|
Видео

Шинэ мэдээ

Өнөөгийн дампуурлын учиг

Өнөөгийн дампуурлын учиг

 

Манайхан шинэ Засгийн Газар хүлээгээд тэнэгтээд сууж байна. Шинэ Засгийн Газрыг хүлээхдээ ердөө л хэн хэн сайд болох талаар л цуурч чадаж байна. Адгийн бэртэгчин болсон араншин, хөгийн зээлдмэл гуйлгачин сэтгэлгээнийх нь байж байгаа царай, хүрсэн түвшин нь ердөө л энэ. Мөн чанартаа Засгийн Газар байгуулахын цаана цоо шинэ үзэгдэл хандлага түрэн ирж байгааг бараг хэн ч ярихгүй байна. Энэ тухай өгүүлсү…

"Бузартсан” ардчилал


Монгол Улс, монголчуудын ардчиллын буянаар "эрхлэх” үе дуусав. "Монгол бол ардчиллын үлгэр жишээ”, "Монгол бол ардчиллын амжилтын үзэсгэлэн”, "Монгол бол дэлхийд шинээр тогтож буй ардчиллын онц сурлагатан”, "Монгол бол ардчиллын баян бүрд”, "Та нар бүгдээрээ Монголоос үлгэр жишээ авцгаа”…


Дэлхийн тэргүүлэх гүрнүүд бараг 20 гаруй жилийн туршид Монголд бүх талын туслалцаа үзүүлж, магтан сайшааж, туршлагыг нь дэлхий нийтийн ач холбогдолтой гэж сурталдаж байсан зурвас үе нэгэнт дуусчээ.


Эдүгээ Монгол дахь ардчиллын хямрал, нуралт сэдвийг дэлхий даяараа ярьж эхэлсэн ба зарим дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт Монгол Улс ардчиллыг гутаагч, зах зээлийг сүйрүүлэгч орны "сонгодог” жишээ болон орох болов. Монгол дахь ардчиллын хямралт нуралтыг зөвхөн Монголд төдийгүй, дэлхий дахинаа нэгэнт мэддэг болжээ.


Эндээс яагаад ? гэсэн асуулт зайлшгүй бөгөөд гарцаагүй үүснэ. Манайхан Монгол дахь ардчиллын хямрал нуралтын талаар "үй түмэн юм” ярьж, донгосдог боловч шинжлэх ухааны үндэстэй, системтэй, бодит судалгаа, шинжилгээ хийсэн нь бараг үгүй юм. Эсвэл дан ганц эдийн засаг ярьдаг, эсвэл дан ганц улс төр ярьдаг, эсвэл эсвэл…гэх мэт салгаж ярих нь дээр тавьсан асуултад ямар ч хариулт өгч чадахгүй. Энд зөвхөн системийн анализ шинжилгээ л хариулт өгч чадна. 


Манайд байнга дурдан буй "үй түмэн” шалтгаан, шалтгийг "багыг нь ихэд” нь багтаах буюу арга зүйн хувьд нэгтгэн томъёолбол дараах 3 бүлэг асуудал буюу хэлбэрт орно.


Нэг. "Монголд ардчилал, зах зээл угаасаа тохирохгүй.” Хэрэв "тохирно” гэж үзэх ахул Монголд ардчилал "их сайхан” хөгжих байсан. Даанч тийм зүйл болсонгүй. Энэ тохиолдолд асуудал дараах хэлбэрт орно.


Хоёр. "Ардчиллын "багш нар” буюу Барууныхан бидэнд ардчилал, зах зээлийг "буруу” заасан, эсвэл ямар нэг "өөр зорилго” тэдэнд байсан”. Хэрэв Барууныхан бидэнд "зөв” заасан бол Монголын ардчилалд ихээхэн ахиц гарсан байх ёстой. Бас л тийм зүйл болсонгүй. Харин ч Барууныхан биднийг "магтахаа” аль хэдийн больсон ба одоо тэдний хэвлэл мэдээллийн тоймоос харахад "муулах” уур амьсгал зонхилох болов. Түүний агуулга нь: "Бидний "зөв” заасан юмыг монголчууд "буруу” ойлгож, "буруу” хэрэгжүүлсэн учраас Монголд ардчилал, зах зээлийн хямрал нуралт болсон.” Ингээд "бүх буруу” хийгээд "муу муухай” монголчуудад ногдож байгаа юм. Энэ тохиолдолд бидний сонирхон буй асуудал дараах хэлбэртэй болно.


