|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Нийгмийн захиалга өөрчлөлтийг хүлээж байна

 

Эрх мэдлийг авлига хээл хахуулийн аргаар авсан улс төрийн бүлэглэл ил болж, тэдэнтэй хийх тэмцэл улс төрчдийн хүрээнээс халин нийгэм тэр аяараа донслов. Тэдэнд хариуцлага тооцох, улс төрийн талбараас зайлуулах  нийгмийн захиалга өрнөлөө.  Энэ давалгаан дунд харин  "хэн нь хэн бэ гэдэг нь " танигдсан нь ард иргэдийн хувьд хожил болов.

Албан тушаалыг мөнгөөр үнэлэн төрийн албыг хар зах болгодог, ард түмний баялагт эзэн сууж авлигадсан мөнгөө гадагш  зөөдөг   хар бүлэглэл хүчээ авсан энэ үед  хүчтэй шударга кадрууд Засгийн газар, НИТХ-ыг тэргүүлэх боллоо. Харин одоо нэгдмэл бодлоготой, эх оронч хариуцлагатай төрийг бий болгох, эх орныхоо төлөө чигч шударгаар ажиллах итгэл найдварыг тэдэнд дайж, өөрчлөлтийг хүлээж байна.

Өчигдөрхөн ядуу хүмүүсийн тоо есөн зуун мянга хол давсан тухай мэдээлэв. Тэтгэврийн ахмадууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд ядуучуудын эгнээнд шилжсээр байна. Хүчирхийлэлд өртсөн бяцхан үрсийн тухай хэдэн өдөр шуугиж шаналцгаав. Цаана нь, мэдэгдээгүй мэдээлээгүй болон эрхзүйн, эмнэлгийн туслалцаа авч чадахгүй хэд байгаа бол...   Эдийн засгийн байдал хүндэрч гадаад өр 23,5 тэрбум ам. долларт хүрлээ. Хөрөнгө санхүүжилт хомсдож, улсын зээлийн зэрэглэл буурав. Мөнгөний крант зогсож, өсөлтийн гол хүчин зүйл болох нүүрсний экспорт хумигдчихлаа. Өмнөх засгийн үед аваад хэрэглэчихсэн ноён бондуудын эргэн төлөлтийн өчнөөн сая доллар он гарангуут нэхэгдэнэ.   Шуудхан хэлэхэд бид хэцүүхэн хүндхэн сорилтуудтай нүүр тулах нь.  Тиймээс энэ цаг үед шат шатандаа сахилга хариуцлага, зохион байгуулалтаа дээшлүүлж ажиллах ёстой болоод байна. 

Жижиг улс төр Монгол төрийг үнэгүйдүүлж байна

Нийслэлийн хуралд 45 төлөөлөгч бий.  Тэд байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажиллах зарчимтай. Гэтэл хурлын төлөөлөгчид бүлэглэлийн сонирхлоор асуудалд хандаж хуралдахгүй байна.  Уг нь  тэд нийслэл хотоо хөгжүүлье, нэгэн зорилгоор ажиллая, нийтээрээ сайхан амьдаръя гэж амлаж, сонгогдсон. Гэтэл улстөржиж намчирхах, талцаж хуваагдах үзэгдэл  УИХ-аас илүүтэй нийслэлийн хуралд илүү тогтнох юм. "Жижиг улс төр” гэж энэ буюу. 

Гэрээс гараад л утаа бохирдол, замын түгжрэл гээд нийслэлийн бэрхшээлтэй асуудлууд босгоны цаана бий. Бас эдийн засаг хүндэрч, өвөлжилт хаяанд туллаа. Нийслэлийн хэмжээнд төсөвлөсөн томоохон төслүүд шийдлээ хүлээж, олон ажлын эрчим суларлаа.  Нийслэлийн өдөр тутмын ажлууд шат шатандаа удааширч, агентлаг, албадын үйл ажиллагаа зохион байгуулалтгүй болж, албан тушаалтнууд дураараа дургиж  байна.  Энэ үед 45 төлөөлөгч хуралдахгүй, ажиллахгүй байгаа нь Монгол төрийг үнэгүйдүүлж  байгаа хэрэг биш гэж үү.  Тиймээс хаалгаа цоожилсон "нууц хурал”-ууд  чинь дууссан бол гомдол, тунирхал, шаралхалаа хаяж "үүрэгт хурал”-аа  эхэлмээр байна.  Намын асуудлаас илүү намрын ажил хэцүүдэх нь. Улс нийслэлийнхээ ажлыг ийн умартвал   төр,  ард түмэн итгээд сонгож үзсэн юм, эргээд ч татаж чадна гэдгийг та бүхэнд сануулъя.

Шинэ үе ба МАН-ын зангараг

Шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар, шинэ НИТХ-ын дарга сонгогдлоо. Эх орондоо сайхан амьдрах  "шинэ үе” гэж ард түмэн ойлгож байна. Хар хүчнийг сөрсөн шинэ хүч түрэхэд өнөөдөр мянган Хүрэлсүх, мянган Амарсайхан байгаад ч хүчгүйднэ. Тиймээс эх орныхоо баялаг, үнэ цэнэ, ирээдүй, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд  өнөөдөр МАН өөрөө хүчтэй байх ёстой.  Тиймээс одоо ялсандаа атаархах, ялагдсандаа аархах цаг хугацаа биш.  Шинэчлэл хийж чадсанаараа харин ч   улс төрийн соёл, удирдагчийн ёс зүй, ноён нуруу, хат суусан зангаргаа Ах нам харуулж чадлаа.  Харин одоо  ганцхан зүйлийг хэлье. АРДЫН НАМЫНХАН АМЛАЛТАА САНАХ ЦАГ БОЛЛОО, АЖЛАА ХИЙЦГЭЭ

  Х.СУГАР


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.