СҮСЭГ БИШ СЭЖИГ ТӨРӨМ ГАНДАН

449

СҮСЭГ БИШ СЭЖИГ ТӨРӨМ ГАНДАН

 

Намрын налгар өдрүүдтэй зэрэгцэн нийслэлчүүдийн аж амьдрал бужигнадгаараа бужигнаж, нөгөө л хөл хөдөлгөөн, замын түгжрэл гээд эргэх дөрвөн цагт ээлжлэн тулгардаг бэрхшээлүүд хэвээрээ. Харин өдөр хоног өнгөрч, цаг хугацаа одохын хэрээр хотын төвийн өнгө үзэмж, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэмэгдсээр байгаа нь талархууштай ч нөгөө талд нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан, өөдлөх дэвжих өнгө үзэмжээ сайжруулах талаар хуруугаа ч хөдөлгөдөггүй газар бишгүй олон байдгийг сануулах нь илүүц биз. Тэдгээрийн нэгийг бид сурвалжиллаа.

Энэ бол ямар ч цаг үед түм түчигнэж байдаг, монгол түмний сүсэглэн биширдэг бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд. Гандангийн дотор, гадна хир тоосондоо дарагдчихаж. Буян номын газар атлаа хогийн цэг шиг байна гэх иргэдийн гомдлын дагуу энэ удаагийн сурвалжилгаа хийсэн юм.

Хийдийн гадна очиход "Будаа аваарай, будаа аваарай. Тагтаа хооллох будаагаа аваарай” хэмээн орилолдох наймаачид гээд олон жилийн өмнөх дүр зураг яг л тэр хэвээр угтав. Шувууны өвчин гарсан хэмээж гар дээрээс тагтаа хооллохыг хориглож байсан ч өнөөдрийг хүртэл тэнд будаа зарсан наймаачин, худалдан авагч хоёр амь бөхтэй оршсоор байгаа ажээ.

Өмнөхөө бодвол бага зэрэг цөөхөн болж, хог хаягдал нь багасаж, гаднах өнгө үзэмжээ өөрчлөх гэж оролдсон төдий. Гэхдээ л бидний хүүхэд байхдаа очиж байсан хуучин Гандан тэр хэвээрээ. Шинээр нэмэгдсэн зүйл гэвэл усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай. Харин төв хаалгаар ормогц "Сүм хийд, түүх соёлын дурсгалт газар. Тагтаа хооллохыг хориглоно. Хог бүү хая” гэсэн анхааруулга бүхий самбар нүдэнд тусч байв.

Энэхүү анхааруулгын ач буян уу, эсвэл сүсэгтэн олны ухамсар, үйлчилгээ авах арга барил өөрчлөгдсөнийх үү ямартаа ч бүртийх ч хоггүй байсан нь талархууштай. Хуучин энэ хэсэг талбай будаа,тагтаагаар дүүрч, хувийн зурагчдын орон зай болчихдог байсныг өөрчилж чадсан байна лээ. Үзэгдэх орчин цэлийж, харагдах байдалд хүртэл соёлын арай өөр хэлбэр ирснийг илтгэж байсныг магтахгүй өнгөрч боломгүй юм. Гэвч энэ дүр зураг зөвхөн гаднах байдал төдий аж. Ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг нь хийдийн үүдээр ороход биднийг угтлаа.
 

Өнгө алдаж, зүсээ гээсэн Жанрайсиг

 

Монголчууд, гадны жуулчид Гандантэгчэнлин хийдээр орохдоо хамгийн түрүүнд Жанрайсигийн дуганаар ордог. Тэгэхдээ баруун, зүүн талд байрлуулсан хүрдтэй суваргыг эргүүлж, тойрчхоод Жанрайсигийн дуганыг зорьдог. Хэн ч ингэж орох ёстой гэж заагаагүй ч, сүсэгтэн олон яг л энэ жимээр явна. Шууд ордог хүн байхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Гэтэл баруун, зүүн талд байрлуулсан суваргын байгаа байдал, шувууны цангис, хүрдэн дээрх хүмүүсийн гарын хөлс, хирнээс тогтсон тостой хар толбо, тоос тортог, хараад сэжиглэх мөн цээрлэж, цэрвэх сэтгэгдэл төрснийг нуух юун.