Гурав. "Монголчууд ардчилал, зах зээлийг өөрсдөө буруу хэрэгжүүлж хүн танихын аргагүй болтол гажуудуулж, эвдэн сүйтгэсэн.”


Онол – арга зүйн хувьд дээр дурдсан 3 хувилбараас өөр хувилбар байх боломжгүй гэдгийг онцлон дурдаж байна.


Миний үзэж байгаагаар энд дурдсан 3 бүлэг асуудал нэгэн цогц бөгөөд Монголын өнөөгийн сүйрэлт хямралын төлөв байдалд аль аль нь тодорхой сөрөг нөлөө, үр дүн үзүүлсэн. 


Манайхны сэтгэлгээний үүднээс авч үзэх ахул: "Монголд ардчилал тохирох эсэх” эхний асуудал нь "онолын”, "Барууныхан "зөв буруу” заасан болон "өөр зорилготой байсан эсэх” хоёр дахь асуудал нь "онол-практикийн хосолмол”, харин "Монголчууд "тэнэгтэж”, ардчилал, зах зээлийг гутаан бузарласан эсэх” гурав дахь асуудал нь "шууд практикийн” асуудал юм.


Энэ удаад манайд тулгамдаад буй 3 дахь асуудал буюу "Монголчууд тэнэгтсэн” (энд бол "эсэх” гэсэн утга байх ямар ч үндэслэл байхгүй) асуудлыг товч авч үзье.


"Эрх баригч ангийн” хөгжил хийгээд дампуурал


Аль ч нийгмийг "эрх баригч” анги буюу "элит” гэж нэрлэгдэх бүлэг удирдаж байдаг. Энэ тухай онол сургааль бүр эрт Макиавеллийн үеэс эхтэй боловч Г. Моска, В. Парето, Р. Михельс нар хамгийн үнэмшилтэй онолын үндэслэл гаргасан байдаг. Энийг өөрсдөө олоод үзнэ биз…


Ямар ч гэсэн тэдний сургаальд "хулгайч, дээрэмчин, авилгач, луйварчид эрх баригч болдог, болгодог” гэсэн агуулга байтугай, үг үсэг ч байхгүй. Хамгийн гажигтай нь Монголын хулгайч, дээрэмчин, авилгач, луйварчид өөрсдийгөө "элит” гэж нэрлэн бузар булай үйлээ үргэлжлүүлж байгаа жигшим үйлдэл юм. 


Эдүгээ манайд уншлага болсон "төрийг тогтвортой байлгах” гэсэн хэллэг хулгай, дээрэм, авилга, луйврыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлнэ гэсэн утга болохыг ямар ч тэнэг ойлгохоор байгаа. Гэтэл энэхүү энгийн бөгөөд төгс үнэнийг "ойлгодоггүй баагийнууд” цөөнгүй байгаагийн ихэнхи нь бэртэгчин сэхээтний дунд байгаа нь нууц биш…


Монгол ардчилал эхэлмэгц өмч хувьчлал хийсний ачаар иргэд өмчтэй болж зах зээлд шилжсэн гэх ойлголт буруу юм. Үнэн хэрэгтээ бол Монголд "нийгмийн баялгийн дахин хуваарилалт”, "капиталын анхны хуримтлал” болж, "нийгмийн давхраажилт”-ыг үндэс сууриар нь өөрчилсөн юм. Энд хашилтад оруулсан нэр томъёо бол өдөр тутмын энгийн ярианы хэллэг биш, цаанаа асар гүн утгагүй шинжлэх ухааны категори гэдгийг онцлон дурдаж байна. Дашрамд дурдахад шинжлэх ухааныг үл мэдэх, түүнээс төсөөрсөн, хол хөндий монгол сэхээтний сэтгэлгээний нэг том гамшиг бол шинжлэх ухааны категорийг өдөр тутмын жирийн яриа, хэллэгийн агуулгаар "тайлбарлах” гэсэн тэнэглэл болно. 


