|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Нэг албин чөтгөрөөс арайхийж салж байхад дахин нэг чөтгөрийг Ерөнхий сайдаар томилох гэж үү

1921 болон 2017 оны  МАН

1921 онд МАН Хятадын эрхшээлээс гарахын тулд Хятадын колоничлолыг бут цохиж тусгаар тогтнолоо зарлаж байсан бол 90 жилийн дараа МАН өөрөө Хятадын эрлийзүүдээс бүтсэн нам болж хувирчихаад байна.  Одоо энэ намд "Хятадын эрлийзүүдээс салах ёстой” гэсэн ТОМ зорилго, тэмцэл  явагдаж байгаа.  Хятадын бодлого төрд, төрийн бодлого түмэнд нөлөөлж байгаа учраас энэ тэмцэл хүн болгонд хамаатай. Тиймээс хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо гэсэн жижигхэн өнцгөөр харахын оронд тэдний хувиа хичээж дуугүй сууж чадаагүй эр зоригт бид талархах ёстой бус уу.

Нийтлэлч Баабар "Элбэгдорж авлигатай тэмцсэн, Баяр гадаадын хөрөнгө оруулалт гүйцэтгэсэн учир буусан. Энэ бол тэдэнд тулгасан ял” хэмээн нийтлэлдээ дурджээ. Бас Бат-Үүл, Бадамдамдин, Батж.Батбаяр нарыг бүлэглэлээс хол байсан гэж бичиж.  Баабарыг  эндүүрч байна гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэр учрыг хамгийн сайн мэдэх хүний нэг. МАНАН-гийн бүлэглэл үүсэхэд хамгийн их үүрэг роль гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь Баабартан өөрөө.  Тэр Сангийн сайд байх хугацаандаа Ц.Элбэгтэй нийлж хоёр ч Тогтвортой байдлын гэрээг хийж амжсан.  Оюутолгойн гэрээнээс С.Баяр яаж хожсоныг ч тэр сайн мэдэж байгаа. Бадамдамдин хэрхэн хуурамч материал бүрдүүлэн Дорнодын Улааны ордыг Хятадуудад үлэмж их мөнгөөр зарсныг тэр мэдэхгүй гэж үү.  Бас эцэг луйвруудын нэг нь Батж.Батбаярын хууль бусаар хувьчилж авсан  гутлын үйлдвэр багтдаг шүү дээ.  Дөрөвдэх засаглалд хар хүчнийхэн нэгнийгээ ийнхүү гадас шиг хүчтэй зоож, хэвлэлийнхний дунд жин дарах, үг үйлдлээ хаацайлуулах зэвсэг болгож чаджээ.  Үүнийг эхлэн дурдсаны учир нь бид нэг зүйлийг буруу ойлгоод байна.  Бид ердөө болоод байгаа үйл явцыг зөвхөн өнгөн талаас нь л малтаад байна.  Хар хүчин гэж хэн юм бэ, хар хүчнийхэн хэний гар хөл болж, хэрхэн санхүүжиж байгааг нэг бус удаа хэвлэлийн нийтлэлээс уншсан байх.  Гэвч учрыг сайн ухахгүй байх шиг.   Тиймээс хар хүчнийг харах өнцгөө томруулъя

Нэг албин чөтгөрөөс арайхийж салж байхад дахин нэг чөтгөрийг Ерөнхий сайдаар томилох гэж үү

Огт сураггүй байсан нэг нөхөр сүүлийн жилүүдэд МАН-д нөлөөгөө тогтоож, томоохон албан тушаалд байнга суух болов.  С.Бямбацогт хэмээх эр  2008 онд С. Дэмбэрэлийн сонгуулийн зардлыг дааж, түүний дэмжлэгтэйгээр гарч ирсэн байдаг.  Харин одоо түүнд хүч нөлөө, байр суурьтайгаа үл нийцэх том амбиц - мөрөөдөл бий болжээ.

