|
Видео

Шинэ мэдээ

Бид баялгийг бүтээгч уурхайчид

Эрдэнэт үйлдвэрт ажилд орно гэдэг ховорхон боломж 1995 онд арван  жилийн сургуулиа дүүргэсэн хүүд тохиосныг ихэд бэлгэшээж. Их сургуулийн хуваарь таарсан ч түүнээс татгалзан байж ажилчидтай мөр зэрэгцэн баяжуулах үйлдвэрт ажиллах чин хүслээ биелүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 19 дэх жилдээ Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж байна. Ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн хүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллах их л амархан санагджээ. Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн том бутлалтын хэсэгт засварчнаар ажиллахаар болж, тасралтгүй урсах туузан дамжлагаар зөөх хүдрийн урсгал, хүдрийг бутлах том бутлуур, овор ихтэй тоног төхөөрөмжүүдийг хараад сүрджээ. Урд өмнө үзэж хараагүй зүйл их л сонин бөгөөд содон байдаг. Дээр нь орос мэргэжилтнүүдтэй хэл амаа ололцохоос эхлэн суралцах зүйл их гэдгийг ухаарчээ. Энэ залууг Цэнд-Аюушийн Отгондалай гэдэг. Аав ээжээс есүүлээ боловч зургаан хүүхэд нь зууны манлай Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Түүний  хань О.Энхцэцэг мөн л Эрдэнэт үйлдвэрийн ажилчин. Хоёр охин, хүүгийн хамт амьдардаг эгэл жирийн гэр бүл.

Уулын эгэл чулууг эрдэс баялаг болтол нунтаглахад тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагаа чухал. Харин тоног төхөөрөмжийг тасралтгүй найдвартай ажиллуулахад засварчдын үүрэг хариуцлага өндөр. Ажлаа мэднэ гэдэг сайхан. Ажлаа чанартай хийж, үр бүтээлтэй ажиллах гэдэг л чухал.

Бид баялгийг бүтээгч уурхайчид. Өглөө болж наран мандан таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ...Эрдэнэт үйлдвэрийг зорих өглөөний ажилчдын автобусны цуваа уурхайн зүг хөдөллөө. Уурхайн орчимд шижиртэн туяарах алтан нарны тусгал нэг л гоёхон.  "Эрдэнэт үйлдвэрээ олон жил тогтвортой ажиллаасай л гэж боддог доо. Эрдэнэт хот төдийгүй Монгол улсын хөгжил дэвжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Эрдэнэт үйлдвэрээрээ би бахархдаг” гэх эгэл жирийн ажилчны бодол миний сэтгэлийг хөглөлөө.  "Ажилчид бид өглөө ажилдаа ирэхдээ автобусаар радиогоо сонсож мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд нь авдаг. Саяхан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал үйлдвэрийн радиогоор үйлдвэр ашигтай ажиллаж, ажилчин бүр 60-аад сая төгрөгийн баялаг бүтээсэн гэсэн мэдээллийг сонсоод, өөрөөрөө үнэхээр бахархсан шүү” гэхэд хоолойн өнгө нь жаахан сааралтсан юм. Тийм ээ, ажилчин хүн бүрийн оролцоог чухалчилсан захирлынхаа үгэнд бүгд л баярлаж, илүү ихийг хийх хүсэл мөрөөдөл нь дэвэрсэн биз...

Аав Ц.Цэнд-Аюуш, ээж  Ц.Өлзий нар нь Гаалийн байгууллагад олон жил байцаагч хийж, үр хүүхдүүддээ шударга хөдөлмөрлөх, хүнд тусархуу зан чанарыг өвлүүлжээ.Энэ зан чанар нь ажил мэргэжилтэй нь ч холбоотой байсан байх. Одоо аав, ээж нь холын холоос үр хүүхэд, ач зээгээ хараад буян заяаг нь тэгшитгэн хайр энэрлээ ивээсээр л байгаа... Шударга, хүнд тусархуу байх нь нөхөрлөлийн үнэ цэнэ хэмээн ойлгож, Ц.Отгондалай өнөөдөр тоолж баршгүй олон сайхан найз нөхөдтэй  болжээ.

1999 онд найз нөхдөөрөө нийлэн "Скайзоне” хамтлаг байгуулан олон ч дуу дуулж, чамгүй уран бүтээл туурвижээ.  2005 онд  хамтлагийн хоёр гишүүн хот руу шилжиж Ц.Отгондалай үйлдвэрийн ажилчин учир эндээ үлджээ. Хотод очсон хоёр найз нь дахин хамтлаг байгуулсан нь”Гурван бүдүүн” хамтлаг үүссэн түүхтэй. Хот руу шилждэг хоёр нь "Гурван бүдүүн”  хамтлагийн  Шагай, Эрдэнээ хоёр байсан юм.  Тэдний нөхөрлөл одоо ч хэвээр. Харин Ц.Отгондалай үйлдвэрийн төлөвлөгөөт их ажлын хажуугаар уран бүтээлээ орхисонгүй. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дарга О.Машбаярын санаачилгаар "Шинэ өглөө” амьд хөгжмийн хамтлагийг хамтдаа байгуулж, уран бүтээлээ үргэлжлүүлсээр байна. Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас хөгжим зэмсэг, бэлтгэл хийх байраар хангаж өгсөнд  талархаж явдгаа тэрээр илэрхийллээ. 

Жигд хэмнэлттэй бутлуурын чимээн хөгжмийн аясаар гарын ур, нүдний харааг хослуулан гагнуур, засварын ажлыг гүйцэтгэнэ. Өдрийн ихэнх цагийг энэ л ажлын байрандаа өнгөрүүлнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт тоосжилт ихтэй байсныг ажилчид  ярилцан бороожуулагч, зэргийг бүтээмжийн хөдөлгөөн, сайн саналын дагуу хэрэгжүүлэн өнөөдөр ажлын байрны тоосжилт  харьцангуй багасжээ. Тав тухтай эрүүл орчинд ажиллан, гарч болзошгүй аваар ослыг илрүүлэн харж, түүнийгээ санал болгон хэрэгжүүлэн олон ч ажлыг хийжээ.Тэдний нэг нь туузан дамжлагын доогуур 3-4 ажилчин орж нуруулдан байж өнхрөвчийг солих ажлыг гүйцэтгэдэг  байсныг  дөрвөн дугуйтай өргөгч хийн санаачилсан нь цаг, хүн хүч хэмнэсэн үр бүтээлтэй ажил болжээ. Үүнийг одоо ч хэрэглэсээр л байна.

Эрдэнэт үйлдвэртэйгээ нас чацуу засварчин маань үйлдвэрийнхээ түүхт ойн баярыг угтаж, Эрдэнэт үйлдвэрийнхээ тухай шинэлэг "бүтээл” гаргахаар "Шар айраг” хамтлагийн уран бүтээлчидтэй  хамтран ажилдаа оржээ. Эрдэнэт гэдэг их айлын тасралтгүй үргэлжлэх үйлдвэрлэлийн их ажлын хажуугаар уран бүтээлээ бусдад түгээн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолыг хүртсэн эгэл жирийн ажилчны хүсэл бүхэн биелэх болтугай. 

Сэтгүүлч А.Бямбамаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.