МАН-ын "хоёр бүлэг" сайд нарыг 60:40 харьцаагаар нэр дэвшүүлэхээр тохиролцов

860

МАН-ын "хоёр бүлэг" сайд нарыг 60:40 харьцаагаар нэр дэвшүүлэхээр тохиролцов

 

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулснаар МАН-ын бүлэг албан бусаар хоёр хуваагдаад байгаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гарын үсэг зурсан буюу У.Хүрэлсүхийг дэмжсэн 33-ын хийгээд гарын үсэг зураагүй 32-ын бүлэг бий болсон. 65 гишүүнтэй албан ёсны бүлэг ийнхүү албан бусаар хуваагдсанаас болж тамгаа хүлээн аваад долоо хонож байгаа Ерөнхий сайдын танхимын гишүүд нь хэн байх нь одоогоор эцэслэн тодорхой болоогүй байна. Учир нь УИХ дахь МАН-ын "хоёр бүлэг”-ийн тохиролцоо нэг шийдэлд хүрэхгүй байсаар өдийг хүрэв. Ерөнхий сайдыг томилуулсан УИХ дахь МАН-ын 33-ын бүлэг Ардчилсан намынхантай хамтрах, аль эсвэл Ардын намынхаа 32-той үгсэх хоёр замаас сонголтоо хийх байв.

 

Харин өчигдөр дугаар шилжих мөчид авсан мэдээллээр МАН-ын 33 хийгээд 32-ын бүлгийнхэн сайдад нэр дэвшигчдийг 60:40 гэсэн харьцаагаар авахаар тохиролцжээ. Тодруулбал, 33-ын бүлгийнхэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн томилгоо яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг авахаар болжээ. Харин 32-ын бүлгээс Шадар сайд, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалах яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг удирдахаар тохиролцсон байна.

 

Түүнчлэн сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг тодруулаад эхэлжээ. Тухайлбал, 32-ынхон Монгол Улсын Шадар сайдаар Л.Энх-Амгалан, Зам тээвэр хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдаар Н.Цэрэнбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар О.Содбилэг, Боловсрол, соёл, шинжлэхухаан спортын сайдаар Ц.Цогзолмааг нэр дэвшүүлэхээр болсон байна. Харин 33-ын тал Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар нарыг дэвшүүлэх урьдчилсан тохиролцоо хийжээ.


Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>