Бичиг баримтаа гээгдүүлсэн бол өндөр торгууль төлөхгүй
"Фэйсбүүк”, "Твиттер” зэрэг цахим орчинд хүмүүс өөр хоорондоо үзэл бодлоо солилцох, харилцах зориулалттай ч сүүлийн үед мэдээллийн журмаар ашиглах нь ихэссэн. Гэлээ ч цахим орчныг эх сурвалж болгон тэнд нийтлэгдсэн мэдээ мэдээллийг бусдад түгээснээр худал хуурмаг зүйл эрчээ авах, иргэд түүнд нь итгэх болжээ.
Жишээ дурьдахад жил гаруйн өмнө нэг залуу өөрийн фэйсбүүк хуудастаа "Хятадууд нэг охиныг зодоод ус руу хаячихлаа” гэсэн утгатай пост, улаан будагтай усны зурагтай хамт нийтэлсэн. Тэрхүү мэдээлэл нь цахим орчинд өндөр хандалт авч, ихэнх нь өөрийн фэйсбүүк найзууддаа тараажээ. Хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийн дагуу шалгахад нөгөө залуу хэдэн лайк, шэйр цугларахыг үзэх гээд фэйсбүүкт худал мэдээлэл оруулснаа хэлсэн байдаг.
Яг үүнтэй адил өнгөрсөн долоо хоногт "Бичиг баримтаа гээсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу ирэх есдүгээр сарын 1-нээс иргэний үнэмлэх 250 мянга, төрсний гэрчилгээ 80 мянга, жолооны үнэмлэх 300 мянган төгрөгөөр торгохоор болжээ” гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийг багагүй бухимдуулсан. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэг
-Төрсний гэрчилгээ болон цахим үнэмлэхээ гээсэн тохиолдолд ирэх сарын 1-нээс өндөр хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд Зөрчлийн тухай хуультай холбоотой ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ ташаа мэдээллийг нийтэлсэн, тараасан, цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй вэб сайтуудыг шалгаж байна. Ингэснээр анх энэ мэдээлэл хаанаас гарсан нь тодорхой болно.
-Иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээгээ алга болгосон болон гэмтээсэн тохиолдолд ямар торгууль төлөх вэ?
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ алдаж үрэгдүүлсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлж, төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5000 төгрөгийн хураамж төлж авна. Иргэний үнэмлэх дахин авахад ажлын тав хоногт хэвлэгдэнэ. Харин төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтийг хүлээн авмагц бичиж олгоно.
-Зөрчлийн тухай хуульд иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд хэчнээн төгрөгөөр торгох вэ?
-Зөрчлийн тухай хуульд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг оногдуулахаар заасан. "Монгол Улсын иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар нэгжид" мэдэгдэх гэж заасныг үндэслэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний (30000 )төгрөгөөр торгоно.
Замын цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэл
-"Фэйсбүүк”-ээр жолооны үнэмлэхээ гээсэн бол 300 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл олон хүнд хүрлээ. Ийм ташаа мэдээлэл яагаад цахим орчноор тарах болов?
-Өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар торгуульсан торгууль хүчингүй болсон, зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна зэрэг буруу ташаа ойлголттой байна. Энэ бол ор үндэслэлгүй цуу яриа юм. Зөрчлийн тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой 56 зөрчлийг багтааж өгсөн. Дээрх зүйл заалт бүгд өмнө хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зургаадугаар бүлэгт зааснаар зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож байсан гэсэн үг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
-Зөрчлийн тухай хуульд багтсан 56 зүйл заалтад торгуулийн арга хэмжээг хэрхэн тусгасан бэ?
-Өмнө нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцохдоо торгуулийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцдог байсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5, 10 хувь гэх мэтээр. Тэгвэл Зөрчлийн тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд оногдуулах торгуулийн дүнг "нэгж”-д шилжүүлэн тооцож байгаа. Өөрөөр хэлбэл 1 нэгж=1000 төгрөгтэй тэнцэнэ. Мөн Зөрчлийн тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зүйл заалтын 90 орчим хувийнх нь торгуулийн мөнгөн дүн багассан. Өмнө нь ЗХАБТХ-иар "Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиг (жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг)-гүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулдаг байсан бол Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгаа.
Мөн холбогдох албаны хүмүүс иргэдийг цаашид дахин ийм худлаа мэдээлэл тараахгүй байхыг хүссэн юм.