Монголд явагдсан өмч хувьчлал банкны дээрмээс эхэлж, тэндээс олсон мөнгөөрөө үйлдвэр аж ахуйн газруудыг үнэгүйдүүлэн хувьчлах аргаар хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд өмнө нь засгийн эрхэнд байсан "эрх баригч” цөөнхи, тэдний танил тал, мөн гадаадынханд саймширсан тэр бүлэг хүртсэн юм. Энэ бол зөвхөн эхлэл байлаа…


Банкны анхдагч дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлалын араас газрын наймаа, лицензийн наймаа гэсэн шинэ хувилбар нээгдсэн. Энэ талаар олон баримт хэлж болох авч товчоор бол Эх орноо үндсэнд зарж үрсэн юм.


Өнөөдөр үүний араас уул уурхайн том төсөл, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын бизнесийн сүлжээ нэмэгдэн Эх орноо бүр том, ил тодоор зарах болж энэ нь эдүгээ ид явагдаж байна.


Банкны угсраа дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлал, газрын наймаа, лицензийн наймаа, уул уурхайн том төслийн дээрэм, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын сүлжээ бол Монголын "элит ангийн” эрх мэдэл, эд баялагт хүрсэн болон хүрч буй үндсэн аргууд мөн.


Эхэндээ үндэсний болон нийгмийн баялгийн хулгай, дээрэм, луйвар ганцаарчилсан, цөөн удаагийн, бага хэмжээтэй байсан бол эдүгээ нам дамжсан, олон этгээд оролцсон, олон удаагийн байнгын давтамж бүхий, гадаад дотоод хүчин хавсран үйлддэг аварга том хэмжээнд хүрч төр засаг, намуудын дээд хэсгийг хамарсан бүхэл бүтэн сүлжээ болон хувирав. 


Энд би "гадаад хүчин” гэдгийг санамсаргүй дурдсан юм огт биш. Ухаандаа банкны дээрэм, өмч хувьчлалыг шууд гаднын "зөвлөгөө”, шаардлагын дагуу хийсэн бөгөөд дараа дараагийн иймэрхүү үйлдлүүдийн үр дүнд Монголын эдийн засаг дахь гадаадынхны эзэмших хөрөнгө, түүний эзлэх хувь байнга нэмэгдэж ирсэн нийтлэг зүй тогтол ажиглагддаг. Ухаандаа Монголд банкны хувьчлал огт явагдаагүй атал эдүгээ монголын банкнуудад гадаадын хувьцаа эзэмшигчид дийлэнхи болсон илт баримтыг хэн ч ярьдаггүй, бас сонирхдоггүй.


"Нийгмийн баялгийн дахин хуваарилалт” гэж нэрлэж болох дээр дурдсан үйл явцын үр дүнд Монголын "элит анги” бүрэлдэн тогтжээ. Тэд бол үйлдвэрлэн бүтээх замаар биш, өмнө нь бэлэн байсан, мөн одоо байгаа нийгмийн болон байгалийн баялгийг "дахин хуваарилах” замаар баяжсан явцуу бүлэг юм. Энд ахиад л "гадаад хүчин” зүйл гарч ирдэг. Учир нь Монголын "элит анги” АНУ-ын болон Барууны, Хятадын, Оросын, Японы гэх мэтчилэн гадаад нөлөөлөлд бүрэн автаж, Монгол үндэсний биш, гадаадын эрх ашгийг илэрхийлэгч олон хэсэгт хуваагдан, "компрадор” гэж нэрлэгдэх өөр хоорондоо байнга зөрчилдөн тэмцэлдэгч бүлгүүдэд хуваагддаг. Ийм учраас тэд Монгол үндэсний эрх ашгийг илэрхийлж, түүний төлөө зүтгэх чадваргүй юм.


Үүнийгээ тэд өөрсдийн олон жилийн дампуу үйл ажиллагаагаар бүрэн нотолсон. Хэдий ийм авч тэд хуваарьгүй, хязгааргүй, дангаар эрх мэдлээ хадгалан үлдэхийг бүхий л чадлаараа оролдож байгааг бид бэлхнээ харж байна.


МАНАН гэж…


Өмнө "элит” гэж нэрлэсэн энэ ангийг монголчууд "МАНАН”, "олигархи”, "эрх баригч”, "явцуу бүлэг”, "толгой баячууд” гэхчлэн олон янзаар нэрлэж ирсэн. Эдгээрийн дотроос хамгийн түгээмэл нэршил нь сэтгүүлч А.Баатархуягийн анх гаргасан МАНАН нэр томъёо болно. Монголчууд МАНАН гэж 10 гаруй жил хараасан атлаа яг МАНАН-гаа нэрлэж чаддаггүй. Зарим нь хоёр намыг буюу АН, МАН-ыг ойлгож байхад зарим нь том улс төрчдийг, зарим нь гэр бүлийн тоогоор нь хэлдэг, чингэхдээ санаанд орсон тоогоо хэлдэг.


