|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Түүх сөхөхүй

 
Түүх сөхөхүйМАН-ын бага хурлын чимээ намжиж, засаг тодрох цагаар хөрсөн дээрээ буух цаг ирж байх шиг. Ерөнхий сайдын визээ даруулсан У.Хүрэлсүх авч явах ачаагаа олох, баглаж чемоданд хийх, хил гаалиар гарах гээд процедурын чанартай хэдэн арга хэмжээг давах ёстой болчихоод байна.
Түүх давтагддаг гэдэг. Үүнийг хөгжил спираль хэлбэртэй дахин давтагдаж байдаг хэмээн онол болгон Энгельс нээж диалектик материализм гэж нэрлэсэн нь бий. Юутай ч гэсэн саяхан болоод өнгөрсөн түүхийг хэн хэн нь ахин санахад илүүдэхгүй буй за. 
 
Тээр жил, өнөөгөөс яг 20 жилийн өмнө МҮАН, МСДН "Ардчилсан холбоо" эвсэл байгуулан 50 суудал авч анх удаа олонх болж төрийн эрх барьж үзсэн юм. Бүлэглэлүүдийн хоорондох эрх мэдлийн дайн 1 жилийн дараа эхэлж М.Энхсайханыг Ц.Элбэгдорж огцруулж Ерөнхий сайд болсноор гаарсан. Удалгүй 3 сарын дараа Ц.Элбэгдорж өөрөө унаж 6 сар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хийсэн гашуун сургамж бас бий. Цааш Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын гээд Засгийн газрууд үргэлжилсэн билээ. 
 
Хамгийн сургамжтай нь эрх баригч 50 гишүүн ээлж дараалан сайд болох нөхдөө кнопдон унагааж эх захгүй хямрал нүүрэлсэн байдаг. Сайд болоогүй хэсэг нэгдэж аваад сайд нарыг самардаг аян маягийн юм хөвөрсөн байдаг. Гайгүй нэг нь чуулган дээр унаад, сүүлдээ сайд хийх гишүүн олдохоо байсан гэдэг. 
Өнөөдөр МАН-ын бүлэг бус 33-ын, 32-ын гэх бүлэг үүсч, тус тусдаа сайдад нэр дэвшүүлж байгаа нь энэ замын эхлэл бүү байгаасай. Бас сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөр гэж юм байгаагаа бүү мартаасай. 
 
Хоёр бүлгээс нийт утгаараа 15 гишүүн сайд болж буй. Цаана нь ярайсан 50 гишүүн зогсож байна. Сөрөг хүчний 11-ийг нэмбэл... ингээд тооцвол түүх давтагдах магадлал нэн өндөр болжээ.  Ер нь Засгийн газрыг томилох эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг гэдгийг санахад бас илүүдэхгүй биз ээ.
 
Н.Дэмбэрэл
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.