АН-ынхан “60 тэрбумынхан”-ыг дэмжих үү?

614

АН-ынхан “60 тэрбумынхан”-ыг дэмжих үү?

 

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрөгч баасан гаригт  НИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар хэлэлцэж  ажлаас нь бүрмөсөн чөлөөлсөн билээ. Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг  тодруулах санал хураалт МАН-ын удирдах  зөвлөлөөс дэмжлэг авсан Д.Баярсайхан,  заалнаас нэрийг нь дэвшүүлсэн С.Амарсайхан нарын дунд болсон.


Гэвч санал 17, 17-оор тэнцэж, 10 төлөөлөгч "цагаан санал” өгч НИТХ-ын даргын томилгоо гацаанд орсон юм. Дараагийн хуралдаан ажлын тав хоногийн дараа буюу маргааш хуралдах ёстой.  Энэ хугацаанд НИТХ-ын даргын томилгоо АН-ынхны цагаан саналаас болж гацаанд орсон,  АН-ын 11 төлөөлөгчийг өөртөө "урвуулж” дөнгөсөн нь  ялагч болно гэх таамаг хөвөрсөөр байв. Хотын фракциас ихээхэн дэмжлэгтэй гэгдэж буй Д.Баярсайхан  дахин санал хураалтад ялахын тулд төлөөлөгчидтэй   нэг нэгээр нь уулзаж "боломж”-ийн санал тавьсан  сурагтай.

Бүр  байршил сайтай үнэд хүрэх газар, тендер амласан гэх "бор шувуу” НИТХ-ын эргэн тойронд нисч байна. Үнэхээр үнэн бол  НИТХ-ын даргын суудал асар их үнэд хүрч байгаа бололтой. Эндээс цаг үеийн нөхцөл байдлыг ашиглан АН-ын 11 үнэд орохоор шийдсэн байж болох юм гэх хардлага ч дагаж байгаа нь нууц биш.


Угтаа өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр "Ерөнхийлөгчийн сонгуульд  нийслэлийн 9 дүүргийн 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учраас улстөрийн хариуцлагаа хүлээж байна” гэсэн Ц.Сандуйгийн тайлбарт НИТХ дахь АН-ынхан ихээхэн дургүйцэж байгаа харагдсан. Тэд Ц.Сандуйг НИТХ-ын даргын ажлаа өгч байгаа нь  60 тэрбумын хэрэгт нэр  холбогдсонтой шууд холбоотой гэцгээж  байсан ч эрх ашгийн үүднээс "гар барих” уу гэдгийг маргаашийн хурлаас харж болохоор байгаа юм. Товчхондоо, АН-ын НИТХ-ын төлөөлөгчид "60 тэрбумынхан”-ыг дэмжих үү? гэдэг анхаарал татаж байна.

Т.Хэрлэн
zuv.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>