|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Х.БАДЕЛХАН 27 ЖИЛ ОРШИН ТОГТНОСОН КОМПАНИЙНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛУУСАН УУ, АЛЬ ЭСВЭЛ...

Х.БАДЕЛХАН 27 ЖИЛ ОРШИН ТОГТНОСОН КОМПАНИЙНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛУУСАН УУ, АЛЬ ЭСВЭЛ...

 

-Тэрбээр Барилга хот байгуулалтын сайд болохын тулд "Жол” ХХК-ийнхаа тусгай зөвшөөрлийг хуурамчаар хүчингүй болгуулсан байж болзошгүй асуудал үүсээд байгаа юм- 


УИХ-ын гишүүн Х.Баделханийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Барилга хот байгуулалтын сайдад өнгөрсөн пүрэв гарагт нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг МАН-ын гишүүд болон Баян-Өлгийн аймгийн ард иргэд ихэд гайхаж түүнийг тус яамны сайдад нэр дэвшихэд ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж байгаа аж. Учир нь Х.Баделхан Баян-Өлгий аймгийн 21 дүгээр авто баазын даргаар ажиллаж байхдаа 1990-ээд оны эхээр Төрийн өмчид хамааралтай Зам гүүрийн ангийг хувьчилан авч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Жол” ХХК-ийг байгуулж өнөөг хүртэл тус аймагт явагдаж байсан зам, барилгын бүхий л тендерийг авч ажил гүйцэтгэж байжээ.Гэтэл тэрбээр 27 жил оршин тогтносон "Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сарын 7-ны өдөр албан ёсоор цуцлуулсан гэгдэж байгаа. Тэгвэл тэрбээр яагаад он удаан жил оршин тогтносон, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан компанийнхаа тусгай зөвшөөрлийг ямар шалтгааны улмаас цуцлуулах болов гэдэг нь анхаарал татаж байна. 



Тодруулбал, тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр компанийнхаа тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ Барилга хот байгуулалтын яаманд гаргажээ. Ингээд түүний хүсэлтийн дагуу тус яамны сайд Г.Мөнхбаяр хүсэлтийг нь ёсоор болгож өнгөрсөн сарын 7-ны өдөр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож албажуулжээ. Энэ үйл явдлын мөрөөр хөөж үзэхэд түүний тусгай зөвшөөрлийг цуцалсан өдөр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатыг огцруулсан өдөртэй таарч буй нь багагүй хардлага дагуулж байгаа юм. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд наймдугаар сарын эхээр ярьж эхэлсэн ч тус намын удирдлагууд зөвшилцөлд хүрснээр Ж.Эрдэнбатын Засгийн газраас нэр бүхий хэдэн сайдыг огцруулахаар болж Засгаа авч үлдэх тухай асуудлыг ярьсан ч байдал өөрөөр эргэж өнөөдрийн шинэ Засгийн газар тодрох болсон билээ. Өөрөөр хэлбэл, Х.Баделхан нь Ж.Эрдэнбатын Засгийн газарт огцорсон сайд нарын оронд очихоор тохироо хийж 27 жил оршин тогтносон барилгын компанийнхаа тусгай зөвшөөрлийг цуцалсан уу гэх хардлага төрж буйг хэлэх ёстой. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайд нарыг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө АТГ-т нэрсийг нь хүргүүлсэн ба тус газраас бүх нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн. Товчхондоо бол сайдад томилогдохтой холбоотойгоор АТГ-аас Х.Баделханы талаар "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд бүртгэл, хяналтын байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авсан ба хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг Зам, барилгын салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй” гэж үзсэн хэрэг. 

