|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Албан тушаалтнуудын алдааны төлбөр ард түмний ХАЛААС-аас гарна

Албан тушаалтнуудын алдааны төлбөр ард түмний ХАЛААС-аас гарна

 

Монгол Улс өнөө маргаашгүй энэ оны төсвөө тодотгоно. Эдийн засаг хямарч, төсөв мөнгө улайсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засагт ногоон гэрэл ассан гэх боловч өнөөх л бахь байдгаараа хүүхдийн мөнгөө өгч чадахгүй, багш, эмч нарын цалинг нэмэх мөнгөгүй. Дээр нь өр зээлээ хэрхэн төлөх талаар түмэн зовлон бэрхшээл тоочиж суугаа. Мөн ам ангайсан хүн болгон төсвийн сахилга бат ярьдаг. Гэвч бодит байдал дээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг ганцхан жишээнээс харж болно. Энэ бол сонгуулиас сонгуулийн хоорондох сайд дарга нарын эрх мэдлийн "сэнтий” татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн тоглодгийн бодит жишээ юм. Бүр тодруулбал, албан тушаалтнуудын гэмийг ард түмэн үүрнэ.

Төсвийн тодотголд салбар бүр л аминд тулсан асуудлаа ярьж, хэдэн төгрөг суулгуулахаар учирлаж байгаа. Гэвч энэ оны төсвийн тодотголд шүүхийн шийдвэрээр 277 иргэн, аж ахуйн нэгжид 8.8 тэрбумын өр төлөхөөр тусгасны 1.1 тэрбум нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас олгох хохирлын нөхөн төлбөр гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн яамныхан хэлэв.

Тус яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга Наранцогт "Ажлаас халагдсаны төлбөр олгохоор болсон хүмүүсийн талаар яривал урт жагсаалт гарна. Нөхөн төлбөрийн 1.1 тэрбум 282 сая төгрөгийн 868 сая нь 2016 оноос өмнө үүссэн өр төлбөр” гэсэн юм. Сангийн сайдын хэлснээр тэрбум төгрөгийн 90 хувь 2012-2016 оны Засгийн газрын хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй нөхөн төлбөр гэнэ.  Өөрөөр хэлбэл, шинээр томилогдож очсон сайд дарга нар өөрсдийнхөө хүрээллийг бий болгохын тулд гэмгүй ажилтныг халдаг. Тэгээд хууль бус шийдвэр  шүүхийн өмнө бүдэрч нэхсэн мөнгийг нь эргээд татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулдаг хэдэн мянган жишээ бий. Үүний хамгийн наад захын жишээ гэхэд Засгийн газрын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан. Түүнийг  ажилд нь буцаан томилох шийдвэр гарсан байдаг. Түүнчлэн шүүхийн цахим мэдээллийн сан руу ороод харах юм маргааны төрөл "төрийн алба” гэсэн шүүхийн шийдвэр маш олон бий. Тухайлбал,

 – Төрийн албаны тухай хууль… Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/86 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,944,843 (хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин гурав) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

–Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан "Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн "Ажлаас халах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх” тухай Ч.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

–Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Ж.Мөнхбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Эрчим хүчний яамн Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын Ж.Мөнхбаатарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. Энэ мэтчилэн албан тушаалтнуудын гэм бурууг ард түмэн тат­варын­хаа тэрбум тэрбум төгрөгөөр төлж байна.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД 600 ГАРУЙ ГОМДОЛ ИРЖЭЭ

 

Ажлаас үндэслэлгүй­гээр халагдсан Төрийн захиргааны албан хаагч­дын гомдлыг захиргааны хэргийн шүүхээр шийд­вэрлэдэг бол төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн бай­гууллагынхны гомдлыг иргэний хэргийн шүүхээр хянадаг юм байна. Төрийн албаны зөвлөлд  өнгөрсөн жил 600 гаруй төрийн албан хаагч санал гомдол ирүүлснээс ажлаас хууль бусаар халагдсан асуудлаар 144 хүн ханджээ. Мөн бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэж 187, сэлгэн ажиллуулахтай холбоотой найм, албан тушаалд томилохгүй байгаа тухай 11, албан тушаал бууруулсан 28, төрийн захиргааны үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой 10 хүн өргөдөл гомдол гаргасан байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа тухай зургаа, дахин өргөдөл гомдлыг 18 удаа гаргасан байна.
 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ СУДАЛГААГ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ


Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан төрийн албан хаагчдын талаарх судалгааг Үндэсний статистикын хорооны баталсан загварын дагуу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан байна. Тус хүрээлэнгийн Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайханы хэлснээр зөвхөн ир­гэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн мар­гааны судалгааг гаргасан. Төрийн захиргааны албан хаагчдын гомдол маргааны талаарх судалгааг гаргах боломж­гүй гэнэ.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн гаргаснаар төрийн үйлчилгээний болон хувийн байгууллагатай холбоотой ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гомдол 2014 онд 72, 2015 онд 910, 2016 онд 1213, энэ оны хагас жилийн байдлаар 924 шүүхээр шийдвэрлэгджээ.

 

ДОТООД АУДИТЫН НЭГЖ АЛБАН ТУШААЛТНААР МӨНГӨ ТӨЛҮҮЛНЭ

 

Энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны Ерөнхий хуульд зааснаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны төлбөрийг тухайн албан тушаалтнаар гаргуулахаар болж байгаа юм. Төрийн албаны тухай хуульд "Иргэний хуулийн 498.2-т зааснаар захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. Иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохи­рол учруулсан захир­гааны байгууллагаас нэхэм­жилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.

Иргэн, хуулийн эт­гээ­дийн хохирлыг бараг­­дуулсны улмаас өөрт учир­сан хохирлыг захир­гааны байгууллага Ир­гэний хуулийн да­гуу гэм буруутай албан тушаалтнуудаар буцааж төлүүлнэ. Гэм буруутай албан тушаалтны хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна. Харин дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцна гэж заажээ.

Эндээс харахад төрийн байгууллага буруутай албан тушаалтны мөнгийг төлөөд дараа нь дотоод аудитын нэгж байгууллагын даргаараа мөнгийг нөхөн гаргуулах юм байна. Энэ тохиолдолд цэрэг нь даргаа захирах асуудал гарч ирэх учраас эргэлзээтэй. Тиймээс төрийн албаны халаа сэлгээг хязгаарлаж өгөх албан тушаалтнаар мөнгө төлүүлэх заалт хэрхэн хэрэгжиж, үр өгөөжөө өгөхийг харах үлдлээ.

Зууны мэдээ
С.Уянга

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.