болгосноор гишүүдийг намын дэд дарга, нарийн бичгийн даргаар томилжээ. Экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хорихоос намынхаа ажлыг чамгүй амжуулж суугаа нь эндээс харагдав.

Н.Энхбаяр чийгтэй өрөөнд хоригдож буй ч түүний хүсэл биеллээ олж эхлэв. МАХН нэрээ МАН болгон өөрчилсөн цагаас эхэлсэн Н.Энхбаярын задлан бутаргах ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэллээ. Хэрэв тэрээр хориход биш, эрх чөлөөтэй байсан бол илүү хүчтэй задрал МАН-д явагдах байсан болов уу. 

МАХН-д элсэх хүсэлтэй 10 гаруй гишүүн байгаа ч зарим нь намынхаа удирдлагуудаас айж, эмээн шийдвэрт хүрч чадахгүй байгаа гэх мэдээлэл бий. Д.Тэрбишдагвын тайлбарласнаар МАН-аас 7-8 гишүүн МАХН-д элсэнэ гэнэ. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат агсан нарын эр зоригтой энэ алхам, намын удирдлагаасаа айсан, эргэлцэж тээнэгэлзсэн олон хүнд дохио өгсөн байж мэдэх юм. Гурван гишүүнээс гадна, тэдний хамсаатан ойр тойрных нь есөн хүн (нийт 12 хүн) МАН-ын бага хурлын гишүүнээс татгалзжээ. 

МАН энэ цаг үед хамгийн хүнд үед ирээд байна. Урваж шарвасан, нүүрээ буруулсан гишүүдээ барьж, тэсэж үлдэх үү, эсвэл... Хэрэв задрал хүчтэй явагдвал сонгуулийн үр дүн МАН-д маш муугаар эргэх магадлалтай. Ажиглагчдын таамаглаж буйгаар 10 гаруй УИХ-ын гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлгэвэл МАН-д аюул нүүрлэнэ гэнэ. Энэ янзаараа МАН ирэх сонгуулиар сөрөг хүчинд (АН) "бууж өгөх” магадлал тун өндөр ажээ.

Тэгвэл МАН-ын задралаас үүдсэн сонгуулийн ялагдалд хэн хариуцлага хүлээх бэ. МАХН-ын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд үү, намын дарга С.Батболд уу. Эсвэл "Нэр сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн хөөрүү хийтэй мэдэгдэл хийж байснаараа МАН-ын генсек У.Хүрэлсүх хариуцлага хүлээх үү. "Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно” гэдэг дээ. Нэр солихыг санаачлан батлуулсан, нэрнээс үүдэлтэй намын задрал, сонгуулийн ялагдал гээд муу үр дүн МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүхтэй холбоогүй байхын аргагүй.

Задрал хүчтэй явагдах галт тэрэг хөдөллөө..., У.Хүрэлсүх ээ. 

Т.АМУР

Эх сурвалж: http://www.mongoliinmedee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.