Баруун, зүүн талд байрлуулсан хоёр арслангийн хөшөө рүү ойртоход хуршсан тосны эхүүн үнэр хамар цоргиж байх аж. Хайлж урссан тосноос гадна арц, хүж зэргийг уугиулж, чүдэнз, идээ, будаа, чихрийн үлдэгдэл зэргийг хаа, хамаагүй орхижээ. Энэ нь шашны билэг тэмдэг гэхээсээ илүүтэй орчиндоо эвгүй үнэр тарааж, бурхан номын ариун газар бус эсрэгээрээ нян бактери тараасан, эвгүйцмээр орчинтой болжээ. Жанрайсигийн дуганы гадна талын шилэн хаалганд гурван эрдэнэ дор мөргөмүй.

Төр түмний их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхны "Цогчэн дуган”-ыг цогцлоон босгох өргөл хандив авч байна” гэсэн зар угтлаа. Буян номын газар гэхээс илүүтэй ашиг олох гэсэн арга ядсан үйлдэл мэт харагдана. Бас энэ зарлалын дор банкны данс, холбоо барих утас зэргийг биччихэж. Дуганы гадна талын арслантай бариул ч гэсэн тос, тортогт дарагдаж, он удаан жилийн хур хир арилах шинжгүй наалдсан нь сэжиг төрүүлэм. Дотор ормогц сүсэгтэн олон Жанрайсиг бурхандаа мөргөж, сүсэглэх дүр зураг угтав.

Гэвч бурхан шашны төв гэсэн атлаа, хөлсний үнэр арц хүжтэйгээ холилдон хамар цоргих нь таатай санагдсангүй. Жанрайсигийн дуган доторх хүрд мөн л ялгаагүй гарын хөлс, хир тоосондоо холилдож наалдсан байх аж. Сүсэгтэн олон үүнийг мэдсэн ч тоохгүй байсан уу эвгүй үнэр, хүрдний хир, тоос тортгийг үл тоон дараалал үүсгэн, эргүүлж, тойруулж байлаа. Жанрайсиг бурхан ч тоос тортогтойгоо холилджээ. Уг нь Жанрайсиг бурхны өнгө нь алтан шаргал өнгөтэй арчилж тордоод зүлгэвэл нар ойж, нүд гялбам байхаар.

Гэтэл аль хэдийнээ үндсэн өнгө төрхөө гээжээ. Түүнийг тойрон хүрээлсэн жанцангууд нь өөрийн үндсэн өнгийг гээж, хир тоосондоо баригдсан байлаа. Жанрайсигийг тойрсон мянган Аюуш бурхны жанч ч гэсэн хир тоос, утаа угаартай идэгдсэн байх юм. Харин зарим бурхдын жанч нь шинэвтэр солиод удаагүй нь цагаан дээр хараар будсан аятай л содон. Урдах шилэн халхавч нь халтартаж, сааралтсан байх ажээ.
 

Лам ном унших уу, эсвэл цэвэрлэгээ хийх үү

 

Ингэж асуухаас өөр аргагүй аж. Хийдийн өнгө үзэмж гээгдэж, тоос тортогтой дарагдчихсан байхад цэвэрлэгч нь юу хийдэг, ямар хүн байдаг талаар мэдээж сонирхох нь тодорхой. Тэр ч утгаараа сүсэгтэн олныг ажин суугаа залуухан ламаас бурхдын жанч, Жанрайсиг болон жанцангуудын тоос тортгийг хэн хариуцан цэвэрлэдэг талаар лавлав. Гэтэл "Лам нар өөрсдөө цэвэрлэдэг. Харин бурхдын жанчийг хими цэвэрлэгээнд өгдөг. Урагдаж муудсан үед жанчийг нь сольдог” гэснээс өөр зүйл хэлэлгүй цааргалах маягтай одов.