Уг нь хууль ёсоор АТГ-аас сайд нарт нэр дэвшигч нэг бүр дээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил” гэх нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэх эсэхийг тогтоох ёстой юм. Хэрэв ийм асуудал тогтоогдвол нэр дэвшигчийг буцаах эрх АТГ-т бий. Ямартай ч түүнийг ашиг сонирхлын зөрчилгүй хэмээгээд Барилга хот байгуулалтын сайдад ногоон гэрлээр зүтгүүлсэнд олон хүн ихэд эгдүүцэж буй. Учир нь Х.Баделханыг Баян-Өлгий аймаг төдийгүй орон нутгаас зарласан бүхий л тендерийг авч, ашигтай ажиллаж байсан 27 жилийн түүхтэй компанийнхаа тусгай зөвшөөрлийг яагаад гэнэт хүчингүй болгуулав хэмээн гайхаж буйд хэргийн гол учир оршиж байгаа юм. 



Бидэнтэй холбогдсон эх сурвалжийн хэлж буйгаар "УИХ-ын гишүүн Х.Баделхан нь 1990 оноос хойш Баян-Өлгий аймагт автобаазын даргаас эхлээд аймгийн Засаг дарга, яамны сайд, УИХ-ын гишүүн гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан хүн. Тухайлбал, түүний үүсгэн байгуулсан Зам, барилгын "Жол” ХХК нь Баян-Өлгий аймгийн замыг хариуцаж байсан. Ингэхдээ тэрбээр замын сангаас жил бүр 500 сая төгрөгийн төсөв авч байсан. Үүгээрээ дөрвөн гол чиглэлийн зам болох Таянгийн боомт, Цагааннуур, Ховд, Хатгалын гэсэн дөрвөн чиглэлийн замыг байнга тордох үүргийг хүлээж байсан ч жилд ганц хоёр удаа хуссан болоод л төсвөөс 500 сая төгрөг авч байсан. Түүний тендер авч байсан тухай бичиг баримтууд аймгийн архивт хадгалагдаж байгаа учраас та бүхэн энэ талаарх баримт нотолгоотой мэдээллийг олж авах боломжтой. Хамгийн хачирхалтай нь Х.Баделхан ашиг сонирхолын зөрчилтэй хэрнээ Барилга Хот байгуулалтын яамны сайд болж байна. Тэрбээр тус яамны сайд болохын тулд "Жол” ХХК-ийнхаа тусгай зөвшөөрлийг хуурамчаар хүчингүй болгуулсан байж болзошгүй. Бид энэ асуудлаар өнгөрсөн баасан гараг буюу 13-ны өдөр АТГ-ын Олон нийтийн Зөвлөлийн дарга /ОНЗ/ Г.Баасанд хүсэлт гаргаж дээрх асуудлыг шалгаж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэдхэн хоногийн өмнө гаргасан тушаалаа 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 153 тоот гэж хуурамчаар гаргаж өгсөн гэсэн баттай мэдээлэл бидэнд ирсэн тул АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасангаас шалгаж тогтоож өгөхийг хүссэн гэсэн үг. Бид өөрсдийнхөө шугамаар ч энэ асуудлын үнэн худлыг тогтоох болно” хэмээсэн юм. Ямартай ч Х.Баделханыг сайдад нэр дэвшихээсээ гуравхан хоногийн өмнө тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулсан гэдгийг нэг бус эх сурвалж онцлон хэлж байна. Хэрвээ энэ асуудал үнэн бол яагаад түүний тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сарын 07-ны өдөр хэмээн тэмдэглэх болов гэдэг нь хачирхалтай. Юутай ч Баян-Өлгий аймгийн нэр бүхий иргэн хийгээд МАН-ын хэсэг бүлэг хүмүүс Х.Баделханы хүчингүй болгуулсан гэгдэх тусгай зөвшөөрлийн араас сураг тавьж үнэн худлыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Хэрвээ уншигчид санаж байгаа бол Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг сайд болохоосоо нэг хоногийн өмнө хувийн эмнэлгээ зарж сайд болж байсан түүхтэй. Магадгүй Х.Баделханы энэ үйлдэл ч үүнтэй агаар нэг байж мэдэх л юм. Тэрбээр үнэхээр компанийхаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулав уу, аль эсвэл чулуу хөөлгөн наадаж сууна уу.

Ямартай ч бид энэ талаарх мэдээллийг эрэн сурвалжилж дахин мэдээлэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.