“ЭНИГМА”-ГИЙН АРЫГ ХЭН ДААЖ БАЙНА ВЭ

283

“ЭНИГМА”-ГИЙН АРЫГ ХЭН ДААЖ БАЙНА ВЭ

 

"Энигма” ХХК-ийн халдашгүй дархан эрхээс болж нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах боломж хаагдахад хүрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км авто зам барих, дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг зэргийг бий болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Мөн Засгийн газраас шийдвэр гарсан даруйд нь БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран уг ажлыг хийж эхлэх гэсэн боловч "Энигма” компани газраа чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлж өнөөг хүртэл энэхүү ажил зогсонги байдалд орчихоод буй юм.
 
Тус компаниас дээрх газрыг авах болсон шалтгаан нь гэвэл Богдхан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын гурван чиглэл байгаагаас хамгийн том нь "Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээт” чиглэл юм. Энэхүү чиглэлээр өдөртөө тус газарт 5000-10000 иргэн аялаж, 300-450 автомашин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг гэдгийг албаныхан мэдээлж байсан.

Тус зам 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барьж, орчныг тохижуулах шийдвэрийг ийн гаргаж байсан юм.
 
Тодруулбал, НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аялал жуулчлалын замын эхний гурван га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Авто зогсоол барих талбайн 1.1 га газрыг эзэмшигч "Энигма” ХХК-ийн охин компани болох "Монголын Үндэсний их сургууль”, Универсал политехник коллежийн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат маргаан гаргаж, аялал жуулчлалын замын "Авто зогсоол”-ын ажлыг ийнхүү зогсооход хүргэж байв. Тэр ч утгаараа тус компанийн хэтийдсэн шуналаас болж өдгөө Зайсангийн аманд түгжрэл үүсч, иргэдийг нэлээдгүй бухимдуулж байгаа билээ.
 
Хамгийн хачирхалтай нь тус компани нь Засгийн газрын шийдвэр болон бусад яам, агентлагийн гаргасан тогтоол шийдвэрүүдийг эрс эсэргүүцэж өөрийн харьяа Монголын Үндэсний их сургуулийн оюутнуудаар бамбай хийж элдэв янзын жагсаал, цуглаан хийлгэж төрийн ажлыг гацаасаар байгаа юм. Тус компани нь энэхүү хэл ам болоод буй газрыг 2004 онд авсан хэрнээ бүтэн 13 жилийн хугацаанд ямар ч барилга байгууламж бариагүй. Мөн газар ашигласны төлбөрөө ч төлөлгүй өртэй аж ахуйн нэгжийн тоонд бүртгэгджээ. Яг үнэндээ Дархан цаазат тусгай хамгаалалттай газар сургууль барих ёсгүй гэдгийг тус компанийн захирал Л.Мөнхбат мэдэж байгаа ч энэ бүхнийг огоорч төр засгаас гаргасан шийдвэрийг үл тоож байгаа нь хэний нөмөр нөөлөгт орж толгой гаргаж байна вэ гэдэг нь хачирхалтай. Тиймээс ганцхан компанийн эрх ашгаас болж нийслэлийн 1.3 сая гаруй хүний эрх ашиг хөсөр хаягдаж буй нь харамсалтай.
 
Төр нь өөрийн эзэмшлийн газар нутгаа нэгэн хувийн компаниас авч чадалгүй хүчин мөхөстөж байгаа нь ямар учиртай юм бол гэж эргэлзэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн гаргаж буй үйлдлээс харахад үүний ард маш том хүн арыг нь дааж төрийн ажлыг гацаахад хүрэв үү гэсэн асуулт ч гарч ирнэ. Хэрвээ хэн нэгэн Дорж, Дулмаа нар байсан бол жирийн нэг  байцаагч гүйж очоод газрыг нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад өгчихсөн байгаа.
 
Яг үнэндээ манай орны хувьд авто замын ажил цаг хугацаатай хийгддэг. Тиймээс л нийслэлчүүдийн цэвэр агаарт гарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх,  амарч, зугаалах эрхийг хангах, эрүүл мэндийг хамгаалах зорилт бүхий тус замын ажил мөнгөтэй ганц компанийн эрх ашгаас болж зогсоход хүрээд буй учраас холбогдох газрууд нь энэ бүхнийг анхааралдаа авч төрийн ажлыг цааш нь үргэлжүүлж тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцлаад зогсохгүй холбогдох хууль хяналтын байгууллагад яагаад өгч болохгүй гэж.
 
Ямартай ч өнөөдрийн байдлаар Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч тус компанийн буруутай үйлдлээс болж нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах боломж хаагдахад хүрээд байгааг төр засаг анхаарч төмөр нударгаа харуулах цаг нь иржээ.

Өглөөний сонин
Р.Төгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.