|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлдөггүй

Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлдөггүй

Сүүлийн хоёр долоо хоногт  13 настай, таван настай жаахан охидыг хүчирхийлсэн мунагуудын тухай сошиал ертөнцөөр  шуугиж сүүлдээ "Цаазын ялыг сэргээе”  гэх боллоо.   Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээ юм.

Монгол улсад энэ асуудалд хэрхэн ханддаг байсан түүхээс товч хүргэе.

Цаазаар авах ял Монгол улсад өнө эртнээс хэрэглэгдэж ирсэн ялын нэгэн төрөл. Төрт улс байгуулсан Хүннүгийн үеэс аваад эзэн Чингис хааны "Их засаг хууль” болон Юань гүрний нэвтэрхий хууль, Монгол Ойрадын цааз бичиг, Халх журам, Монгол цаазын бичиг, Гадаад Монголын хууль цаазын бичиг, Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг зэрэг XIII-XIX зууны сүүлч хүртэлх эртний хуульд цаазаар авах ялыг нэлээд өргөн хүрээтэй хэрэглэж иржээ.  

Тэгвэл Ардын Засгийн газар 1921 оны долдугаар  сарын 30-ны өдрийн 7-р хуралдааны тогтоолоор алах ялыг эх орноосоо урвах, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг, цэргийн зарим хүнд гэмт хэрэгт хэрэглэхээр болсон байна.

Ардын Засгийн газар 1923 оны зургадугаар  сарын 29-ний өдрийн хуралдаанаараа  Эрүүгийн хуулийг боловсруулж, дагаж мөрдөх хүртэл зэвсэг хэрэглэсэн дээрэм, шунахай зорилгоор хүн алсан хэрэгт цаазаар авах ял ногдуулхаар шийдвэрлэж байжээ.

 Харин  БНМАУ-ын АИХ-ын  Тэргүүлэгчдийн 1953 оны наймдугаар сарын 5-ны  "Алах ялыг өөрчлөх тухай” 96 дугаар зарлигт "БНМАУ –ын АИХ-ын Тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй гэж үзнэ” гэж заажээ.

Энэ зарлигаар БНМАУ-д дагаж шийтгүүлж байгаа хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгүй болгож, зөвхөн эх орноос урвагчид, тагнуулчид, хорлон сүйтгэгч нарт хэрэглэж байхаар тогтоосон билээ.

Гэвч  цаазар авах ялыг хүчингүй болгосон энэ заалт дөнгөж 10 орчим сар хэрэгжиж,   АИХ-ын  Тэргүүлэгчдийн 1954 оны зургадугаар сарын 9-ний 67 дугаар зарлигаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алсан гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтоожээ.  

Хэдийгээр энэ ялын гүйцэтгэл улсын нууцад хамаардаг ч Монголд 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял оногдуулсан гэсэн судалгаа байдаг. Хүн амын тоотой нь харьцуулахад чамгүй олон хүнийг егүүтгэсэн хэрэг. Цаазаар авах ялыг 1921, 1953 онд тус тус хүчингүй болгоод дахин сэргээхдээ хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтжээ.

Тэгэхдээ уг ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрчүүдэд хэрэглэхийг хориглосон байдаг. Ардчиллын жилүүдэд тухайлбал 1998 онд УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөр     Эрүүгийн хуульд байгаа цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан боловч хууль сахиулах  байгууллагууд болон хууль тогтоогчид дэмжээгүй тул төслөө парламентаар хэлэлцүүлэлгүй буцаан авч байжээ.

Монгол Улсад дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт оноохоор тусгасан байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд: 

"Монгол Улсын иргэн  амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Энэ заалтын дагуу зөвхөн Эрүүгийн хуульд заасан тохиолдолд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болох бөгөөд бусад бүх тохиолдолд хүнийг цаазлахыг хориглосон гэж ихэнх судлаачид, хуульчид үздэг.

Төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, хорлон сүйтгэх, хүнийг санаатай алах, хүчиндэх, зандалчлах, терроризм, төрлөөр устгах гэсэн долоон төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэл цаазаар авах ял оногдуулж болохоор 2002 оны Эрүүгийн хууль д заасан. Шүүх эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдэд цаазаар авах ялыг оноосоор ирсэн байдаг.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14-нд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлж байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн.  Энэ мэдэгдэл Ази тивд хүний эрхийг хангах чиглэлд томоохон дэвшил авчирсан гэж НҮБ-аас манай улсыг  үнэлсэн.  2010 оноос хойш  цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ Монгол Улс  тивдээ дээгүүр үнэлгээ аваад байна.  

Цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх Ерөнхийлөгчийн байр суурийг УИХ дэмжиж хууль зүйн хувьд баталгаажуулах эхний алхмыг хийсэн. УИХ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012.12.05-нд баталж цаазаар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө хүлээсэн.

Цаазаар авах ялыг түдгэлзүүлж эхлэх үед болон түүнээс хойш уг ялыг түдгэлзүүлэх, халах нь буруу байсан, уг ялын гүйцэтгэлийг сэргээх хэрэгтэй, Эрүүгийн хуулиас уг ялыг халж болохгүй гэсэн байр суурийг нэлээд хүмүүс илэрхийлсээр ирсэн.

Монгол Улс дараахь 4  үндэслэлээр Эрүүгийн хуулиас энэ ялыг бүрмөсөн халах хууль зүйн үүрэгтэй гэж судлаачид үзсэн байна.

Цаазаар авах ялыг халах нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг.  Энэ ял нь Үндсэн хуулийн суурь үнэт зүйл болох:  

  • хүний эрхэм чанар,
  • амьд явах эрх,
  • эрүү шүүлт, хүнлэг, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрхийг тус тус ноцтой зөрчдөг.

Мөн:

  • гэм буруугүй хүнд цаазаар авах ялыг хэрэглэх боломж ямагт байдаг
  • цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлдөггүй
  • цаазаар авах ялыг халах нь дэлхий нийтийн түгээмэл чиг хандлага болсон.  

Ингээд 2015 оны арванхоёрдугаар  сард батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хасаад байна.

Үүнээс өмнө бол Монгол улс цаазын ялтай улс байлаа.

Сүүлийн 20 жилд цаазаар авах ялыг халах шийдвэр гаргасан улс орнуудын тоо өссөн байна. Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиар халжээ. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн цуцалж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ийм ял гүйцэтгээгүй ажээ. Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч зарим нь  ялын дээд хэмжээ оноох хэргийн тоог бууруулжээ. 

Харин БНХАУ цаазын ял гүйцэтгэдэг тоогоороо дэлхийд тэргүүлж явна . Алах ял оноодог бусад улс орнуудад цаазлуулагсдын тооны нийлбэрээс Хятадад жилдээ ийм ялаар шийтгүүлсэн хүний тоо давж гардаг гэсэн судалгаа бий.

Түүний араас наад зах нь 388 хүн цааш харуулсан Иран, тэгээд Ирак, Саудын Араб, АНУ жагсч байна. Цаазаар авах ялыг 2008 онд 25, 2009 онд 19,  2010 онд 23 оронд гүйцэтгэж 527 хүний "бодийг” хуулийн дагуу "хөтөлсөн” бол БНХАУ-д жилдээ 1500 орчим хүнийг хороодог гэсэн тойм тоо гарчээ. БНХАУ цаазаар авах ял гүйцэтгэдэг хэргүүдийг цөөлнө гэдгээ саяхан мэдэгдсэн. Лав л татвараас зайлсхийх зэрэгт тийм ял оноохгүй гэжээ. 

Дэлхийн 13 оронд хэрэгтнийг нас харгалзахгүй цаазалж байна. Үүнийг эрх чөлөөт АНУ-д хийдэг. Тухайлбал, Луизиана, Арканзас мужид 15 настай, Миссисипид 14-тэй, Флоридад 13-тай хүүхдийг цаазлан хороосон бол Иранд 10 настай хүүхдийг жирэмсэн эмэгтэйн хамт цаазалжээ. Сүүлийн арав гаруй жилд Ираны 13 хүүхэд хуульчилсан аллагад өртсөн байна. Ихэнх улсад эх орноосоо урвасан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог. Зарим улс орон өөрийн зан заншлын өвөрмөц онцлогоо хадгалах зорилгоор цаазлах ялыг хэрэгжүүлдэг байна.
 

