|
Видео

Шинэ мэдээ

ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ

ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ

Би дотоодоор тэгтлээ их аялж үзээгүй хүн. Залууд уншсан сайн номыг нас ахихад уншихад шал өөр сэтгэгдэл үлддэг. Тэрэн шиг амьдралыг арай өөрөөр хардаг насан дээрээ эх орноороо аялж амарна гэдэг залуу бага үеийнхээс тэс өөр санагддаг ажгуу.

Хэлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг би өдий болтол Эрхүү, Улаан-Үд орж үзээгүй. Бас эртний нийслэл Хар-Хорумын туурийг үзээгүй, Эрдэнэ-Зуу хийдээ гороолоогүй нэгэн байсан юм.

Харин саяын аяллаар бага сага ч атугай дутуугаа гүйцээж дундуураа гүйцээж явахдаа 1580 онд Монголын нэг томоохон язгууртан бүхий л бэл бэнчинг нь гаргаад Эрдэнэ-Зуу хэмээх аварга цогцолборыг бариулж байсан гээд бодохоор "Бид оюун соёлын хувьд урагшилж байна уу? Ухраад байна уу?" гэдэг асуултыг өөртөө өөрийн эрхгүй тавьмаар санагдлаа.

Орхон голын хөндий дэхь эртний Хар-Хорум хот энд байсан даа гэж сэтгэл дотроо ургуулан бодох агшинд тухайн үеийн дэлхийн нийслэлийг үүнээс илүү гайхамшигтай ариун дагшин, уудам орон зайд байгуулна гэж юу байх билээ гэсэн далдхан омогшил хийгээд огшил сэтгэлийн мухарт хүүс хүүсхэн хөвсөлзөж байна лээ шүү.

Би "Дэлхийн нийслэл" гэдэг үгийг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлчихээгүй юм шүү. Буурал түүхийн будан хүдэнд бүдэгрэн алсарсан Хар-Хорум хотын маань оршин байсан орон ахуй үнэхээр дахин давтагдашгүй гайхамшигтай ажгуу. Тийм гайхалтай ариун дагшин, уудам ахуй оронг сонгож нийслэлээ байгуулж байсан өвгөдийн ухаан хийгээд тийм гайхамшигтай уудам цэлгэр орон зайг эзэгнэн оршиж байсан эртний нийслэлийн маань сэтгэлд урган сүндэрлэх сүр хүчний өмнө өвдөг сөгдөн мэхийн ёслохоос өөр яалтай билээ?

Санаашрал, гайхширал, сүүрс алдалтаар олигтой шийдэх зүйл юу байх билээ? Манай төрийн томчууд Монголын нийслэлийг Хар-Хорин руу шилжүүлье гэж нэг хэсэг баахан шуугиж байгаад таг чиг болцгоосон. Харин нүдээр үзэж чихээр анирлан зогсох зуур жаахан ухаан сэхээтэйхэн төрийн түшээдтэйсэн бол энэ дэлхийд дахин давтагдахааргүй ариун дагшин хийгээд цаглашгүй уудам энэхүү орон зайд "Дэлхийн нийслэлийг байгуулж болох бус уу?" гэсэн гэгээхэн бодол сэтгэлийн мухарт цахилсаныг нүүр номын номын садангууд та бүхнийхээ гэгээн мэлмийд сонордуулж байгаа минь энэ бөлгөө.

Төрөөс "Дэлхийн нийслэлийн" гол гол зам харгуйг дэлхийн стандартаар барьж байгуулаад орхичих. Тэгээд Орос, Хятад, Америк, Англи, Франц, Япон. . . . . .зэрэг дэлхийн голлох хүчирхэг улс орнуудад уг томоохон төслийг танилцуулж газрыг нь үнэ төлбөргүй олгоод тухайн улс орнуудын үндэсний онцлогийг илтгэсэн 3-5 барилгыг барих боломжийг хууль эрх зүйн талаас нь олгочих. Том гүрнүүд нэр нүүрээ бодоод том том барилга байгууламж барьж өгөх нь гарцаагүй. Улс орнуудын жагсаалт Дани, Швед, Канад, Солонгос, Израйль гээд цаашаа хөвөрч өгөх нь тодорхой. Дэлхийн нийслэлийг байгуулах ариун үйлсээс хойш татах улс үндэстэн гэж хаана байх билээ дээ? Тийм болохоор Саудын Араб, Австрали, Кувейт, Түрк улсууд ийм төслийн бүтээн байгуулалтанд гар татахгүй байж таарна.

Зам харгуй, цахилгаан дулааныг нь улсаас хариуцан гүйцэтгээд "Микрософт", "Али-баба", "Аппле" зэрэг бизнесийн том акулууд "Дэлхийн нийслэлд" өөрийн нэрэмжит гудамж байгуулах боломж олгочихвол гүйцэтгэл нь тэдний хувьд нэр төрийн хэрэг байх болно.

Мөхөс би вээр улс орон, ард түмнийхээ далай буяны үрээр гурван тивийн чамгүй олон улс орноор аялан явж үзсээн. Харин дотоодын аялал жуулчлалын шугамаар явж байхдаа "Дэлхийн нийслэл" байгуулах дэлхийн хэмжээний гайхамшигтай газар орон гагцхүү Монголд маань буюу Орхоны уудам хөндийд байгааг олж хараад энэхүү бичлэгийг тэрлэх санаа төрсөн бөлгөө.

Энэхүү төслийн санаачлага хийгээд хэрэгжилтийг шинэ ерөнхийлөгч, төрөхөөр дуншиж байгаа шинэ УИХ-ын дарга, шинэ ерөнхий сайд, жаахан сүйхээтэйхэн нэгэн байх бөгөөс ГХЯ-ны сайд хэн ч байсан санаачлаад хэрэгжүүлэх боломжтой. Бас юу хийхээ олж ядсан мэт марзан марзан бүтэшгүй санал санаачлага чамгүй олныг дэвшүүлэн гаргах дуртай манай улс төрийн намууд ч энэхүү санаачлагын хэрэгжилтэнд идэвхитэй оролцоосой билээ.

Хэрвээ Орхоны хөндийд Хар-Хорум хотын хуучин туурин дээр "Дэлхийн нийслэл" төсөл хэрэгжиж чадах бөгөөс ямар ч байсан Азидаа аялал жуулчлал, банк санхүүгийн асар том төв болон цогцлох нь гарцаагүй.

"Санаж явбал бүтмүй. Сажлаж явбал хүрмүй." гэсэн өвгөдийн мэргэн сургаал бийсэн дээ.

Boldbaatar Dorjsuren
https://www.facebook.com/boldbaatar.dorjsuren.75/posts/10211618022020544

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.