|
Видео

Шинэ мэдээ

Баттулгын амыг скочдоод, Хүрэлсүхийгээ бариад хорьчихгүй юу...

Баттулгын амыг скочдоод, Хүрэлсүхийгээ бариад хорьчихгүй юу...

Ямар ах дүү, хамаатан садны халаас дамждаг түлхүүрийн оосор юм уу, МАН. Шонхрын хулгайч, дархан цаазат газрын наймаачны уушийн ширээ, унтлагын өрөө юү? Итгэлээрээ дэмжиж, боломжоороо зүтгэсэн олон мянган хүний өгсөн санал, өмөөрсөн зүтгэл үдшийн будаалга төдий байгаа юу? Миеэгомбын хүүг надаас эхлээд мэддэг болгон нь дэмжиж, мэндтэй бүхэн нь саналаа өгөөд ч ард түмэн түүний ахалсан МАН-д муу дүн тавьчихлаа. Арга ч үгүй. Амласнаасаа буцахад нь олон нийт дуугүй л өнгөрсөн. Авлига ярихад нь ч чимээгүй хүлцсэн. Сэлэнгээс хамаатнаа татан авчирч, сэнтийд залахад нь ч үг хэлээгүй. Одоо арай л давраад байгаа юм биш үү. Тэр Сэлэнгийн ногооны хятад, Төв аймгийн төөрсөн хужаагийн үр сад гэсэн удам гарлын увайгүй тодотголыг зүгээр л орхиё. Энгийнээр бодоход эрх баригч нам нэг айлын гал тогоонд, нэг удмын ах дүүсийн дохио зангаагаар завхрах болоод удлаа. Ерөнхийлөгч Баттулгатай харьцахгүй байх, хамтран ажиллахгүй байх, хэрэв ажил хэлэлцвэл өөрөөс нь заавал зөвшөөрөл ав гэж яам агентлаг, газрын сайд дарга нарыгаа дүрэмдэж, тэр тухайгаа Удирдах зөвлөлийн хурал дээрээ ярьж суудаг Эрдэнэбат гэж хэн бэ? Энэ ямар Сэлэнгэ үү, энэ хэдэн сайд чинь хуруу хүүхэлдэй юу? Монгол Улсын Ерөнхий сайд байтлаа аймгийн хэмжээнд сэтгэж, ах дүүсийн харьцаагаар эх орноо хэмжиж байдаг ийм бацаанаар удирдууллаа юу? Төрийн гурван өндөрлөг олон жил таарамж муутай байсаар ирсэн нь үнэн. Гэхдээ Энхболд, Эрдэнэбат хоёрын үед элэг эвдэртлээ доройтож, эсрэг сум тавилцахдаа тулна чинээ бодсонгүй. Баттулга ялж, Энхболд ялагдсан. Юу үнэн, энэ үнэн. Унасан эр хүн бухимдал инээд зэрэгцүүлэн тахимаа өгөөд зогсож байх сайхан л байдаг. Энхболд шиг ялсан нэгэндээ ял зангидаж, өөрөөс нь илүүрхсэн нэгэнд өш бодон, хамаатны хүүхдээрээ хадруулаад байдаг бол сонгууль гэж байгаад ч яахын. Нэртэйгээр нь тэр Баттулгыгаа барьж хүлээд, багананд хатаагаад, амыг нь скочдчихвол яасан юм бэ. Хүрэлсүхийгээ хүрздэж унагаагаад хөл хорионд шар махтай нь хатаахгүй юу. Нэг сумаар хоёр туулай буудаж, хэн хэнийг нь хэлэх хэлэхгүйгээр гүтгээд цаг хожих гээ юу, цадиг түүхийг давтах гээ юү? Нэртэйгээр нь Хятадын коммунист намд аваачиж тушаагаад, үр хүүхдийг нь барьцаалаад үдийн зоог болгохгүй юу. Сонин болгонтой гэрээ хийж амыг нь таглаад, ТВ болгонд мөнгө цутгаж нүдийг нь халхлаад л болчихдог гэж бодоо юу? Одоо болсон чинь Хүрэлсүх гэж нэг дайсантай болсон юм байх. Сандал суудалд хоргоддоггүй, саваа модноос дальдичдаггүй, эрх чөлөөгөө мөнгөөр наймаалцдаггүй, үзэл бодлоо зоосоор арилждаггүй омог бардам монгол зан тэр залуугаас үнэртдэг. Цус дагаж заяадаг, уул ус дагаж ирдэг, удам