Ходоодны мэс заслын дараа хэрхэн хооллох вэ

4143

 

Ходоодны мэс засал хийлгэсэн хүмүүс 3-6 сарын турш хоолны дэглэм сахих хэрэгтэй, мөн нэг удаад идэх хоолны хэмжээгээ эрс багасгах ёстой.

Бага багаар, маш удаан идэж сурвал зохино. Хооллолтын тал дээр эмчийн зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх их чухал. Эхний үед хоолны дараа хөлрөх, бие ядрах, зүрх цохилох зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй.

Хэрэв ходоодны ихэнхийг эсвэл бүтнээр авахуулсан бол бүрэн боловсроогүй хоол хүнс нарийн гэдэс рүү очиж, тэжээлийн бодис муу шингэх болно гэдгийг анхаар. Хоногт 5-6 удаа хоол иднэ, гэхдээ хэт халуун ба хэт хүйтэн хоол идэж болохгүй. Дандаа чанаж, ууранд болгож, жигнэсэн хүнс хэрэглэ. Ядаж эхний 1-2 сар давсаа багасга, энэ нь үрэвслийг бууруулах ач холбогдолтой. Мөн сүүг шингэлж уух хэрэгтэй. Хоол идмэгцээ шууд цай, шингэн бүү уу. Хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл идсэнээс хойш 30 минутын дараа цай, шингэн ууна. Гахай, хонины мах болохгүй гэдэг ч манай эмч нар өвчтөний биеийн байдлаас хамааран монголчууддаа хонины мах идэхийг зөвшөөрөх тохиолдол бий. Ер нь уурагны хэмжээг 150 гр хүртэл нэмэгдүүл, бас витамин хэрэглэвэл зохино. Нүүрс-усыг багасгахгүй бол демпинг-синдром үүсч болзошгүй.

Ер нь хоолны бүтэц иймэрхүү байх ёстой: уураг — 160г, өөх тос 90г хүртэл, нүүрс-ус— 300г. Хоолны нийт илчлэг 3000 ккал байна. Түүнчлэн ургамлын ханд уух ашигтай, лууван, төмс ба зарим үндсэн үрт ногооны шүүс биеийн эдүүдийг нөхөн сэргэхэд тустай боловч энэ асуудлаар эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.

Хориотой хүнс:
– шарсан, утсан, халуун ногоотой хоол
– лаазалсан хүнс, сүмс
– хар талх ба гурилан бүтээгдэхүүн
– чихэрлэг ундаа, зөгийн бал, саахар зэрэг хөнгөн нүүрс-ус
– шинэ сүү
– амьтны гаралтай өөх тос, өөхтэй мах
– загас, лаазалсан хүнс
– утсан, дарсан хүнс
– шош, мөөг
– архи

Идвэл зохих хүнс:

– шинэ жимс, ногоог сайн боловсруулж иднэ
– лууван, улаан манжингийн шүүс
– хар редька
– өөхгүй мах, тослоггүй загас
– овъёос ба бусад будаа
-шүүрхий өндөг
– тараг, аарц
– ногоон цай, ургамлын ханд
-бүдүүн гурилын талх

Ходоодоо авахуулсны дараах хоолны жишээ жор:
Өглөө: чанасан мах, чанасан байцаа, будаа, цай.
Үд дунд: бөөрөнхий мах, шинэ алимны нухаш
Үдийн хоол: махгүй шөл хагас аяга, гоймонтой чанасан мах, чихэргүй желе.
Оройн хоол: бөөрөнхий мах, луувантай.
Унтахын өмнө: аяга тараг эсвэл шинэ бяслаг.

Өдрийн турш талх 250гр –аас илүүгүй, 20 гр саахар, 25 гр масло иднэ. Мэс засал хийлгэснээс 3 сарын дараа нухаш, зутан дээрээ нэмж өөр хоолоор баяжуулж болно. Шинэ талх идэж болохгүй, хатсан бол бас болохгүй. Амьд йогурт биед тустай, харин тараг, аарц хэт исгэлэн эсвэл тослог байж болохгүй. Шүүрхий болгосон өндөг эсвэл ууранд болгож омлет хийж иднэ. Махан хоол голдуу котлет, бөөрөнхий мах, тефтель хэлбэрээр байна. Эмчийн зөвлөснөөр 6 сар эсвэл 1 жилийн дараа хэвийн хооллолтод шилжинэ. Гэхдээ хоолны порц бага хэвээр, нүүрс-усыг хязгаарласан хэвээр байх ёстой.

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>