|
Видео

Шинэ мэдээ

Японы судлаачид металлаас хөнгөхөн, металлаас бат бэх модон материал бүтээжээ

Дэлхий даяар автомашиныг аль болох хөнгөхөн жинтэй болгохын төлөө ажиллаж байгаа. Тэгвэл Японы автомашины эд анги үйлдвэрлэгчид энэ чиглэлд том дэвшил гаргах материалыг зохион бүтээжээ.

Модны үртэсээр хийсэн уг материал нь гангаас тав дахин хөнгөн боловч тав дахин бат бэх юм байна. Cellulose nanofiber гэж нэрлэж байгаа материал цаашдаа автомашины эд ангийг бүтээх гол түүхий эд болох гэнэ.

Автомашиныг хөнгөн жинтэй болгох шаардлага нь цахилгаан автомашиныг өргөн хэрэглээнд оруулахад чухал үүрэгтэй юм. Ингэснээр цахилгаан хөдөлгүүртэй машины баттерейн ашиглалт нэмэгдэж, зардал нь буурах ажээ.

Материалыг бүтээгчид нь Тоёота компанийн хамгийн том нийлүүлэгч Дэнсо корпораци, Дайко-Нишикава корпораци болон Киотогийн их сургуулийн судлаачдын баг юм. Тэд модны үртсийг микроноос хэдэн зуу дахин бага хэмжээтэй болгон буталж, хуванцарын найрлагад оруулснаар материалыг гаргаж авсан байна.

Cellulose nanofiber материалыг өөр олон бүтээгдэхүүнд ашигладаг. Гэхдээ автомашины эд анги үйлдвэрлэх зорилгоор бий болгосон "Киото процесс” боловсруулах арга нь бусад аргуудын тавны нэгтэй тэнцэх хямд өртөгтэй нь давуу тал болж байгаа гэнэ.

"Хамгийн бага зардал, хамгийн өндөр чанартай технологи тул бид үүнийг авто болон нисэх онгоцны үйлдвэрлэлд чиглүүлж байгаа юм” хэмээн Киотогийн их сургуулийн профессор Хироаки Яно хэвлэлд ярьжээ.

Тэдний гаргаж авсан материалаар бүтээх анхны туршилтын автомашины загвар 2020 онд бэлэн болох гэнэ. Модноос материал гаргаж авах санааг Яно профессор нэгэн хуучны гэрэл зургаас олж авсан байна. Тэрээр Америкийн тэрбумтан Ховард Хьюжесийн бараг ихэнх эд ангийг нь модоор бүтээсэн онгоцны 1947 онд авхуулсан зургийг үзээд ийм санааг анх сэдсэн гэжээ.

Cellulose nanofiber материалыг бөөнөөр үйлдвэрлэх зардал 1кг тутамд 1,000 иен болж байгаа гэнэ. Яно уг зардлыг 2030 онд хоёр дахин бууруулах боломжтой гэж үзэж байна. Хэрвээ тэгвэл уг материал нь өнөөдрийн хэрэглэдэг ган, хөнгөн цагааны хайлшийн зардалтай өрсөлдөхүйц болох гэнэ. Уг хайлшийн зардал 1 кг нь $2 буюу 220 иен байдаг юм.

Харин одоогоор хамгийн хөнгөн түүхий эдэд тооцогдож байгаа carbon fiber-ийн зардал 2025 онд буурч, килограм тутамд $10 болно гэж судлаачид тооцоолжээ.

Тиймээс нэг хэсэгтээ үйлдвэрлэгчид ган, хөнгөнцагааны хайлшаас салахгүй хэдий ч хэдэн жилийн дараа байдал өөрчлөгдөнө гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.