дагаж өвлөгддөг энэ монгол чанар тэгж яривал яаж ч нухчин дараад хийморьтой аавын хөвгүүд, ээжийн охидод одоо ч бий. Урвагч пайз зүүгээд унагаачихдаггүй түүхтэй. Ярьж хэлээд байгаа чинь тийм л үнэн юм бол яг одоо Энхболд УИХ-ын даргын тамгаа, Эрдэнэбат Ерөнхий сайдын сэнтийгээ Хүрэлсүхийн уриалснаар хүлээлгээд өгчих. Эрх мэдлээсээ татгалзаж, эрэмбэ дарааллаасаа буцаж байгаад хамаатны хүндээ дайж явуулдаг түлхүүрийн оосорноос ч хямдхан болчихоод байгаа наад намаа шинэчилчих. Зүрх зориг чинь хүрвэл зүгээр л шударга байцгаая, тэгэх үү? Чадахгүй юм бол чарлаж ойчоод, чацга алдаж гүйгээд, пэйж болгоныг спонсорлоод, Сандуй Сундуйгаа эрхлүүлээд, Оюунхоролыгоо эвийлээд, хор найруулж хоргол цацаад байх шаардлагагүй. Хэрэв энэ хэвээрээ байвал тэртэй тэргүй МАН гурван жилийн дараа "Hero" Баатар шиг хээрийн нохойтой нохойгүй арчуулна. Сандал ширээний паян чинь савангийн дууриар дуусна. Энхбаярын цүнхийг барьж гүйсээр байгаад цүдийтэл крандуулаад цүлхийтэл Ерөнхий сайд болсон үе Энхболдод бий. Адгийн муугаар хэлдэг аймшигт Энхбаяр чинь харин ч Засаг дарга байсан хамаатнаа өргөж доош оролгүй, хотын мээрийг өөд нь татаж явсан нуруутай л эр байсан юм биш үү. МАН Энхболдын үед төрийн өндөр албыг ингэтэл нь дордуулж, тэгтэл нь шал арчих гэж. Засаг тэргүүлсэн нам ах дүүсийн аманд багтаж, эрх баригч нам эрх гөлөг шиг авлигач, албан тушаалын наймаачдаар төрөө барьцаалахыг хардаг л юм байна. Итгэлээ өгсөн монголчуудыг, сэтгэлээ дайсан ард түмнээ арай л басаад байгаа юм биш үү? Ядарсан гэж элэг барив уу, ядуу гэж дээрэлхэв үү? Тиймдээ тулбал энэ чинь ганцхан МАН-ын ч асуудал биш. Жаран тавууланд чинь жавхаатай санал өгч, парламентад пялдайтал чинь суулгасан эгэл түмэн, эх орны минь зүрхэн дээр зүгээр байхад зүгтэйхэн л тонгочоорой. За тэгээд хурцхан бичээд эхлэхээр хуцдаг боргодог халтаруудаа турхираад, хаалга үүд савчаад, хажуу хавирганаас зуугаад байв даа. Улираад өөрчлөгддөг, урваад хоцордог улс төрийн албан тушаалтны хажууд сэтгүүлч уран бүтээлч гэдэг чинь үеийг элээн үгээ хэлж, цагийг элээн цадиг түүх хэлхэж суудаг хөх тэнгэр шиг хөдөлшгүй алба. Намайг ер нь яаж ч панаалдаад намчирхаж гүйхгүй, юу ч гэж хөөргөдөөд албан тушаалд шунахгүйг минь та нар байтугай нь мэдэх нь л үнэн юм даг. Энэ үгсийг Энхболдын нүүр рүү харж байгаад, Эрдэнэбатын нүд рүү ширтэж байгаад, Сандуйн сандлын хөлийг өшиглөж байгаад, Оюунхоролын олзны шуналыг онилж байгаад хэллээ шүү. Ахлуулаад өвөөгийн үе, арай наашлаад аавын минь үе, араас нь миний үе, залгуулаад үр хүүхдийн минь үе үзэж чадахгүй байгаа хөгжил хэмээгчийг ийм хүмүүс авчирдаггүй юм, ийм нам ч хийдэггүй юм!


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Яруу найрагч Р.Эмүжин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.