С.Бямбацогт   "2016 оны сонгуулийн дараа М.Энхболдыг Ерөнхий сайд болбол УИХ-ын дарга болно”  хэмээн мөрөөдөх байтугай нутагтаа зарлаад явж байв.  Намынхан нь түүнд тийм ч таатай биш учраас  С.Бямбацогтын энэ мөрөөдөл хэзээ ч бүтэшгүй хий хоосон.  Түүнийг  "хажуудахаа хэмлэж, хамт зүтгэдэг нөхрөө луйварддаг” гэж ярих,  "төрийн өмчөөс байнга хумсалсаар ирсэн” -ийг батлах нөхдүүд олон бий.  2000 оны үед Тайширын усан цахилгаан станцаас  Ховд хүртэлх 40 км цахилгаан эрчим хүч татах хөрөнгө  төсөлд нь суучихаад байхад улсын төсөвт дээрх хөрөнгийг дахин суулгаж, 1,2 тэрбумыг хөнгөхөөн завшиж орхисон тэр нөхөр бол одоогийн Хуульзүйн сайд С.Бямбацогт юм.   Авлигаар  тендер авч баяжсан тэрээр эрчим хүчний бүх тендерүүд түүний гараар ордог байлаа.  Сүүлдээ авлигагүйгээр тендер авах болсон бөгөөд  арга нь, тендер зохицуулж өгдөг хамтрагчийнхаа авлига нэхсэн яриаг нь дуу хураагуурт бичиж аваад түүгээрээ  дарамтлан шантаажилдаг байв. Энэ бүхэн түүнийг ямархуу эр вэ гэдгийг хэлээд өгнө.  Ховдын бүлэглэл түүнийг ийнхүү зүтгүүлж байгаа ажээ. Дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй ҮХЦ-ийн Бямбадорж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХын дарга асан С.Дэмбэрэл, Хотын захирагч асан Б.Мөнхбаяр, Монгол банкны Ерөнхийлөгч асан Д.Пүрэвдорж, Жанжин штабын дарга Г.Даваа гээд  нөлөөгөө тогтоосон  эрхмүүд энэ бүлэглэлд багтдаг бөгөөд 2000 оноос хойш тэрээр хүчээ авсан юм.  Гэвч Ц.Элбэгдорж Ховдынхны улс төрийг шавартай хутгачихсан учраас энэ бүлэглэлд хүмүүс төдийлөн сайн хандахаа больжээ. 

Шинэ Ерөнхий сайд МАНАН-гийн суунаглалыг зогсоох учиртай

Монгол улс сүүлийн 20 жилд Ерөнхий сайдаар  буруу  хүн томилсноос эдийн засаг аажим аажмаар хар ангал руу гүн суусаар  байна. Аль нэг яамны газар хэлтсийн дарга ч хийж үзээгүй М.Энхсайхан, уран бүтээлчдийн дугуйлангийн Ц.Элбэгдорж, орчуулагч Н.Энхбаяр, техникумын багш Амаржаргал, математикийн багш Алтанхуяг, дүүргийн ИХ-ын төлөөлөгч М.Энхболд,  дүүргийн хуулийн хэлтсийн ажилтан С.Баяр, нэг ч баялаг үйлдвэрлэж үзээгүй Сү.Батболд,  толгойгүй хүн Ч.Сайханбилиг,  аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гээд Ерөнхий сайдуудын ихэнх нь аль нэг салбар хариуцаж үзээгүй хүмүүс байв.  Засаг огцорсноос хойш  7  хонолоо.   УИХ  45 хоногт Засгийн газраа эмхлэх ёстой бөгөөд хэрэв чадахгүй бол УИХ өөрөө тарах заалт бий.  Тиймээс энэ хэдэн хоногт бүр ширүүн тулаан болох нь дамжиггүй. Чухам  энэ удаа  өргөн мэдлэгтэй, олон жилийн практик туршлагатай, хурдтай, басхүү  МАНАН-гийн суунаглалыг зогсоож чадах хүнийг  томилох  гэгээн мэлмий, эх оронч сэтгэл УИХ-ын болон  МАН-ын гишүүдэд байгаа гэдэгт итгэе.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.