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ДАХИН ХЭРЭГЛЭСЭН ОРНУУД

Цаазаар авах ялыг цуцалсан улс  орнуудаас зарим нэг тохиолдолд дахин хэрэглэсэн явдал гарсан байна. 1985 оноос хойш 50 гаруй улс цаазаар авах ялыг халж, ердийн болон бүх төрлийн хэргүүдэд ийм ял ногдуулахаа зогсоосон юм. Энэ хугацаанд ялын дээд хэмжээ ногдуулахыг хориглосон улс орнуудаас зөвхөн 4 улс л дахин хэрэглэжээ. Үүнд Непал, Филиппин улс орж байна. Нөгөө 2 улс болох Гамби, Шинэ Гвинейн Папуа нь одоогоор ямар ч гүйцэтгэл хийгээгүй байна.

 АНУ цаазаар авах ялыг 1967 онд цуцалж, 1977 оноос дахин хэрэглэж эхэлснээс хойш 1200 хүнийг хороожээ.

Техас, Виржиня, Оклахома гурван мужид цаазын ялын талаас илүү хувийг гүйцэтгэсэн талаар хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага мэдээлсэн байна.

Цаазаар авах ял нь харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон, амьд явах эрхийг хязгаарладаг гэж үзэн Эмнести интернэшнл байгууллага 1961 оноос цаазын ялын эсрэг үйл ажиллагаа явуулж иржээ.  

Цаазаар авах ялыг халах эсэхүл халахгүй байх тухайд ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан докторант Г.Оюунболд, магистр А.Түвшинтулга нарын бичиж байсан дүгнэлт сонирхолтой. Тиймээс тэдний дүгнэлтийг сонирхуулья.

Цаазаар авах ялыг халах тухайд:

А.Түвшинтулга

              Цаазаар авах ял нөхөн сэргээх боломжгүй ял шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр . Иймээс хэрэв хангалттай нотолгоогүйгэээр цаазаар авах ял оногдуулсан бол энэ нөхөн сэргээх боломжгүй  хүний эрхийн хамгийн том зөрчил болдог.

  • Ял шийтгэлийн бодлогын хувьд цаазаар авах ял цээрлэл үзүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөлөл хэрэгжиж байгаа гэсэн ямар ч үндэслэл нотолгоо байхгүй. Ял шийтгэлийн бодлого хатуу байснаар хэргийн гаралт буурсан тухай тодорхой баримт байхгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 30 жилийн хугацаагаар гянданд хорих ял цээрлэлийн хувьд харьцангүй илүү шийтгэл болдог.
  • Олон улсын хүний эрхийн хэм хэмжээний наад захын шаардлагад нийцүүлэн Монгол улс нь цаазаар авах ялыг "зөвхөн онц ноцтой хүнд гэмт хэргүүдэд (Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пакт 6-2)  оноох”-ыг шаардаж байна. "Онц ноцтой хүнд гэмт хэрэг”-ийн цар хүрээ нь урьдчилан төлөвлөсөн аллага, санаатайгаар болон урьдаас төлөвлөсөн хүн алахыг завдсан гэмт хэргүүдээр хязгаарлагддаг.
  • Цаазаар авах ялаар шийтгүүлсэн байдлыг төрийн нууцад хамааруулж, олон нийтээс нууцалж байгаа одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх. Уг ялыг ямар байгууллага, хэрхэн яаж гүйцэтгэдэг, цогцсыг хэрхэн оршуулдаг, нас барсныг иргэний бүртгэлд хэрхэн тэмдгэлдэг, цаазаар авах ял оногдуулсаны дараа цогцсыг ар гэрийнхэнд нь өгч болох эсэх заалт байхгүй байгаа нь тэднийг нэгэн адил залхаан цээрүүлж байгаа үйлдэл юм.
  • Өнөөдөр дэлхийн улс орнуудын дийлэнх хувь нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан энэ  тоо ч өдөр ирэх тусам өссөр байгаа. 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан цаазаар авахыг төгсгөл болгох тухай тогтоолыг 104 орон дэмжиж, 54 улс эсрэг санал өгч 29 орон түдгэлзсэн байна. Монгол Улсын төрийн тэргүүнээс практикт халах анхны алхмыг хийсэн. Иймд цаашид Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан хуулиас хасах алхамыг хийж эхлэх, адаглаад цаазаар авах ялтай зүйл, хэсгийг багасгах хэрэгтэй.

