|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

“Хуралдай” бондын ханш дээд түвшинд хүрлээ

Монголын Засгийн газрын "Хуралдай” бондын ханш сүүлийн нэг сар дээд түвшинд хүрч, 113 ам.доллар давлаа.

Шинэ Засгийн газрын тэргүүн Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш бондыг хугацаандаа эргүүлэн төлөх итгэлийг нэмэгдүүлж ханш тасралтгүй өссөөр байна. Цаашид өсөлт ийнхүү үргэлжилбэл есдүгээр сарын эхний долоо хоногийн оргил түвшиндээ дахин хүрэх боломжтой. 2022 онд төлөгдөх 10 жилийн хугацаатай "Чингис” бондын ханш ч мөн энэ долоо хоногийн арилжааг өсөлттэйгөөр эхлүүлснээр 98 ам.доллар даваад байна. Өөрөөр хэлбэл "Чингис” бондын ханш түүхэн дээд түвшиндээ тун ойрхон ирээд байна. Өмнө нь Засгийн газар унахаас өмнөхөн есдүгээр сарын эхний долоо хоногт 98.4 ам.доллар хүрээд байв. Засгийн газар шинэ бонд гаргавал "Хуралдай” бондоос харьцангуй хямд байна гэж эдийн засагчид тооцоолж байгаа. Мөн босгох гэж байгаа мөнгөний хэмжээ хамгийн ойрын хоёр өрийг зэрэг дарах боломжтой гэж дүгнэж байна.

 

Сонирхуулахад, өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өртөг бүхий евро бондын өрийг шийдвэрлэх асуудал Монгол Улсын засгийн газрын анхны сорилт байсан. Хөгжлийн банкны бондын өрийг шинэчлэх зорилгоор Засгийн газар "Хуралдай” нэртэй шинэ бондыг гаргасан. Ингэснээр хугацаа нь дуусч байгаа евро бонд эзэмшигчдэд шинэ бондыг солих саналыг тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын үнэтэй 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бондыг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгосон. "Хөгжлийн банк"-ны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар. Үүнээс 82 хувь нь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бондыг эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрсөн.  Харин үлдсэн хэсгийг оролцуулаад нийт 124 сая ам.долларын хэмжээтэй бондыг шинэ хөрөнгө оруулагчдад 106 ам.долларын үнэтэй, 7.625 хувийн хүүтэйгээр санал болгосон юм

 

Бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдын бүтцийг бүс нутгаар нь харвал 76 хувь нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувь нь Европын хөрөнгө оруулагчид байсан бол Азийн хөрөнгө оруулагчид зургаан хувийг бүрдүүлж байна. 

 

Р.Дулам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.