“МУНЗУЙ” ХОЧИТ НЯМДОРЖИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ

653

“МУНЗУЙ” ХОЧИТ НЯМДОРЖИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ

 

-Монголчууд хүний амийг бүрэлгэх болон бусдад хүч хэрэглэн дур хүслээ хангахыг хамгийн жигшүүртэй гэмт хэрэгт тооцдог-

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс энэ сарын 15-нд, олонд "Мунзуй” хэмээх нэрээрээ танигдсан иргэн Г.Нямдоржид холбогдох хэрэгт гурван жилийн ял оногдуулжээ.

Хэргийг нэхэн санаваас, Г.Нямдорж нь 2016 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.

Энэ хэргийн хохирогч нь Өвөрмонголын ӨЗО-ы иргэн Д.Т бөгөөд тухайн өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чэн Шинь Гоу Минь" ХХК-ийн ажлын байранд Г.Нямдорж нарын хүмүүс дайран орж, Д.Т гэгчийг компанийн 550,000 юанийг хувьдаа завшсан мэтээр хэрэг хүлээхийг тулгасан байна. Улмаар "Нохойд идүүлж, бетон цутгаж ална, эхнэрийг чинь хүчиндүүлнэ, чамд ямар байхыг харуулна, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараана" гэх зэргээр дарамталсан гэж хохирогч мэдүүлсэн аж.

Өөрөөр хэлбэл, "Мунзуй" хочит Г.Нямдорж тэргүүтэй этгээдүүд 550,000 юань /төгрөгөөр тооцоход 168,888,500 төгрөг/-ийг Д.Т-гээс авахын тулд эрүүдэж, тамласан нь хэргийг мөрдөх явцад илэрсэн. Гэхдээ тэд зөвхөн айлган сүрдүүлж, зодохоор зогсоогүй Д.Т-гээр бэлгийн гаж хүслээ хангасан нь ч тогтоогдсон.

Хамгийн гол нь, эдгээр хэрэгтнийг хуулийн байгууллагаас баривчилсан ч 2016 оны аравдугаар сарын 21-нд батлан даалтаар гарсан тухайг хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч тэд мөн оны арваннэгдүгээр сарын 14-нийг байцаалтаас зугтсан ба ОХУ руу оргон зайлахаар явж байгаад Хэнтий аймгийн Норивлин сумаас саатуулагдсан.

Ингээд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа сунжирсаар өнөөг хүрчээ. Гэвч хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчилж, бүгдийг баримтаар нотолсон атал шүүхээс "Мунзуй” Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгийг авахаар дарамталсан, байцаалтаас зугтсан гэх шалтгаанаар гурван жилийн ялаар шийтгэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хамгийн ноцтой, хүнд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Ингэснээр энэ бусармаг этгээд байцаалтаас зугтсан гэх үндэслэлээр л гуравхан жилийн ял авч байгаа бололтой.

Уг нь монголчууд хүний амийг бүрэлгэх болон бусдад хүч хэрэглэн дур хүслээ хангахыг хамгийн жигшүүртэй гэмт хэрэгт тооцдог. Гэтэл сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргүүдийн эзэн холбогдогч тодорхой байсаар атал дарж өнгөрөөх, бага ялаар шийтгэх зэргээр ийм сэдлийг өөгшүүлэх болсон нь харамсалтай.

Хамгийн сүүлд л гэхэд, "Сохо мебель" ХХК-ийн захирал Б.Жадамбаа гэгчээс болж цэл залуухан охин амиа алдсан байхад хуулийнхан өнөөг хүртэл таг чиг байсаар. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга мөн л хүчирхийллийн хэрэгт холбогдсон ч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эцэст нь олонд хулгай дээрэм, танхай балмад үйлдлээрээ зард гарсан "Мунзуй" Г.Нямдорж гээчийг хэрэг хийсэн нь тодорхой, үүнийг нь батлах баримт байсаар атал хамгийн олон жилийн ялтай хүчирхийллийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, байцаалтаас зугтсан гэх заалтаар гуравхан жилийн ял оноолоо. Хуулийнхны энэ үйлдэл өөр бусад ийм бусармаг сэдэлтэй этгээдүүдэд хэрэг хийсэн ч хамаагүй гэх санаа өгөхийг ч үгүйсгэхгүй.

Гол нь шүүхийн шийдвэрт чухам юу нөлөөлсөн болохоор илэрхий, баримт нотолгоотой хэргийг ингэж хөнгөн яллав.

Өглөөний сонин
Р.Саруул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>