Дараа нь Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажилладаг эмэгтэйгээс ‘Та нар гадна талын хүрд болон бурхдыг цэвэрлэдэггүй юм уу” хэмээхэд "Бид гадна цэвэрлэгээг хариуцдаг. Мөн дуган дацангуудын дотор талыг цэвэрлэх үүрэгтэй. Цаашлаад лам нарын өрөөг цэвэрлэдэг. Бурхдын тоос, жанч зэргийг лам нар цэвэрлэж, арчиж тордох үүрэгтэй. Бидний ажил биш” гэлээ. Харин сүсэгтэн олонтой уулзахад өнөөх л бидэнд гомдол илгээсэн иргэдийн нэгэн адил ариун цэврийн талаар хангалтгүй, орж ирэхэд бохир байдаг хэмээн шүүмжилж байсан юм.

Гандантэгчэнлин хийдээр үйлчлүүлж байсан Г.Цэлмүүн "Тоос тортог ихтэй болохоор хүрдэнд хүрдэггүй. Мөргөчхөөд л гардаг. Ханиад томуу ихтэй, гар хөлийн өвчин өвлийн улиралд их гардаг болохоор наашаа бараг зүглэдэггүй. Хэчнээн хүний гарын хөлс, хир наалдаж байгааг мэдэх аргагүй. Харахад ариутгал энэ тэр хийдэггүй байх. Халтар тоос, шороотой болохоор нь жаахан сэжиг хүрээд байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн хийдэд мөргөж явсан 70 настай ахмад настан "Ариутгал ариун цэврийн талаар сайн мэдэхгүй. Хэрхэн арчилж тордож байгааг нь харсан биш. Гэхдээ гэрийнхээ бурхныг арчиж тордоод зүлгэхэд жигтэйхэн сайхан гялалзаад гоё л байдаг юм. Лам нарын зав зай эсвэл төсөв мөнгө дутмаг байдаг байх” гэж жаахан өмөөрөнгүй дуугарч байлаа.

Гандантэгчэнлин хийдэд өдөрт хэдэн мянгаараа сүсэгтэн олон хөвөрдөг. Найман настай балчраас наян настай буурай, гадаадын жуулчид хүртэл очиж сүсэглэж, мөнгө төгрөг хандивладаг. Нөгөөтээгүүр, бурхан шашны төв гэдэг утгаар ном хурах тариф нь бусад хийдийг бодвол өндөр бөгөөд тогтсон ханштайг нь хүн бүхэн мэднэ.

Хийдийн "Дагий жанчив, Ганжидын додва зэрэг ном 500 төгрөг бол "Арван хангал” гэх мэт томоохон номууд нь 10 мянган төгрөгийн ханштай аж. Ном хурах ханш нь 500-10,000 төгрөгийн хороонд байдаг гэсэн үг. Өдөрт хэчнээн хүн хэдэн төгрөг өгч байгааг нарийн ширийн тооцох гэсэнгүй. Орлого, зарлага нэхэх гэсэнгүй.

Хамгийн гол нь Монголын бурхан шашны төв, эрт эдүгээгээс уламжлаад ирсэн соёлын минь их өв, гадна дотнын хүмүүсийн нүүрийг тахалж, улс орны хөгжлийг илэрхийлэх нэгээхэн хэсэг нь болж байж ариутгал, цэвэрлэгээний асуудалд онцгой анхаармаар санагдлаа. Дэлхийн олон ч хийдээр орж юм үзэж, нүд тайлсан хүний ярьж буйгаар Монголын бурхан шашны төв маань хогийн цэг, хир тоосондоо дарагдсан балгас аятай л болчихжээ. Ичгэвтэр биш гэж үү.


Монголын мэдээ
Б.Пүрэвжав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>