НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХОХИРОЛЫГ ХЭН БАРАГДУУЛАХ ВЭ

472
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХОХИРОЛЫГ ХЭН БАРАГДУУЛАХ ВЭ
Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа "Улаанбаатар хотын төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр” энэхүү шийдвэр энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан иргэд ихэд бухимдаж цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Тухайлбал, өчнөөн жил мөрдөгдөж ирсэн замын хөдөлгөөний дүрмийг аль нэг нам нь гарч ирээд өөрсдийн дураар соиллоо гэх шүүмжлэлийг хэлж байсан юм. Тэгвэл тус шийдвэрийг хотын дарга Су. Батболд биш Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн шийдсэн аж. Тухайлбал, иргэдийн дунд зүүн эргэхийг хориглох тухай санал асуулга явуулахад дийлэнх олонх нь эсэргүүцсэн дүн гарснаас гадна Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн алба гэх мэт мэргэжлийн байгууллагууд энэхүү шийдвэрийн эсрэг санал өгч хэрэгжүүлэхгүй байхыг зөвлөсөн боловч Засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн иргэдэд илт хохиролтой энэхүү шийдвэрийг хотын даргатайгаа ч ярилцаж зөвшилцөлгүй гаргасан гэнэ. Тэрбээр тус шийдвэрээ хотын дарга С.Батболдыг Тайланд улсад айлчлал хийж байх хойгуур нь гаргажээ. Ингээд энэ асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсоход дараах тайлбарыг хэлж байв.

БГД-ийн нэгдүгээр хорооны иргэн Д.Дашхүү: Хотын удирдлагуудыг ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Өчнөөн олон жил замын хөдөлгөөний энэ дүрмээ мөрдөж ирсэн байж ямар ч тооцоо судалгаагүйгээр хайнга хандсанд харамсч байна. Удахгүй хичээл сургууль эхэлнэ. Улам л ихээр түгжрэх байх.

БГД-ийн хоёрдугаар хорооны иргэн Б.Ариунболд: Төв замаараа бол түгжрэлгүй болсон. Гэсэн ч ажил төмөр замд байдаг болохоор шууд эргэж болохгүй болчихсон. Заавал тойрох хэрэг гарч байна. Үүнээс болж ажлаасаа хоцрох тохиолдол гарч байна.

БЗД-ийн дүүргийн XV хорооны иргэн Н.Номин-Эрдэнэ: Үнэндээ л хэцүү байна, надад бол энэ шийдвэр таалагдахгүй байгаа. Урагшаа чигээрээ яваад байх хүндрэлтэй байна. Наад зах нь ажилдаа шууд очиж болохгүй, машинаа ажлаасаа хол тавих зэрэг бэрхшээл тулгарч байна. Дээр нь гэр рүүгээ их тойрч харьж байна. "Бөхийн өргөө” болон Зүүн дөрвөн замаар эргэхэд товчилж болохгүй болчихсон. Энэ нь энгийн иргэд бидэнд санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Н.Ганцэцэг: Жаахан төвөгтэй л санагдаж байна. Учир нь, 40 мянгат, "Цэцэг төв”-ийн уулзвар, "Энхтайван найрамдлын ордон”, Хүүхдийн 100 зэрэг байнга явдаг газар хэцүү байна.

Хотын ажил гэдэг бол 1.3 сая иргэний амьдралын асуудлыг шийддэг хариуцлагатай ажил. Нийслэлийн бүх шийдвэр нарийн судалгаа дээр суурилан, алдаа мадаггүй гарч байх учиртай. Учир нь энэ мэт буруу нэг л үйлдэл, нийслэлийн 1,3 сая иргэдийг хохироож байгааг та бид харж байна. Нийслэлийг удирдлагаар ажиллах хүн мэдлэг боловсролтой, туршлагатай байх шаардлагатай. Гэтэл П.Баярхүү Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах боловсролын болон ёс зүйн шаардлагад нь нийцэж байна уу гэдэг асуулт гарч ирж байна.

Ямартай ч олон нийт болон мэргэжлийн байгууллагууд нь эсэргүүцээд байхад дур мэдэн энэхүү шийдвэрийг гаргасан орлогч дарга П.Баярхүүд хотын удирдлагууд хариуцлага тооцож шатахуун, цаг хугацаагаараа хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоно уу хэмээн хотын даргад уламжлах байна.

Эх сурвалж: Өглөөний сонин
Э.Энхтуяа
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>