Цаазаар авах ялыг хэвээр үлдээх тухайд:

Г.Оюунболд

Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг.  Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетыг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Харамсалтай нь  бид үүнийг монголын нийгмийн түүхийн бараг зуун жилийн түүхэнд харгалзаж байгаагүй юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнийг хатуу гэсгээн цээрлүүлэх, амийг амиар солих монгол хүний уламжлалт сэтгэлгээг харгалзан үзэж хэт яаран  сэтгэлийн хөөрлөөр энэхүү ялыг халах тухай шийдвэр гаргах нь зохимжгүй гэж судлаачийн  зүгээс үзэж байна. Эрх зүйн онолын болон практик туршлагаар олон жилийн зуун туршлагатай европын өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол өөр хэрэг. Өнөөдөр энэ ялыг халсанаар хувь хүний ухамсарт сэтгэхүйд яаж нөлөөлөх, ямар сөрөг үр дагавар үүсгэхийг тооцоололгүйгээр шууд халах тухайд ярьж болохгүй, ерөөс цаазын ял нь хүний тэр хорон гэмт зан үйлийг хязгаарлаж, цээрлүүлж байгаа арга хэмжээ гэдгийг анхаарах хэрэгтэй  гэдэг саналыг зарим эрдэмтэд илэрхийлж байна.

Хэдийгээр олон нийтийн хэрэгслээр ихэнхи хууль судлаачид цаазаар авах ялыг халах талаар санал нэгтэй ярьж хэлж, бичиж байга хэдий ч хүрээнд санал асуулга эсрэг дүнг үзүүлж байна. 

Цаазаар авах ялд хийсэн тандалтын судалгаанаас үзэхэд  "Монгол улсад цаазаар авах ял байх шаардлагатай гэсэн асуулт тавихад уг оролцогчдын 83 хувь нь тийм, 13 хувь нь үгүй гэжээ.

Мөн цаашид Монгол улсад уг ялыг халах шаардлагатай эсэх" асуултад 22 хувь нь шууд халах, 24 хувь нь аажмаар, 50 хувь нь халах шаардлагагүй, 4 хувь нь хариулахад хүндрэлтэй хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд цаазаар авах ялыг халах тухайд хуулийн байгууллагын ажилчид, ард иргэд эсрэг байр суурьтай байгаа нь илэрхий байна.  Үүн дээр эрх баригчдаас гаргасан шийдвэрт иргэд туйлширч ханддаг сэтгэлгээг мартаж болохгүй юм.

Товчхон дүгнэж хэлэхэд цаазар авах ялыг хэвээр үлдээх нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох шийдэл төдийгүй  онц ноцтой гэмт хэрэг үйлдэх арга нь улам боловсронгуй харгис хэрцгий болж байгаа энэ үед төр эрүүгийн хариуцлагын энэрэнгүй гэхээс илүүтэй цээрлэлийн  үр нөлөөг  гэм буруутай этгээдэд ногдуулж байх нь зүйд нийцнэ. 

ТӨГСГӨЛ

Ийнхүү энэ өдрүүдэд цаазтай байх уу,үгүй юу гэдэгт ард иргэд маргалдаж байна. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хүний эрхийг дээдлэх зэрэг суурв зарчмаа бодвол цаазын ялыг сэргээх хэрэггүй бөгөөд гагцхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад анхаарах шаардлагатай. Ерөнхийлөгч Х.Баттулга  сошиал ертөнцийн энэ дуулианаар "Цаазын ялыг эргэж сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан"-аа зарласан нь мөн л шуугиан дэгдээгээд байна. Энэ нь Ц.Элбэгдоржийн халсан цаазын ялыг Х.Баттулга  сэргээх үү  гэсэн асуултыг ч тавихад хүргэж байгаа юм.

Бэлтгэсэн Г.Ган

http://gereg.mn/news/18881/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.