|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Төрийн банкны захирлуудын СУПЕР хангамжуудаас...

Төрийн банкны захирлуудын СУПЕР хангамжуудаас...Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага бол Төрийн банк. Энэ банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг болдог.

 

 

Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3-н орлогч захирал бий. Тэдний доор чиглэл бүрээ хариуцсан долоон захирал ажиллана. Долоон захирлын доор 15 газар ажиллах бөгөөд бүгд захирлуудтай.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн итгэлт дүү Д.Баярсайхан захирлын сард авдаг цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм. Үүнээс гадна Д.Баярсайханы ажлаа аваад халсан өмнөх долоон захирлын зарга Захиргааны шүүх дээр явж байна. Анхан шатны шүүх саяхан хуралдаж, халагдсан долоон захирлын талд шийдвэр гаргасан. Шүүхийн процесс энэ чигээрээ яваад дуусвал Төрийн банкнаас ажлаас халагдсаны тэтгэмжээ бүгд авна гэсэн үг.

 

 

Тус банкны орлогч захирал Г.Тогтохбаатар, орлогч захирал Б.Энхсайхан, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр нар нь өмнөх Засгийн газрын үед Төрийн банкинд таван сар ажиллаад халагдахдаа тус бүр 18 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж буюу дунджаар нэг хүн 180 сая төгрөгийг ажлаас халагдсаны тэтгэмж гэж авч байжээ. Шүүх асуудлыг эцэслэвэл энэ жишгээр хохирлыг барагдуулна.


Түүнчлэн Ерөнхий захирал Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар албан хэрэгцээндээ LEXUS-570 автомашин унаж тансагладаг. Ийм машины зах зээлийн үнэлгээ хэд билээ, дээрээс нь бензин, тос гээд явж өгнө. Энэ машинуудын дугуй бололтой, саяхан "Секуд” ХХК-аас 34.210.000 төгрөгийн үнэ бүхий дугуй худалдаж авчээ. Энэ мэт бүх зардал Төрийн банкнаас гардаг гэсэн үг. Тэгэхээр нэгэнт хувьчлалын сураг сонссон энэ банкны захирлууд хөрөнгийг үрэн таран хийж л суудаг бололтой юм.

 

Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох

Undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.