Сүүлийн үед МАНАН буюу "хагартлаа баяжсан” өөдгүй эрх баригчдын "яс тоо”-г хэлээд аль гэж агсрах тэнэглэл ихээхэн газар авч байна. ”Яс тоо” нэхэх нь өрөвдөлтэй бөгөөд явцгүй, мөн хамгийн утгагүй арга мөн. Монгол орон жижигхэн, хүний тоо цөөн учраас тэднийг "тоолох” шиг амархан юм үгүй. Ийм учраас би "онол-арга зүйн” зөвлөгөө өгөхөөр шийдэв.


МАНАН бол хоёр намаас бүрдэх боловч түүний эгэл жирийн гишүүд биш, хоёр намын толгой хэсэг болох нь хэн бүхэнд тодорхой. Үүнд АН, МАН хоёрын нам болон төрийн эрх мэдэлд байдаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс л орно. Эднийг дотор нь дараах 3 үзүүлэлтээр ялган салгаж болно.


Нэг. "Улс төрийн нас”-аар нь. Дэлхий дахинаа улс төрчдийн "улс төрийн” нас 8 жил, хэрэв сайн ажилласан бол 12 жил орчим байдаг. Манайд 20 орчим жил бугшиж байгаа улс төрчид дэндүү олон байна.


Нам, төрийн дээд албан тушаалд болон УИХ-д 4-өөс дээш удаа буюу 16-аас дээш жил сонгогдож, тавигдсан бүх хүмүүс улс төрийн "өндөр настан” бөгөөд МАНАН-гийн сонгодог төлөөлөгч мөн. Эднийг нэн даруй зайлуулж, "улс төрийн музейд” тавих нь МАНАН-г ялах нэг гол нөхцөл мөн. 


"Өндөр настан” дунд өөрөө шууд "иддэггүй” боловч Монгол үндэстний эсрэг бусармаг шийдвэр гаргах бүрт идэвхийлэн оролцож, эрх баригчдын "оюуны ухааны” салбарыг хариуцан, харгис үзэл суртал, пиараар ард түмний толгойг эргүүлж гаршсан бүлэг байдаг ба тэднийг анхаарлынхаа гадна үлдээж хэрхэвч болохгүй.


Хоёр. Үйлдсэн гэмт хэргээр нь. Үүн шиг тодорхой зүйл гэж үгүй. Зөвхөн сүүлийн үеийнхээс жишээ татахад хэн хэн банкны болон уул уурхайн төслөөр амьдардаг, хэн хэн Оюу Толгой, Таван Толгой, Гачууртыг зарсан, хэн хэн Монголын уул уурхайн ордыг зарж идэж байгаа, хэн хэн Рио Тинто-гоос байр авсан, хэн хэн гадаадад байртай, оффшортой, хэн хэн монгол төрийг худалдан авах 60 тэрбумын бүдүүвч зохиосон гэх мэт тооцоод үзэхэд тоолж болохгүй олон хүн биш, тоотой хэдэн баагий үлдэнэ. Энэ тоог АТГ зэрэг хүчний байгууллагууд гаргаж чадахгүй юм бол ард түмэн амархан гаргаж чадна. Улс төр болон эрх мэдлийн халхавчийн цаана нуугдсан гэмт хэрэгтнүүдийг улс төрөөс шууд зайлуулах нь МАНАН-гаас салах нэн чухал нөхцөл болно. 


Гурав. "Угсаа залгамжлагчаар” нь. Эдүгээ МАНАН-д үлдсэн хамгийн найдвартай арга бол "шинэ залуу хүмүүс” гаргах нэрийн дор өөрсдийн үр хүүхэд, үйлс нэгтнээ дэвшүүлж "угсаа залгамжлуулан” эрх мэдлээ хадгалж үлдэх явдал мөн. МАНАН-гийн "угсаа залгамжлагчид” бол нам, төрийн аппарат болон яам, агентлагуудад "дэд” буюу гүйцэтгэх, дагалдах ажил эрхэлж байсан, харьцангүй нэр цэвэр, дажгүй боловсролтой атлаа шунал нь хэрээсээ хэтэрсэн явцуу бүлэг юм. "Шинээр угсаа залгамжлагчид” бол хуучнаасаа долоон дор муу санаатай, заль луйвар нь хэтийдсэн, үүндээ туршлагажсан хамгийн адгийн амьтад болно. МАНАН-г устгах гэж байгаад "угсаа залгамжлагч” гаргаад ирвэл өнөөгийн тэмцэл утгагүй болно. Гэхдээ тэднийг угсаа гарвал, эрхэлж байсан албан тушаал, "үйл хэргээр” нь амархан таньж болно.


