|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Ч.Улаан: Төсвийн байнгын хороо хууль зөрчиж болохгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудлыг хэлэлцэхээр боллоо.

 

Ч.Улаан: Төсвийн байнгын хороо хууль зөрчиж болохгүй

 

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, болон үүнтэй холбогдон  Ажлын хэсэг байгуулах  асуудлыг хасах саналтай байна гэж байлаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Энэ үеэр Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан, Шинэ Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалтай сайтар танилцан, нягталсны дараа уг асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсныг мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.