Өөр олон шалгуур байгаа боловч дурдсан 3 шалгуур хангалтай бөгөөд хүрэлцээтэй. Хэт олон шалгуур тавибал "онолын будлиан” үүсч, зорьсон ажил үйлс саатах магадлалтай учраас би ингэж байна.


Одоо асуудал дэндүү ойлгомжтой болсон гэж бодож байна. Гэхдээ зайлуулах хүмүүсийн "яс тоо”-г гаргаад ирэхээр хэн нь "их бага идсэн”, "хэнээс нь эхлэх” гэх мэтийн балай тэнэг асуудал үүснэ гэдгийг би сайн мэдэж байна. Тэд бүгдээрээ "маш их” буюу "цөм шаасан” учраас тэдэнд ямар ч ялгаа байхгүй, мөн шинэ бөгөөд зөв үйлсийг эхэлж л байвал "хэнээс эхлэх” нь надад огт падгүй…


Шинэ цагийн эхэнд…


Манайд Засгийн Газар олон удаа солигдож байсан. Нэлээд нь сонгуулиар, дийлэнхи нь эрх баригчдын зөрчил тэмцлийн улмаас солигдсон байдаг. Чингэх болгонд эрх баригчдын байр солигдох, сэлгэх үйл үзэгдэл болж МАНАН-г улам бүр бэхжүүлж байсан.
Энэ удаад Засгийн Газрыг "зүгээр нэг” солих биш, харин МАНАН-гийн эрх мэдлийг орвонгоор нь халах асуудал тавигдаж, Монголын улс төрд цоо шинэ үе эхлэхэд ойрхон болов. Гэтэл энэхүү асар том, ирээдүйтэй, шинэ бөгөөд зарчмын асуудлыг жирийн нэг засаг солигдолт мэт ойлгож, ойлгуулж байгаа нь өөрөө гэмт хэрэг мөн. 


Энэ үйл явц АН, МАН хоёрыг аль алинийг нь хамарч байна. Гэхдээ МАНАН-гийн 70 хувь нь МАН-д байдаг учраас хүндийн төв МАН-д ногдож байна.


Одоо МАН-д шинэ хуучны, дэвшилтэт болон бусармаг хүчний хатуу ширүүн тэмцэл болж байна. Хэн эхний ялалт авах нь удахгүй шийдэгдэнэ. МАН дахь МАНАН-гийн төлөөлөгчийг ялган салгах шиг амархан юм байхгүй. Тэд нам болон төр засгаа "тогтвортой” байлгах, "эв нэгдэлтэй байх”, "ялалтаа алдахгүй байх” гэхчлэн тэнэг тэнэг юм ярих ба хүнээ ярих болохоор "туршлагатай” гэсэн ганцхан үгтэй. Улс орон, үндэстэн, нийгэм, эдийн засгаа сөнөөснийг "туршлага” гэдэггүй, харин "хөнөөлт гэмт хэрэг” гэдэг юм. 


Өнөөдөр Монгол Улсад МАНАН-гийн дарлалыг таягдан хаях бүх нийтийн тэмцэл өрнөж эхлэв. Энэ тэмцэл улам бүр өргөжин тэлж, эрч хүчээ аван, улмаар АН, МАН-ын аль алинд дэлгэрч өргөжин тэлэх нь хааж боож болохгүй гарцаагүй зүй тогтол юм.


Нэгэнт нээгдсэн бололцоог бодит байдал болгох нь оюун ухааны биш, харин чин хүсэл, эр зоригийн асуудал юм.
МАНАН-гийн хязгааргүй, хуваарьгүй дарлалыг таягдан хаях бүх нийтийн тэмцэл өргөжин тэлж, ялан мандах болтугай ! 


Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 09 дүгээр сарын 21.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.